Өнөөдөртөө "санал өгдөггүй" ч тэдний асуудал өнө хойчдоо хамгийн хор уршигтайгаар ирэх юм биш биз

Peak.mn
12 сарын 06, 2023

Хөдөөгийн буйдхан суманд эл хульхан нэгэн суурингийн гудамжаар хаа нэг автомашин, мотоциклийн дуу сонсогдохын сацуу сургуулийн хүүхдүүд инээд хөөр цалгиулж, яаран гүйлдэх нь цаанаа л нэг дурсамж дүүрэн атлаа тэдний дунд юу нь ч юм болохгүй байгаа дүр зураг анхаарал татав.

Хүүхдүүдийн яарсан, ямар нэгэн зүйлээс хоцорсон, хожимдсон өнгө бүхий хоорондын яриаг хэсэг ажиглан зогслоо. Тэдэн дундаас намуухан хоолойтой жижигхэн шар охины яриа анхаарал татлаа. 

Ажиглаваас “идэх юм алга байна ш дээ” яах уу? хэмээн хамт яваа охиддоо хэлж буй яриаг сонсвол хожимдсон мэдрэмж өгүүлсэн нүүрэнд нь илт. Түүний хажуу дахь охин:

-Пирошки идчихэе л дээ гэхэд: 

– Үгүй би хордлогонд орсноос хойш идэж чадахгүй байгаа гэх нь тэр. 

Тэрхэн зуур тэдний хажуугаар өнгөрч буй гурван эрэгтэй хүүхдийн нэг нэлээд хүрэн бордуу болсон гэмээр пирошки барин гурвуулаа түүнийгээ ээлжилж хазсаар сургуулийн хашаа руу гүйхээрээ шахам орж явлаа. 

Ээ халаг аа, нэг пирошкиг ийнхүү ам дамжуулан ээлжилж хазсаар дуусгаж буй дүр зураг. Хазахдаа заримдаа шууд бохир шахуу гараараа барьж байгаад л хазаж явах нь тэр. Сургуулийн нөхцөл байдлыг ажиглаваас өглөөнөөс хойш гараа угаагаагүй дүр зураг бүхий нөхцөл байдал. Сумын сургуульд юун гар угаалтаар тийнхүү элбэг байх билээ. 

Тэгээд ч гурвын завсарлагааны 15-хан минутанд гар угаах нь байтугай тухтай суугаад ганц пирошки ч идэх боломжгүй нь эндээс харагдана. Учир нь сургууль дотроо цайны газаргүй буюу зөвхөн бага ангийн хүүхдүүдийн үдийн цай бэлтгэлийн жижигхэн өрөөтэй аж. Үүнд нь нийтийн буюу дунд, ахлах ангийн хүүхдүүд бусад багш ажилтан хоол цай идэх боломжгүй. 

Мөн сургууль гаднаа 00-той учраас төвлөрсөн аруйн цэврийн өрөөгүй юм байна. 

Тэднийг ажиглан сургууль руу оров. Сургуулийн коридороор зөрөн өнгөрөх хүүхдүүд юунд ч юм яаран хөлхөлдөнө. Хичээл орчихлоо, багш оруулах болов уу гэсэн шивэр авир яриаг сонсон сургуулийн коридороор алхаж явлаа. 

Энэ бол Ховд аймгийн нэгэн сумын сургуулийн дотроо цайны газаргүй дүр зураг. Энэ дүр зураг манай улсын олонх сургуульд байна. Нэн ялангуяа сум, аймгуудад ердөө л ийм. 

Үдээс хойно 16 цагийн үед дахин сургууль орж товлосон ёсоор ахлах, дунд ангийн 20 гаруй хүүхэдтэй уулзав. Уулзалт эхлэснээс хойш хүүхдүүд орж гараад нэг л тогтворгүй. 

Бидний ажил бараг 1 цаг орчим болоод дуусах дөхөж эцэст нь тэдний саналыг чөлөөтэй авч эхлэх үеэр нэгэн хүүхэд ангийн хойд булангаас босч ирээд нүүрээ үл ялиг нуун, өөртөө итгэл муутайхан, ичингүйрсэн байдалтай “Бид нар өлсөж байна” гэв... 

Бусад хүүхдүүд нэгнээ аялдан дагаж шоолонгуй инээж буй ч цаанаа  зарим нь үнэн шүү гэсэн мэт харцтайгаар эргэлзэнгүй нэгэн рүүгээ харах. Аль өдөр л анхаарал татсан уг асуудлыг тэд яг цагаа олсон мэт дахин бататган хэлэх нь тэр. Бусад бүх сэдвээ түр хойш нь тавиад сургууль дээр хооллох тухай ярилцлаа. Бүх хүүхдийн анхаарал яг энэ асуудалд бол маш сайн төвлөрч, яриа хооронд үл мэдэг бодлогоширох үед ангид ялаа ч сонсогдохоор чимээгүй болж байв. Уг нь бид өөр ажлаар буюу хүүхдийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж тэдний санал бодлыг сонсох гэж очсон юм. Гэхдээ тэр бүхнээс илүүтэй хүүхдийн хоолны асуудал ийм хүнд байгааг тэд бүгд үг үйлдлээрээ баталж байлаа.

Тус сумын төвийн төв гудамж, сургуульд ойр байрлах цөөхөн хэдэн хүнсний дэлгүүр, гуанз, цайны газрын нөхцөл байдлыг бидэнтэй уулзсан хүүхдүүд ингэж онцлов. 

Өглөө 8 цагтай уралдан хичээлдээ ирэхийн тулд дунд ахлах ангийнхан ихэндээ 7 цагаас босч гэрээсээ гарахдаа төдийлөн өглөөний цай, хоол ундаа бэлдээд авч яваад байж чаддаггүйгээ хэлж байна. 

Бэлдээд аваад явлаа ч тэр олон хүүхэд дотор ганцаараа харуулж байгаад ангидаа идээд сууна гэдэг хүндрэлтэй асуудал. 

Уг нь сургууль дотроо юмуу сургуулийн хашаан дотор тусгай хямд өртөг бүхий эрүүл хоолтой цайны газар байдагсан бол хүүхдүүд түүнийг өөрсдийн мөнгөөр авч идээд байх боломжтой гэлээ.

 Хүүхдүүдийн дийлэнх нь өдөрд дунджаар 2000 орчим төгрөгтэй ирдэг бөгөөд түүгээрээ ундаа, пичень, пирошки гэх мэтийг голдуу авч иддэг байна. Өглөө 7 цагаас гэрээс гарах хүүхдүүд өдөрт ихэвчлэн 13 цаг өнгөрөөд гэртээ харих нь олонтаа аж. Тэр хооронд өлөм зөлөмхөн байх эсвэл шим тэжээлгүй амттан юухнаар гол зогоох, амнаас ам дамжуулан бохир гараар идэх нь эрүүл ахуй талаасаа олон сөрөг үр дагавар бий болохийг уншигч ахай нар тунгааж буй бизээ. 

Харин тус сургуулийн ойролцоо ширхэгийн хоол буюу пирошки голдуу хийдэг нэг л цайны газар байдаг бөгөөд дээрх дүр зураг ийнхүү дийлэнх өдрүүдэд үргэлжилдэг байна. Тус газрын гал тогоонд удаан хэрэглэсэн наранцэцэгийн тос, түүнд хайрсан харлаж, борлосон пирошкиноос өөр идэх зүйл хомс гэнэ. 

Түүнд тавих сумын холбогдох албан тушаалтнуудын хяналтгүй байдал, сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөллийн хүүхэд багачуудын хүнсний эрүүл ахуйд анхаарч, хянаж, түүнд тохирох арга хэмжээ авахгүй байгаа байдал нэг иймэрхүү өнгө аястайгаар хичээлийн жил, улирал, өдрүүдэд үргэлжилдэг тухай хүүхдүүдийн яриа сэтгэл эмзэглүүлэв. 

Тус уулзалтаас гараад багш нарын өрөө орохдоо сургуулийнх нь нөхцөл байдлын талаар хүүрнэх зуураа мөн л энэхүү дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хооллолт, сургуулийн ойролцоох дэлгүүр, гуанзны нөхцөл байдлын талаар лавлав: 

Тэд хэлэхдээ “-Тиймээ, үнээн, үнэн. Хүүхэд гэлтгүй багш, ажилчид бидэнд ч гэсэн үдийн завсарлагаа, хичээл ихтэй өдрүүдэд сургуулийн ойр орчимд хооллож ундлах асуудал үнэхээр хүндрэлтэй байдаг. Манай сургууль дотроо цайны газаргүй учраас бид хичээл ихтэй болон сургууль дээр ажил ихтэй үеүүдэд яалт ч үгүй ойролцоох дэлгүүрээс чихэрлэг голдуу, цардууллаг хүнс ихэвчлэн авч хэрэглэдэг. Ганцхан гуанз байдаг. Тэр нь бараг үдийн завсарлаанаар л хамаг пирошки нь гараад дуусч байгаа харагддаг” гэв. Ингэж явсаар багш нарын өрөө рүү ороод мөн л уг яриа үргэлжлэн багш нар уг асуудлыг шийдвэрлүүлэх юмсан гэсээр үлдэцгээв. 

Цаг нэлээд ч орой болсон байв. Сургуулийн хашаанаас гарч явах үед мотоцикльтой 50 орчим насны аав хүүхдээ хүлээж зогсоо бололтой “-Миний охин гарч ирэх болж байна уу. Аав нь гадаа хүлээж байна шүү” гэсээр утсаа тасалж харагдана. Өнөөх л асуудал толгойд эргэлдсээр. Үгүй нээрэн энэ нөхцөл байдалд эцэг эхчүүд ямар санаа бодолтой явдгийг тандахаар тэрхүү аавтай мэнд мэдээд асуудлыг ярилцахад тэрээр:

 “-Манай охин өглөө хар үүрээр шахуу л гэрээсээ гардаг. Цай ундаа өглөө хагас дутуу уугаад явна. Заримдаа яарч байна сургууль дээр эрт ажилтай гэсээр хоосон гараад гүйчихсэн байдаг. Өдөр их өлсдөг гээд хоёр, гурван мянган төгрөг аваад явдаг. Харин гэрээс хоол, унд бэлдэж явдаггүй шүү. Уг нь сургууль дээр нь цэвэрхэн цайны газар байдаг бол бид хүүхдүүддээ тав арван төгрөгийг нь өгч явуулаад өлийг нь тайлаад баймаар л санагддаг юм. Даанч тэр нь тэгээд болдоггүй юм байлгүй дээ” хэмээн санааширангуй ярих нь тэр. 

Ийнхүү сургуулийн хүүхдүүдийн дунд хийхээр зорин очсон өөр зорилготой ажлынхаа хүрээнд олж сонссон уг асуудлыг бодон бодсоор сургуулийн зарим багш, удирдлагуудад онцлон хэлэхэд төдийлөн ач холбогдол өгч цочроо авахгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй санагдсанаа ийнхүү тэрэлж сууна. 

Өнөөдөр эрүүл мэндээ зориослож, хоол тэжээлийн хомсдолд орж, чанаргүй хүнс хэрэглэж буй хүүхэд багачууд ирээдүйд эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгийн ачааллыг хэрхэн өсгөх бол.

Тэртээ тэргүй одоо ч эрүүл зүй бус хооллолтын улмаас үүдсэн хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл, элэг, ходоодны хорт хавдар, халдварт өвчлөлүүдийн эх үүсвэр эдгээр өдөр тутмын хэмнэлээс дийлэнх нь улбаатай байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Учир нь Монгол улс, тэр дундаа Ховд аймагт халдварт өвчний тэргүүн эгнээнд элэг, ходоодны өвчлөл зонхилж байна. 

Ингээд уг асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, БОЭТ-ийн дарга  Т.Баяртогтохоос уг асуудлыг шийдэх төсөв, төлөвлөгөө та бүхэн хэлэлцэв үү. Яг энэ янзаараа хүүхдүүд сургуулийн орчинд эрүүл бус хооллолттой, өдөр бүр шахуу хүүхдүүд ийнхүү удаан хугацаанд өл дарахгүй, өлсгөлөн явах нь эрүүл мэнд талаасаа ямар нөлөөтэй вэ гэдгийг тодруулав. 

Тэрээр “Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хувьд энэ маш их сөрөг үр дагавартай. Өглөөд өл дарахгүй байх, нэн ялангуяа оюуны ачаалалтай байх үед ходоодны хүчил маш ихээр ялгардаг учраас уг асуудал даамжирвал ходоодны шарх үүсэх, улмаар хүндэрвэл хавдарын эрсдэлүүд ч бий болно. Сургууль орчмын хүнсний дэлгүүр, гуанзнуудад анхаарах хэрэгтэй байна. Гэхээд эхлээд сургууль өөрөө дотооддоо эрүүл, стандарт шаардлагад нийцсэн цайны газартай байх хэрэгтэй. Гэтэл энэ асуудлыг тал талдаа шийдвэрлэж чадахгүй явсаар өдийг хүрлээ” гэв. 

Харамсалтай нь манай төрийн бодлого шийдвэр гаргах түвшинд ихэнхдээ УЛС ТӨРЧдийн шийдвэрээр л төсөв мөнгөө зарцуулж, бодлого, үйл ажиллагаагаа тэр хэмжээнд түлхүү явуулж байгаагийн нэг илрэл энэ. Учир нь *

Хүн гэдэг амьд бодгальд сурч боловсрох хэрэгцээ чухал ч гэлээ “өлсгөлөн” байх, өдөр бүр хоол тэжээлийн дутагдалд орж өлсөж буй мэдрэмж авах нь сурах, хөгжих идэвхийг төдийлөн буруулдаг болохыг хүнс тэжээлийн судлаачид онцолсон байдаг. 

Харин төрийн бодлого баригчид аливаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гэхээсээ илүүтэй иргэд олон нийтэд “таалагдах” тал засах арга барил руу ихэнхдээ төвлөрч байх шиг. Сонгогчдод таалагдах төдийхнөөр өнгөлөн далдалсан, нүд хуурсан бүтээн байгуулалтууд хийж сонгуулиас сонгуулийн хооронд бодлого шийдвэр нь хэмжигдэж ирсэн нь олон. 

Энэ мэт нийгмийн эрүүл мэнд, боловсролын салбарт дахь шийдвэрлэгдээгүй энэ мэт үр дагаваруудын учир утгын зангилааг олж, түүнд тохирсон арга хэмжээ авах бодлогыг хэрэгжүүлэх хүсэл эрх мэдэлтэн бүхий улс төрчдөд байна уу. Өнөөдөртөө санал өгдөггүй ч сурагчдын энэхүү хоол хүнсний хомсдолын асуудал өнө хойчид хамгийн хор уршигтайгаар ирвэл хэрхэх вэ. Учир нь сонгуульд санал өгдөг сонгогчдийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан буюу насанд хүрэгчид байдаг учраас ихэвчлэн  тэдэнд рүү чиглэсэн ажил, бүтээн байгуулалтууд хийгдэж ирсэн байдаг. Учир нь шинэхэн батлагдсан 2024 оны Ховд аймгийн орон нутгийн төсвийн төслийг сөхөн харвал ахлах, дунд ангийнханд сургуулийн орчинд буюу сургууль дээрээ хооллож, цайлах боломж хангахаар төсөл, төсөв, төлөвлөгөө даанч харагдсангүй. 


Сэтгүүлч Ж.Саруул 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.