УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс хэдий хэмжээний ус ашигласны төлбөр авч байгаа вэ? Хуулийн төсөлд тэдгээр аж ахуйн нэгжүүдээс авч буй ус ашигласны төлбөрийг 50-60 хувиар бууруулах зохицуулалт орсон байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү хэмээн тодруулсан.

Ажлын хэсгээс хариулснаар, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогод улсын хэмжээнд 46.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Үүнээс 42.9 тэрбум төгрөг нь уул уурхайн салбараас, 1.7 тэрбум төгрөг нь үйлдвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээнээс, 2 тэрбум төгрөг эрчим хүчний салбараас орж иржээ. 

Хэдийгээр ус ашигласны төлбөрийн хэмжээг бууруулсан харагдаж байгаа ч ус бохирдуулсны нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин байсныг 2-50 дахин буюу их бохирдол үүсгэдэг аж ахуйн нэгжүүдэд өндөр нөхөн төлбөр ногдуулахаар зохицуулсан гэсэн хариултыг өгсөн.

Өөрөөр хэлбэл, усыг бага бохирдуулж байгаа бол бага төлбөр төлнө, усыг стандартын хэмжээнд цэвэрлэж байгаа бол төлбөрөөс хөнгөлнө, усыг их бохирдуулж буй аж ахуйн нэгжийн нөхөн төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан гэлээ. Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.