Өрөвдөх, өөрөөр харах хэрэггүй

Peak.mn
12 сарын 03, 2023

Одоогоос гурван жилийн өмнө залуучуудад зориулсан нэгэн хөтөлбөрт тэнцэж, богино хугацааны сургалтад хамрагдах боломж олдсон юм.

Залуу үеийнхэнтэй учраа олохдоо тун тааруу миний хувьд олон эрч хүчтэй залуустай харилцаж, хэсэг хугацаанд хамт байна гэдэг бас том сорилт байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй залуу, салбар бүрийн манлайлагч, ижил хүйстний төлөөлөл гээд миний мэдэх нийгмийн бүх бүлэг нэг дор цугласан байлаа. 

Тэр дундаас төрөлхийн бие мах бодын саажилттай төрсөн хуульч охин “өөр” харагдаж байсан. Бие бялдрын хувьд мэдээж өөр ч үг яриаг нь ойлгоход чамгүй хүчин чармайлт шаардана. Баг болон хуваагдан хичээлд суух үед бид хоёр нэг ширээнд сууж таарна. Би тэр болгонд түүнд цай, кофе дөхүүлж аль болох тус дэм болох гэж хичээнэ. 

Хичээл дууссан оройн цагаар юм ярьж суунгаа алкохол хэрэглэх үед түүнд би бусдаас илүү санаа тавина. Царайлаг цоглог бас ганган хээнцэр тэр охинд яагаад ч юм хэн нэгний тусламж хэрэгтэй санагдаж, өрөвдөх сэтгэлээр хандаж байсан нь миний буруу байсныг сүүлд ойлгосон юм. 

Нэг өдөр тэр охин надаас аминчлан нэг зүйлийг хүссэн нь таны тусч сэтгэлд талархаж байгаа ч намайг зүгээр л бусад хүүхэдтэй адилхан гэж харж, хандаж байхыг хүссэн юм. Учир нь намайг бусдаас өөр гэж хараад өрөвдөх тоолонд чинь би өөр, өрөвдөлтэй хүн болоод байна гэж билээ. 

Би харагдах байдлын хувьд магадгүй өөр байж болох ч оюун санааны хувьд бусдаас дутах зүйл байхгүй. Та намайг бусадтай адил шоолмоор байвал шоолж, шүүмжилмээр байвал шүүмжилж, магтмаар байвал бодитоор магтаж байвал надад өөр хүсэх зүйл байхгүй. Хэрвээ надад таны тусламж хэрэгтэй бол би өөрөө танд хандая, бусад тохиолдолд та намайг үл ойшоож болно гэв. Энэ үг надад хүнийг өөрөөр харах шинэ “цонхыг” нээсэн үйл явдал болж билээ. 

Тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харах миний хандлага өөрчлөгдсөн юм. 

Ийм хандлагыг суулгах гэж л нэг дор биднийг цуглуулсан болов уу. Хуульч мэргэжилтэй мундаг тэр бүсгүй одоо гадаадад сурахаар явж буй. Ажил албандаа хариуцлагатай нэр хүндтэй түүнийг нээрээ л өөрөөр харах ямар ч шалтгаан байхгүй юм билээ. 

Бидний хэлж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн том даваа энэ юм билээ.

Ажил хөдөлмөр эрхлэх, нийгэмд ижил тэгш оролцоотой байхад бусад тэднийг өөр гэж хардагт л гол бэрхшээл оршино. Тэднийг бусдаас дээр эсвэл доор ч үзэх шаардлагагүй, зүгээр л хүн гэж хүлээж авахад л бүх зүйл шийдэгдэх юм шиг санагдах болсон. 

Ажлын газар, сургууль, таны эргэн тойронд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол таны мөрдөх ганц л дүрэм энэ. Албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүрэг хүлээдэг ч биелүүлдэг нь ховор. 

Магадгүй тэр хуучин над шиг тэднийг өөр гэж харсаар буй. Итгэл найдвар, үүрэг хариуцлага ногдуулбал хамгийн хариуцлагатай, хичээнгүй байх нь гарцаагүй. Харин бид харах өнцгөө л өөрчилье. 


Б.ЗАЯА

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.