Өнөө цагийн соёлт хүмүүс эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэн тэргүүнд тавьж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хандлагатай болсон. Гэтэл Монголчуудын хувьд энэ нь хангалттай түвшинд хүрээгүй. Амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт зэргээс улбаалан суурь өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх орны тоонд ордог. Иймд эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө арчилж тордож байх нь хүн бүрийн хамгийн чухал асуудал юм. 


Тиймээс бид энэ удаа доктор, профессор Н.Одонгуагийн орчуулан гаргасан “Ухаалаг ходоод” номыг онцлон хүргэж байна.

Энэхүү номонд орчин цагийн анагаах ухааны хамгийн их анхаарч буй сэдэв болох МИКРОБИОТ /гэдсэнд орших бактери, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүдийн олонлог/-ын тухай, энэ нь физиологийн талаарх тогтсон ойлголтод эргэлт хийж, улмаар эрүүл мэндийг дэмжих болон өвчин эмгэгтэй тэмцэх цоо шинэ арга замуудыг судлахад томоохон хөшүүрэг болж буй талаар өгүүлэх юм.

Микробиот гэж юу вэ, бидний дотор хэрхэн оршин тогтнож, юугаар хооллодог вэ, пробиотик бэлдмэл хэрэглэх ёстой юу, ямар нь хамгийн үр дүнтэй вэ зэрэг олон асуултын хариултыг "Ухаалаг ходоод" ном танд өгнө.

Номын тухай

Тус ном нь нийт 8 бүлэгтэй ба бүлэг бүр дэд сэдвүүдийн хүрээнд жишээ тайлбартай байгаа нь танд цэгцтэй ойлголтыг өгнө.

Хүний биед нийтдээ 100 триллион ашигтай бактери байдаг ба эдгээр нь хүний биеийн эсээс 3-4 дахин олон тоо юм. Тэдгээр нь дотроо бүтэц, үүрэг үйл ажиллагааны хувьд ялгаатай. Гэдэсний салст бүрхүүлд дархлааны эсүүд болон ашигтай бактери хоршин амьдардаг байна. Харшил, таргалалт, дархлаа гээд эрүүл байх суурь нь гэдэсний бичил орчин хэвийн байхаас шалтгаалдаг аж. Бичил биетний тоо их, төрөл олон байх тусам хүний эрүүл мэндэд ашигтай гэнэ.  

Эхийн хэвлийгээс мэндэлсэн тэр цагаас та бичил биеттэй насан туршдаа харилцан амьдардаг. Далайд арал шинээр үүссэн даруйд олон төрлийн ургамал, амьтдаар дүүрдэгтэй адил хорвоод мэндэлсэн бие махбодийг бичил биет эзэлж эхэлдэг байна. Хүн эхээс мэндлэхдээ өөрт хэрэгтэй микробиотуудыг эхийн үтрээгээс авдаг аж. 

Харин хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхэд байгалийн жамаар төрөх замаас өөрөөр бактерийг хүлээж авдаг тул эрүүл мэндийн хувьд жаахан сул байх тал ажиглагддаг байна. Мөн хүүхэд эхийн сүүнээс өөрт ашигтай бактерийг авдаг. Энэ нь хүүхдийн насан туршийн дархлааны эх үүсвэр, юугаар ч орлуулашгүй шим тэжээл болдог байна.

Антибиотикийн ач тусаар өвчин үүсгэгч бактерийг устгаж, олон хүний амь аврагдаж, улмаар маш ихээр хэрэглэдэг болсон. Гэтэл энэ нь хүний ашигтай бактерийг давхар устгахаас гадна микробиотын төрөл зүйл буурах, далд гэмтээх нөлөө үзүүлж, дархлааны тогтолцоог өөрчилдөг байна. Тиймээс антибиотикийг шаардлагатай үед л хэрэглэхийг зөвлөх болсон. 

Мөн антибиотик хэрэглээнд хүний биеийн жин нэмэгдэж байдаг ба хэдий бага насанд хэрэглэсэн байна төдий хэрээр таргалалт илүү байгаа нь ажиглагдаж байжээ.

Зохиогч номоо бичихдээ өөрийн амьдарлын туршлага дээр үндэлсэн хүүхдүүдээ өсгөхөд тулгарсан асуудлууд, тэдгээрийг шийдэж байсан гарц гаргалгаа зэргийг дэлгэрэнгүй өгүүлж, дэвшүүлж буй санаа болгон дээр бодит жишээ татаж байгаа нь уншигчдад илүү ойрхон буух болно. Мөн микробиотоо дэмжих, тэднийг тэжээх хоолны жорыг давхар хавсаргасан нь сонирхолтой байна.


Номоос онцлох эшлэлүүд

- Хавдар, чихрийн шижин, харшил багтраа, аутизм болон хоол боловсруулах замын үрэвсэлт өвчин зэргийн тархалтын шалтгаан, нууцыг тайлах гэсэн эрдэмтдийн эрлийн үзүүрт эдгээр өвчин, эрүүл мэндийн бусад олон асуудал үүсэхэд микробиот чухал үүрэгтэй нь тодорхой болж байна.

- Бичил биетүүд хоол боловсруулах замд боловсордоггүй хүнсний эслэгийг химийн урвалаар задалж бүдүүн гэдсэнд шимэгдэхүйц бодис болгон хувиргадаг чухал үүрэгтэй. 

- Микробиотын ялгаруулдаг зарим нэг химийн бодис тархи-гэдэсний холбоосоор дамжиж бидний мэдрэлийн тогтолцоотой шууд холбогддог.

- Хүн бүрийн микробиот нь хурууны хээ шиг дахин давтагдашгүй байдаг учраас тухайн хүний өвчинд өртөмтгий байдал ялгаатай.

- Бид хэзээ ч бактерийн дутагдалд ордоггүй ч гэдэсний бактери ховордож, устаж буй биологийн төрөл зүйлд ороод байна.

- Тухайн хүний өдөр тутмын хоолонд багтдаггүй хоол иддэг бактериуд нь ялгаварлагдаж амьд үлдэхийн тулд нарийн гэдэсний салсаар хооллох эсвэл устаж үгүй болдог.

- Пробиотик бактери нь бидний биед удаан хугацаагаар оршин суух боломжгүй бөгөөд ходоод гэдсэнд түр оршин суугч юм.

- Туранхай болон хэвийн жинтэй хүмүүс тарган хүмүүсийг бодвол илүү олон төрөл зүйлийн микробиоттой байдаг.

- Нэмэлт хоолонд орсон хүүхдэд антибиотик эмчилгээ хийх шаардлагатай болбол пробиотик хүнсний нэмэлт, тараг болон бусад исгэлэн хүнс нярайд өгөх талаар эмчлэгч эмчтэй зөвлөх нь зүйтэйг анхаараарай.

- Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 38 грамм, эмэгтэй хүн 29 грамм эслэгийг хэрэглэх шаардлагатай.

- Газар нутгийн байршил, түүндээ дасан зохицсон, дахин давтагдашгүй хувь хүний микробиот нь тухайн бодгалийн генээс хамаардаг. 

- Бид микробиотын орчиноо дээшлүүлснээр өөрсдийн анхаарал төвлөрөлт, санах ойгоо ч гэсэн хөгжүүлэх боломжтой. Орчин үед микробиотдоо хувьсгал хийснээр урт наслах боломжтой.


Эрүүл амьдарлын хэв маягийг эрэлхийлэгч хэн бүхэнд энэхүү номыг санал болгож байна. Өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хайрлахын хамгийн эхний зөв алхам бол эрүүл мэндэд нь анхаарах юм.