Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, санхүүгийн зуучлагчдын чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, дахин сургах ажлыг төр, олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурлах зарчмыг баримтлан чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 15-26-нд үнэт цаасны зуучлалын болон хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх олгох, аттестатчилах сургалт явагдах гэж байна. 

Бүртгэлийг сургалт эхлэхийн өмнөх өдөр буюу 14-нийг хүртэл явуулах аж. Сургалтад үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр тус зах зээл дээр ажил үйлчилгээ явуулах эрх нь дууссан болон сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийг хамруулах бөгөөд МҮЦАЭХ-ны мэдээлж буйгаар сургалтад хамрагдах шаардлагатай 200 орчим хүн байна.

Дээр дурдсан хамтран ажиллах гэрээний дагуу Хороо сургалтын хөтөлбөрийг батлах бөгөөд сургалт зохих түвшинд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гарган, шаардлагатай тохиолдолд МҮЦАЭХ-нд үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллах юм. Мөн эрх олгох сургалтад хамрагдсан суралцагчаас шалгалт авах, шалгалтын дүнг мэдээлэх ажлыг Хороо зохион байгуулна.