Манай сайт 5-6 дугаар сард ажил мэргэжлийн сонголт сэдвийг онцолж байна. Энэ хүрээнд эцэг эхчүүд, амьдралын нэгэн чухал алхмаа хийх гэж буй хүүхэд залуустаа зориулж, багц мэдээлэл хүргэх “Үнэ цэнтэй мэргэжил, үнэлэгдсэн мэргэжилтэн” зорилтот төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүдтэй мэргэжлээ хэрхэн сонгосон талаар болон ажлын зарчим үнэт зүйл, эрэлт үнэлэмж, ирээдүй боломжийн талаар сонирхолтой хэлбэрээр ярилцана.  



Энэ удаа эрүүл мэндийн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл болох  бөөрний эмч, мэс засалч , хүүхдийн эмч нарыг урилаа.

Н.Сувдаа: Өндөр тэмүүлж, өөрийг чинь үгүйсгэж буй сөрөг хандлагыг үл тоогоорой



Намайг Н.Сувд гэдэг. Би АШУҮИС-ийг төгсөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилласан. Дараа нь 2006 онд АНУ-ын Харвардын их сургуульд нийгмийн эрүүл мэндийн магистр, 2013 онд Японы Тохокү их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо УНТЭ-ийн Бөөрний төвд их эмчээр ажиллаж байна. Үндсэн ажлынхаа хажуугаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад төслүүдэд ажилладаг.

Сонголт & Шалтгаан: Гэр бүлийн хэн нэгэн нь эмч болсон дээр гэж аав ээжийнхээ зөвлөсний дагуу эмчийн мэргэжлийг сонгочихсон. АШУҮИС-иа төгсөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нэлээн хэдэн жил ажиллаад Харвардын их сургуульд суралцахаар явсан. Тэнд Харвардын их сургуулийн харьяа сургуульд судлаачаар ажиллахдаа л эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдгийг бүрэн ойлгож, эргэлт буцалтгүйгээр эмчийн мэргэжилдээ дурласан. Сүүлд хүсэл сонирхлоо таньж, түүндээ хамаг сэтгэл зүрхээ өгсөн хүн дээ. /инээв/.

Анх АНУ-д очоод ямар ч анагаахын мэргэжлийн ном, зохиогч мэдэхгүй өөрөөсөө маш их ичиж билээ. Тэгэхэд бидний хөгжил муу гээд байдаг африкийн эмч нар АНУ/дэлхий-д шалгарсан анагаахын номноос суралцдаг/мэддэг, англиар мэргэжлийн номоо чөлөөтэй ойлгож байсан. Иймээс залуустаа хэл сур, аль болох том мөрөөд, өндөр дүүлэн нис гэж хэлэх дуртай. Өндөр тэмүүлж байхдаа өөрийг чинь үгүйсгэж буй сөрөг хандлагыг үл тоогоорой. Тэр хэрээрээ сонголт, амьдралын зам мөр өөрчлөгдөн тэлдэг. 


Бахархал & Эрсдэл: Өвчиндөө зовж шаналж байсан хүн эдгээд хөл дээрээ зогсчихсон инээгээд “баярлалаа” гэж хэлэхийг сонсох тэр азжаргалтай, сайхан мэдрэмжийг энгийн хүн төсөөлөхгүй, эмч нар л мэднэ дээ. 

Эмч хүний хувийн амьдрал бараг золиос байдаг.  Цаг наргүй шахам ажиллана, ээлжинд гарна, хоолоо ч идэж амжихгүй үе зөндөө. Миний хувьд ар гэр маань тусалж дэмжсэн тулдаа Харвардын их сургуулийн босгыг давж, амжилттай суралцан энэ мэргэжлээрээ ажиллаж яваа гэж боддог. Энэ бол насан туршдаа суралцах мэргэжил, тиймээс ар гэрийн дэмжлэг маш чухал.


Зарчим & Үнэт зүйл: Өөрт ногдсон үүргээ цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг зарчимтай. Цаг хугацаа бол дуусдаг, маш бага нөөц. Тиймээс бага цагт үр дүнтэй ажиллах хамгийн чухал. Хэзээ ч ажлаасаа хоцорч үзээгүй, хийсэн хэлсэндээ эзэн болж чаддаг ааваасаа үүнийг сурсан гэж боддог.

Миний ажил мэргэжлийн үнэт зүйл сайхан сэтгэл гэж боддог. Өөрөөсөө давж бусдад туслах нь хүн болсны утга учир юм. Эмнэлэг дамжаад ядарчихсан, цөхрөнгөө барчихсан хүмүүсийг хараад асуудлыг нь шийдээд өгчих юм сан гэж хардаг. Би хувь эмч хүнийхээ хувьд цөөхөн хүнд тусалж чадна. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх ажилд оролцдог.


Эрэлт& Үнэлэмж: Өндөр боловсролтой, хэлний мэдлэгтэй, ур чадвартай эмчийг сургаад авах хүсэлтэй байгууллага олон. Хиймэл оюун ухаан, роботууд өндөр түвшинд хөгжлөө ч хүнтэй харилцаж, хүнийг энэрдэг эмч, сувилагчийн ажлын байр хэзээ ч хуучирч, үнэ цэнээ алдахгүй.

Манай АШУҮИС-ийг төгссөн эмч мэргэжилтнүүд дэлхийн хаана ч ажиллах эрхтэй байдаг. АНУ, Канад, Европт ажилладаг монгол эмч нар ч зөндөө. Гол нь хэлний өндөр чадвар эзэмшсэн байх шаардлагатай.

Нэг үеэ бодвол Монголд эмчийн цалин өсөж байна. Саяхан гэхэд резидент эмчид цалин өгдөг болсон. Монголд арын хаалгатай хүн л ажилд ордог, өндөр цалин авдаг гэсэн яриа бий. Үнэндээ тийм биш шүү. Би гэхэд Америкаас ирээд эмнэлгүүдэд CV-гээ өгч, тандаж үзэж байлаа. Тухайн үед УНТЭ-ийн ерөнхий захирал, дэд профессор Б.Бямбадоржтой уулзахад шууд тушаал гаргаад ажилд авсныг мартдаггүй. Үнэлэмж, цалин хөлсийг арын хаалга бус таны мэргэжлийн ур чадвар тодорхойлно.


Ирээдүй & Боломж: Нэгэнт анагаахын аль нэгэн чиглэлээр шийдсэн бол зөвхөн тухайн ажил мэргэжилдээ бүү хязгаарлагдаарай. Жишээ нь би нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажил хийдэг. Сая гэхэд Жайкагийн төсөл дээр өндөр настны тусламж үйлчилгээ төсөл дээр ажилласан. Одоо глобал сангийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байна. Анагаах дотроо маш олон төрөл чиглэл байдаг гэдгийг мартаж болохгүй.

Цалингийн хувьд мэс заслын эмч, мөн гоо сайхны мэс заслын эмч хамгийн өндөрт эрэмбэлэгддэг.

Яг одоо мэргэжлээ сонгох гэж байгаа эсвэл эргэлзэж тээнэгэлзэж байгаа бол зөвлөгөө сайн аваарай. Тухайлбал өөрийн чинь давуу талыг мэдэх гэр бүл, ойр дотны хүмүүсээс зөвлөгөө ав. Ажил мэргэжлийнхээ чиглэлийн ажлын байр дээр нь очоод сайн дурын ажил хийнгээ мэргэжилтэйгээ танилц. 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүд ирээд дагалдан хийгээд зөвлөгөө авч болно.


Заавал эзэмшсэн байх ёстой ур чадвар:

Залуустаа хүсэл сонирхлоо таних оролдлоготой, сониуч зантай, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэдэг байгаарай гэж зөвлөнө.

Тууштай байх чадвар: Маш олон жилийн турш сурч судалдаг ажил учраас зорилготой, тууштай байх ёстой.

Сурах эрмэлзэл, сониуч зан: Эмч хүн түгээмэл өвчнөөс гадна маш олон өвчнийг судлах үүрэгтэй. Сониуч хүн аливааг уншиж судалдаг, тэр хэрээрээ хурдан суралцдаг.

Хүнтэй харилцах чадвар: Энэ чадвар маш чухал. Магадгүй та бусадтай харилцахдаа тааруухан бол анагаах дотроо өөр төрлийн мэргэжил сонгож болно. Жишээ нь дүрс оношлогооны эмч, судлаач гм.

Өөрийгөө тань: Эмч болмоор байвч цуснаас айдаг юм биш биз? Тэр айдас тань түр зуурынх уу эсвэл жинхэнэ мэдрэмж эсэхийг таньж мэд. Магадгүй цуснаас айдаг гэдгээ мэдсэн, зургийн авьяастай дүрс оношилгооны эмчээр ажиллахад л цаашаа маш олон төрөлждөг.


Цахим хаяг: Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг



Э.Дөлгөөн: Эмч хүн сэтгэлийн асар их тэнхээтэй байх ёстой


Намайг Э.Дөлгөөн гэдэг. 2010 онд АШУҮИС-ийг хүний их эмчээр төгссөн. 2010-2012 оны хооронд мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр мэргэжил дээшлүүлсэн. Төгссөн цагаасаа хойш ХСҮТ-д элэг, цөс, нойр булчирхайн ахлах зэргийн мэс заслын эмчээр ажиллаж байна.

Сонголт & Шалтгаан: Манайхан бүгд эмч хүмүүс. Эмээ өвөө, ээж аав маань удам дамжсан мэргэжилтнүүд. Аавыгаа дагаад ХСҮТ-д очиж, эмнэлгийн плат дагаж явдаг хүүхэд байлаа. Гэр бүлийнхээ нөлөөгөөр эмч болох шийдвэр гаргасан. Анхнаасаа эмч мэргэжлээр суралцахаар шийдчихсэн тул хими, биологийнхоо хичээлд илүү анхаарч, давтлага авдаг байлаа.

Миний амьдралын бүхий л хэсэг энэ мэргэжилтэй салшгүй холбоотой. Эхнэр маань ч гэсэн эмч. Хоёр талаасаа гурван үеийн эмч нар байдаг.


Бахархал & Эрсдэл: Мэргэжлийн маань гол бахархал “Баярлалаа, бие маань дээрдлээ” гэж хэлээд эмнэлгээс гарч байгаа хүмүүсийг харах. Өвчтөн эдгээд гарч байна гэдэг бидний ажил хэр үр дүнтэй болсны илрэл.  Мэс бариад хүний гэдсийг нээдэг миний энэ ажил маш өндөр эрсдэлтэй, чанга хариуцлага шаарддаг. Бага их хэмжээгээр ямар нэгэн байдлаар хүндрэлгүй хагалгаа гэж ховор.

Мэс заслын эмч гэлтгүй бүхий л эмнэлгийн ажилтнууд маш их цагийг эмнэлэгт өнгөрөөдөг. Резидент эмч нар гэхэд биднийг ирэхээс өмнө ажилдаа ирнэ, жижүүрт гарна гээд бараг л хувийн амьдралаа мартах шахуу ажилладаг.

Мэс заслын эмчид гэнэтийн дуудлага байнга гарч, шөнө, орой хэзээ ч хагалгаанд дуудагдана. Хүндрэлийн зэргээс хамаараад 1-2 цаг эсвэл бүр 10 цаг үргэлжилсэн хүнд хагалгаа ч бий.  Мэс засалчийн ажил нэг зүйлдээ хэт төвлөрөхийг шаарддаг учраас заримдаа бие засах ч цаг гардаггүй. 


Зарчим & Үнэт зүйл: Мэс засал гэдэг тэр чигээрээ хамтын ажиллагаа. Унтуулгын баг, сувилагч, туслах, хагалгааны туслах, ариутгалын баг гээд бүгд өөрийн үүрэгтэй. 

Тухайлбал элэгний хорт хавдар хожуу оношлогддог учраас элэг задрах эрсдэл өндөр. Элэг задарснаас болж хэвлийгээр цус алдах аюултай. Энэ үед эмч маш хурдан, оновчтой шийдвэр гаргаж, богино хугацаанд эмчилгээ эхлүүлдэг. Эмчийн хувьд зөв оношилж, цаг алдалгүй эмчилгээ эхлүүлэх зарчмыг ажилдаа баримталдаг. 

Хүний амьдрал янз бүр. Тэр дундаас боломж тааруухан, ядарсан нэгэнд нь илүү тусалчих юмсан гэж боддог. Яагаад гэвэл тэдэнд боломж хомс шүү дээ. Танил талаараа яриулаад, давуу эрх эдэлдэг хүмүүст дургүй. Эрүүл мэнддээ санаа зоволгүй л яахав, гэхдээ ажил гэдэг ном, журмын дагуу явах ёстой. 


Зөвхөн манай тасгийн хагалгааны төлөвлөгөө гэхэд л 7 дугаар сар хүртэл дүүрчихсэн.  Бид өвчин нь хүндэрчихсэн хүмүүстээ л түрүүлж мэс засал хийнэ.

Эмч хүн сэтгэлийн асар их тэнхээтэй байх ёстой гэж боддог. Өвчтөнөө алдах тэр мэдрэмж үнэхээр харуусалтай. Тэр бүхэнд сэтгэлээр унаад, өөрийгөө буруутгаад байвал ажлаасаа мохож, дараагийн хагалгаагаа хийх сэтгэлийн тэнхээ, зориггүй болдог. 


Эрэлт & үнэлэмж: Эмчийн мэргэжил бол хэзээ ч устаж алга болохгүй.  Манай улс л төдийлөн сайн үнэлж чадахгүй байгаа болохоос биш дэлхийн бусад улс орнуудад хамгийн өндөр үнэлгээтэй ажил шүү дээ. Цар тахлын үед ч илүү дайчлагдан ажиллаж байгаа хүмүүс эмч нар байна. 

Хавдрын хагалгааны тоо жилээс жилд өсөж байна. Өнгөрсөн жил гэхэд манай тасаг 800 гаруй хагалгаа хийжээ. Яг миний гардаж хийсэн хагалгаа жилдээ 150 гаруй байдаг. 

Нэг үеэ бодвол урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо сайжирсан. Гэхдээ л алслагдсан аймаг, сумдын иргэд хожуу оношлогддог. Жил ирэх тусам л эмч нарын орон тоо ч гэсэн нэмэгдэж байна. Мэргэжлээсээ гадна сүүлийн үед фитнесээр хичээллэж байна. Ямар ч ажил, мэргэжилтэй байсан ч гэсэн давхар хөгжүүлээд явах сонирхол, хоббитой байх хэрэгтэй гэж боддог. 

Эмч мэргэжлээр суралцахаар зорьж буй дүү нартаа нэгдүгээр, энэ мэргэжилд үнэхээр дуртай эсэхээ таньж мэдээрэй гэж зөвлөе. Хоёрдугаарт, суралцахаас төвөгшөөдөггүй, мэдлэг мэдээлэл олж авах чин хүсэлтэй байх хэрэгтэй.  Энэ мэргэжилдээ дуртай хүмүүс л амжилттай ажилладаг.

Ирээдүй & Боломж: Манай мэргэжилд туршлага гэдэг зүйл маш үнэ цэнтэй байдаг. Туршлага дээрээ тулгуурлаж зөв оношилгоо хийнэ. Манай залуу эмч нарын давуу тал нь хэлний мэдлэг сайтай учраас хүссэн бүх ном, товхимол, мэдээллээ цаг алдалгүй хайгаад олж мэдэж байна.

Манай мэргэжлийн онцлог бол тасралтгүй суралцах. Зөвхөн дотооддоо ч биш гадны улс орнуудаас туршлага судалдаг. Ойрын хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэн онлайнаар сургалтад хамрагдаж байна.

Мэдээж энэ бол цаг наргүй, өндөр хариуцлага шаарддаг мэргэжил. Гэхдээ л хэрвээ үнэхээр ажилдаа хайртай бол энэ салбараас хэзээ ч гарч чадахгүй. Би л гэхэд хагалгаа хийхгүй удчихаараа ганц хагалгаа хийчих юмсан гэж боддог. 


Цахим хаяг: Хавдар Судлалын Үндэсний төв


Т.Мөнхбат: Хүмүүст туслах чин сэтгэлтэй хүн л эмч болж чадна

Намайг Т.Мөнхбат гэдэг. Анагаах ухааны магистрын зэрэгтэй, хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах эмчээр мэргэшсэн. “Гурван гал” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилладаг.  

Сонголт & Шалтгаан: Эмч аав ээжийгээ дагаж   багаасаа л эмнэлэг дээр очдог байлаа.  Эмч байхын сайхныг, хэцүүг нь мэдэх учраас мэргэжлээ сонгохдоо эргэлзээгүй.

АШУИС-д орсон эхний өдөр багш “Яагаад эмч мэргэжлийг сонгосон бэ? гэж асуусан юм. Би  шууд л хүнд тусалдаг учраас гэж хариулж билээ. Хажууд суусан хүүхэд “Ирээдүйд цалин өндөр болно” гэхийг сонсоод гайхсан.

Би хүүхэд залуусыг эмч болоорой гэж уриалахгүй. Учир нь энэ бол амаргүй сонголт. Баргийн хүн энэ мэргэжлээр ажиллаж, амьдарч чадахгүй. Хүмүүст туслах чин сэтгэл, үзэл хандлагатай байж л эмч болж чадна. Тэгэхээр эхлээд насан туршдаа хүнд тус болж амьдрах уу эсвэл өөрийнхөө төлөө эд мөнгөөр дутахааргүй боломжийн амьдрах уу гэдгийг шийдсэн хойно мэргэжлээ сонгох хэрэгтэй. Тулгуур үзэл санаа, өөрийн жанжин шугамаа олж байж сонголтоо хийгээрэй гэж захья.


Бахархал & Эрсдэл: Хаана нь өвдөж байгаагаа ч хэлж чадахгүй уйлж ирсэн хүүхэд эдгэрч, инээмсэглээд гарна гэдэг сайхан зүйл. Хүүхдээ эдгэрсэнд баярлах ээж аавын хайр хүндлэлээс үргэлж урам авдаг. 

Эмч хүний туйлын зорилго нь хүний амь насыг аврах нь шүү дээ. Хэн нэгэн нас барах байсныг мэргэжлийнхээ ачаар аварвал эмч болсныхоо хэргээ гаргаж байгаа нь тэр.

Мэргэжлээрээ 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би таван удаа тулсан, хүнд нөхцөлд хүний амийг аварч чадсан. Тэднийгээ харахаар ажлынхаа үнэ цэнийг ойлгож, урам бахархал төрдөг. Жишээ нь төрөнгүүтээ зүрх нь зогссон нярайд сэхээн амьдруулалт хийж аварч чадсан тохиолдол бий. Одоо тэр хүү зургаан настай эрүүл торниж байгаа. Харах бүрдээ л энэ мэргэжлийг сонгосондоо өөрөөрөө бахархана шүү дээ.(инээв)

Эмч байх хэцүү. Оюутан болсноосоо хойш олон ч бэрхшээлтэй тулгарч, туулсаар явна. Үеийнхэн аль хэдийн төгсөөд ажил хийж, гэр бүл зохиож байхад бид сурсаар л байсан. Найман жил суралцаад 600 мянган төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлнэ. Эмч болно гэдэг ажлаа бүх зүйлийн түрүүнд тавиад зогсохгүй, амьдралаа, зүрх сэтгэлээ зориулж чадах хүний л хийх ажил. 

Хүнд туслахын тулд сонгоогүй л бол хэзээ ч энэ мэргэжлийн эзэн болж чадахгүй. Бусдын хэцүү үеийг ашиглан шаардлагагүй шинжилгээ хийх, хэрэггүй эм бичиж өгөх гээд ашиг хонжоо хайсан хүний гол төдий л болно шүү дээ.


Зарчим & Үнэт зүйл: Мэргэжил маань насан туршдаа суралцаж, тасралтгүй шинийг эрэлхийлэхийг шаарддаг. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө байнга хөгжүүлэх нь миний ажилдаа баримталдаг үндсэн зарчим. Сэтгэл оюунаа цэгцэлж, улам тэлэхийн тулд хэчнээн ажилтай байсан ч сардаа нэг шинэ ном заавал уншдаг. Зэрэг олон ном эхлүүлээд нэг минут ч хамаагүй зав олдвол л уншихыг эрмэлзэж ирсэн.

Бусдын алдааг хайдаг өөнтөгч нэгэн биш үр дүнтэй ажилладаг, бүтээгч байхыг хамгийн чухал чадвар гэж боддог. Ямар ч хүнтэй зөв харьцдаг, эв зүйтэйгээр ойлголцож байж л эерэг үр дүн гарна. Наад зах нь л өвчтөндөө өвчнийх нь нөхцөл байдлыг энгийнээр тайлбарлаж ойлгуулчихдаг, хэцүү үед сэтгэл санааг нь өргөж, тайвшруулах хэрэгтэй шүү дээ. 


Эрэлт & үнэлэмж: Би ямар ч салбарт чадварлаг мэргэжилтэн дутагддаг гэж боддог. Хүн өөрөө л ажил мэргэжилдээ эзэн болж чаддаг, сэтгэл зүрхээ зориулдаг л бол ажиллах газар хаана ч олдоно. Тэгэхээр ийм мэргэжилтэй хүмүүс ихэссэн эсвэл дутагдаж байна гэж бодолгүйгээр өөрийгөө чадваржуулаарай гэж зөвлөе. 

Хүүхдийн эмч хамгийн чухал, бас сайхан ажил мөн боловч хамгийн бага цалинтай нь гэдгийг хэлэх ёстой.  


Ирээдүй & Боломж: Ер нь боломжийг хүн өөрөө л бүтээдэг. Анагаах ухааны салбарыг сонговол суурь хичээлүүддээ сайн байх ёстой. Бас гадаад хэл сурч байж л өөр олон боломжийн хаалгыг нээнэ.  Англи, хятад, герман хэл сурсан байхад дэлхийн томоохон сургуульд сурах, эмнэлэгт ажиллах бүрэн боломжтой.

Тухайлбал Хятадын засгийн газраас анагаах ухааны салбарт зориулж гаргасан тэтгэлэг маш олон байдаг. Суурь хичээлдээ маш сайн байвал хэлний чадварыг чухалчилдаггүй. Гэсэн хэдий ч улсад нь очиж суралцахын тулд заавал хэлний бэлтгэлд цаг зарцуулна. Хэл сур гээд байгаагийн шалтгаан ердөө л энэ. 

Монгол залуус маань гадаадад ажиллаж, их зүйл сурч мэдэх тусам анагаах ухааны салбар хөгжиж дэвшинэ. Улсын хөгжил дэвшлийг ч бид өөрсдөө л бүтээхээс биш өөр улсын хэн хийж өгөхгүй шүү дээ. Тиймээс хүн бүр хувьдаа хичээж өөрийгөө сайжруулах хэрэгтэй гэж боддог.


Цахим хаяг: Гурван гал эмнэлэг