Манай сайт 5-6 дугаар сард ажил мэргэжлийн сонголт сэдвийг онцолж байна. Энэ хүрээнд эцэг эхчүүд, амьдралын нэгэн чухал алхмаа хийх гэж буй хүүхэд залуустаа зориулж, багц мэдээлэл хүргэх “Үнэ цэнтэй мэргэжил, үнэлэгдсэн мэргэжилтэн” зорилтот төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүдтэй мэргэжлээ хэрхэн сонгосон талаар болон ажлын зарчим үнэт зүйл, эрэлт үнэлэмж, ирээдүй боломжийн талаар сонирхолтой хэлбэрээр ярилцана.  

Энэ удаа байгалийн шинжлэх ухаан, био анагаах ухааны салбарын шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл болох үүдэл эс судлаач, физикч, тархвар судлаач нарыг урилаа.


Б.Хонгорзул: Үүдэл эс судлал бол генетекийн гайхамшиг


Намайг Б.Хонгорзул гэдэг.  Судлаач, үүдэл эсийн мэргэжилтэн. Японы Жичи Анагаахын их сургуульд өнчин тархины үүдэл эсийн судлалаар докторын зэрэг хамгаалсан. АШУҮИС-д багшлахаас гадна сурсан, мэдсэн зүйлээ Монголынхоо хөрсөнд буулгахаар “HFS” Үүдэл эсийн клиник эмнэлгийг байгуулан ажиллаж байна.

Сонголт & шалтгаан: Би эмчийн гэр бүлд өссөн. Багаасаа гоо сайхны мэс засалч болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Хэрвээ био анагаах ухааны чиглэлээр суралцвал дэлхийн аль ч оронд ажиллах боломжтой гэдгийг ахлах ангидаа мэдсэн. Ингээд л хөрвөх чадвартай гэж энэхүү мэргэжлээрээ сонгон суралцсан.

Био анагаах ухаан байнгын шинэчлэгдэж байдаг. Технологи шаардана, тэр хэрээрээ гадны улс орнуудад эмчилгээний өртөг нь маш өндөр. Хэрвээ Монголдоо эмнэлэг байгуулагдвал 2-3 дахин хямд хийх боломжтой. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн эмнэлгээ нээн ажиллуулж эхэлсэн.


Бахархал & Эрсдэл: Үүдэл эс гэж чухам яадаг эд вэ гэж зарим хүн асуудаг юм. /инээв/ Үе мөчний болон түлэнхийн эмчилгээнд хамгийн өндөр үр дүнтэй нь үүдэл эсийн эмчилгээ гэдэг нь батлагдчихсан зүйл шүү дээ. Халцарчихсан хүний үсийг ч ургуулах шидтэй гээч. Альцгеймер, аутизм зэрэг өвчнийг үүдэл эс, генийн эмчилгээний аргаар эмчлэх боломжтой. Бид гараа эсгэхэд эсүүд гэмтдэг, тэрхүү гэмтсэн үхэжсэн эсийн оронд шинэ эсүүдийг үүдэл эс олшруулж, ажиллаж байдаг. 

Монголд одоогоор цусны болон үе мөчний өвчин, чихрийн шижингийн гаралтай хөлний шарх, архаг шарх, тархины хатингаршил зэргийг эдгээж байна. Эдгээд инээмсэглээд гарч байгаа хүн бүхнийг хараад ажил мэргэжлээрээ бахархдаг.

Дэлхийн хаана ч гэсэн ажиллах боломжтой. Нобелийн шагналтнуудтай уулзсан минь миний хамгийн бахархалтай дурсамж. Дэлхий 200 гаруй орноос эрдэмтдээс шалгарч 600 залуу судлаач Нобелийн шагналтнуудтай уулзах, сургалтад суух, санал солилцсон тэр өдөр миний харах өнцгийг өөрчилсөн. Залуу судлаачийн хувьд үүнийг маш том боломж байсан гэж бодож, талархаж явдаг. 

Зам бүхэн дардан биш. Яг үнэнийг хэлэхэд мэргэжлээрээ сураад ирэхэд ажлын байр маш цөөхөн юм байна гэдгийг олж хараад бага зэрэг гонсойсон. Монголд энэ мэргэжлийг одоо л ойлгож эхэлж байна. Бидний хэдэн залуус үүнийг давуу тал болгон хамтарч эмнэлэг хүртэл байгуулсан. 


Зарчим & Үнэт зүйл:Сониуч, шинийг эрэлхийлэгч, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг судлаач хүний хамгийн чухал чанар юм. Миний хувьд багийн ажиллагааг амьдрал, ажил дээрээ зарчим болгодог. Яагаад гэвэл шинжлэх ухаан гэдэг ганцхан хүний бүтээл биш. Гадны эрдэмтдийн манлайлж, үлгэрлээд байгаагийн цаана нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж чаддаг, нэгнээ ойлгодог чанар бий. Амьдрал дээр ч бас ийм л хүмүүстэй нөхөрлөдөг. Ганц хүн гал болдоггүй, дэм дэмэндээ гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Миний үнэт зүйл гэвэл гэр бүл минь. Нөхөр маань эмч хүн бий. 


Эрэлт & үнэлэмж: Гадны улс орнуудад био анагаах ухааны чиглэлийн мэргэжилтнүүд эрэлттэй, үнэлгээ нь ч өндөр байдаг. Манайд үнэндээ үнэлэмж нь тийм ч өндөр биш л дээ. Цаг үе ч өөрчлөгдөж байна. Ковидын үед гэхэд эмч, анагаахын салбарын ажилтнуудын ач холбогдлыг ойлголоо шүү дээ. Үүнийгээ дагаад үнэлэмж нь ч сайжирна. Салбараараа ч анхаарч байна, судалгааны ажил дээр ч тусгайлан анхаардаг болж ирж байгаа нь сайн хэрэг. Цалин чухал, гэхдээ хүн дуртай ажлаа хийгээд хөгжөөд явбал боломж үргэлж нээлттэй байдаг гэдэгт итгэдэг. Миний хувьд ч гэсэн энэхүү шинжлэх ухааны энэ чиглэлийг эх орондоо хөгжүүлэхээр гар сэтгэл нийлсэн залуустайгаа нийлээд ажиллаж байна. Цаашид үнэлэмж өснө гэдэг итгэдэг. Хэдэн төгрөгөөр ч болтугай ахиу байх нь амьдралд дэмтэй хэдий ч залуусыг яг л өөрийнхөө дуртай ажил мэргэжлээ сонгоосой, зүрх сэтгэлээ сонсож, сонголт хийгээсэй гэж хүсдэг. 


Ирээдүй & Боломж: Ирээдүйд үүдэл эсийг ашиглан чихрийн шижин, үений өвчнөөр хязгаарлагдахгүй, хүмүүс өөрөө өөрийнхөө эд эрхтний донор болох боломж бүрдэнэ. БНХАУ гэхэд COVID-19 эмчилгээнд үүдэл эсийг ашиглаад эхэлчихлээ. Олон оронд дархлааг дэмжих  чиглэлээр эмчилгээнд бас өргөн хэрэглэж байна. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтнүүд ирээдүйгээ маш томоор харах хэрэгтэй. Бүр нарийн түвшний судалгаа хийх боломжтой. Хэрвээ био анагаах ухааны чиглэлээр монголдоо суралцсан бол заавал гадагшаа явахыг зөвлөнө.

Ажлыг чаддаг, сууж сурсан, ачаалал даах чадвартай, уйгагүй давтахад багаасаа суралцсан хүмүүс л эрдмийн ажил хийдэг. Залууст “Та нарын өрсөлдөгч танай ангийнхан биш. Гадны улс орнуудын үе тэнгийнхээ залуусыг харж суралцаарай. Тэдэнтэй өрсөлдөхүйц чадварт л суралцаж, чадваржих ёстой” гэж хэлмээр байна. Багшийн заасныг л давтаж, шалгалт өгнө гэдэг байж боломгүй зүйл юм. Түүний оронд гадны орны залуус юу сурч байгааг, тэднээс юу сурч, юу нутагшуулж болохыг судлаарай. АШУҮИС-д багшилдаг учраас үүнийг оюутнууддаа байнга захидаг. 


Цахим хаяг: HFS үүдэл эсийн эмнэлэг



Т.Бэгзсүрэн:  Физикчдийн эрэлт,  үнэлэмж өснө

Намайг Т.Бэгзсүрэн гэдэг. Япон улсын Хоккайдогийн их сургуульд сансрын технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Төгссөн сургуульдаа зочин судлаачаар ажиллаж байгаад Монголдоо өнгөрсөн өнгөрсөн жилийн 8 дугаар сард эх орондоо иржээ. Одоо МУИС-ийн Физикийн тэнхимд судлаачаар ажиллаж байна.

Сонголт & шалтгаан: Би багын л механик эд зүйлсийг хэрхэн ажилладгийг нь мэдэх гэж оролддог, сониуч хүүхэд байлаа. Дунд ангидаа Стивен Хокингийн “Цаг хугацааны түүх” номыг уншиж одон орон судлал, сансар огторгуй талаарх анхны төсөөлөл, ойлголтыг авсан гэж боддог. Сонирхлоос гадна багын найз, багш нарын нөлөөгөөр физикийн хичээл бусад хичээлээсээ их цагийг зарцуулдаг болчихсон..

Ингээд л улам бүр татагдаж физикч болохоор шийдсэн. Ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнө улсын физикийн олимпиадад амжилттай оролцож МУИС-ийн физикийн ангид суралцах урилга авсан юм. 

Одоо мэргэжлээ сонгох гэж буй дүү нартаа сэтгэлийн хөдлөлөөр эсвэл нэг нэгнийгээ дуурайсан сонголт бүү хийгээрэй гэж зөвлөе.

Сонирхол, хүсэл тэмүүлэл, ур чадвараа таниж, ойлгож байж ажил мэргэжлээ сонгоорой!

Зарим нэг зүйлийг сонирхоод татагдах үе бий. Гэвч хэсэг хугацааны дараа уйддаг тал бий. Хэрвээ хүсэл эрмэлзэл чинь ур чадваргүй, авьяасгүй зүйлийг тань сонгохыг шаардаж байвал маш нухацтай бодоорой. Ганц хоёр жил биш, оюутан насны дөрвөн жил ч биш шүү дээ. 


Бахархал & Эрсдэл: Хүн сонирхлоо дагаж мэргэжил сонгосноор түүнийгээ илүү сайн хийж, улам бүр дурладаг. Мэргэжлээрээ сурч, ажилласнаас хойш харамсаж, эргэлзсэн удаагүй. 2012 онд  их сургуулийн багштайгаа хамт Оюутолгойн уурхайн ажилтай танилцсан юм. Тэгэхэд өндөр хүчдэлийн тусламжтайгаар газар доорх нөөцийг хэмжиж тогтоодог багаж нь эвдэрчихсэн байсан юм. Багштайгаа хоёр хоногийн турш “ноцолдсоор” тэр багажийг засаж чадсан. Хоёр том ачааны машин дээр байдаг том багаж л даа, биднээс өмнө өөр хүмүүс оролдсон ч чадаагүй юм билээ. Тэр үед өөрийгөө чаддаг юмаа сонгожээ гэдэгтээ бүр ч их итгэлтэй болсон. 

Дараа нь Испанид хиймэл дагуулын загвар хийж пуужингаар хэдэн километрт хөөргөдөг тэмцээнд оролцож монгол залуустайгаа алт, хүрэл медалийн эзэд болсон юм. Тэр үеэс монголчууд маань ч бас сансрын технологид хувь нэмрээ оруулах, хүч үзэх чадалтай гэдгийг ойлгосон. Ингээд Бельги улсад антены чиглэрээр мэргэжил дээшлүүлж, докторын зэрэг Японд хамгаалсан.

Ямар ч зүйл хоёр талтай. Физикийн салбарыг сонговол гарч болох эрсдэлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ажил мэргэжлээ үнэхээр сонирхож дурлаж сонгоод, нарийн мэргэшиж чадахгүй бол амжилттай ажиллаж чаддаггүй.

 

Зарчим & Үнэт зүй: Манай нэг багш “Нийгмийн бүтэц, үзэл суртал хичнээн хувирч, хууль дүрэм шинэчлэгдлээ ч байгалийн ухааны онол, хуулиуд тэр бүр өөрчлөгдөхгүй гэж хэлж байж билээ. Энэ салбарын хамгийн гол онцлогийг энгийнээр тодотгож хэлсэн үг санагддаг. Хэрвээ та байгалийн ухаан, физик, биологи, хими зэргийг сонгон, амжилттай суралцвал технологийн өөрчлөлтөөс хамааралгүй ажиллаж чадна.

Физик суурьтай хүн хэчнээн ч төрлөөр хөрвөж ажиллах чадвартай. 2018 онд манай багийнхан Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөсөн. Дараагийн хиймэл дагуулын төсөл, тооцооллын физикийн аргыг ашиглаж ковидын тархалтыг тооцоолох багт ажиллаж байна. Эдгээрийг хийж байгаа гол шалтгаан маань эх орондоо багахан ч гэсэн хувь нэмэр оруулах, тус дэм болох юм. Монголдоо илүү бодит зүйл хийж бүтээх нь манай салбарын чухал зорилт.

 

Эрэлт & үнэлэмж: Хүмүүс байгалийн ухааны салбарыг сонгож суралцах нь бага болжээ. Олон улсад ч ялгаагүй энэ чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай байна.

АНУ-д гэхэд физикчдийн жилийн дундаж цалин 200 мянган доллар байдаг. Мэргэших тусмаа үнэлгээ нь өсдөг мэргэжил. Одоогоор физикийн ангийн төгсөгч цөөхөн, гэтэл ажлын байрны эрэлт маш их. Төгссөн хүүхэд бүр ажилтай болох боломжтой.

Манай их сургуулийн захиргааны буруу шийдвэрээс болж физикээр маш цөөхөн оюутан элсэх болж, асуудал гарсан нь үнэн. Ирэх намраас физик суурьтай, хавсарсан хөтөлбөрүүд нээхээр төлөвлөж байна. Физик, технологид сонирхолтой хүүхэд залуусыг энэ мэргэжлээр суралцахыг уръя.


Ирээдүй & Боломж: Физик суурьтай, нарийн мэргэжил шинээр үүсэж байна. Нэгэнт физикийн чиглэлээр суралцсан бол технологи, хими, элекроникийн салбар руу хөрвөх боломжтой. Монгол залуусын хувьд эх орондоо ч, олон улсад ч ажиллах боломж нээлттэй. Жишээ нь би дэлхийн аль нэг технологийн компанид ажиллахаар хүсэж CV-гээ илгээвэл ажилд тэнцэх өндөр магадлалтай. 

Хүүхэд, залууст хандан математик, хими, физик, биологийн шинжлэх ухааныг сонгон судлахыг уриалж байна. Техник технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн олон мэргэжил устаж, хэрэглээнээс гарсан. Цаашдаа улам л багасах болно. 

Гэхдээ байгалийн ухаан суурьтай мэргэжил сонговол миний мэргэжлийн хэрэгцээ шаардлага устаж, үгүй болно гэж айлтгүй. Харин ч эрэлт нэмэгдэж үнэлгээ өсөх болно гэдгийг баттай хэлье.


Цахим хаяг: МУИС-ийн Физикийн тэнхим 


 



Ш.Агиймаа: Тархвар судлаач мэргэжлийн хэрэгцээ хэзээ ч алдагдахгүй

Намайг Ш.Агиймаа гэдэг. АШУҮИС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Одоо ЗӨСҮТ-д тархвар судлаач мэргэжлээр ажилладаг. 

Сонголт & шалтгаан: Тухайн үед эцэг эхийн нөлөө их байсан л даа. Манай гэр бүлийхэн бараг бүгдээрээ эмнэлгийн салбарт ажилласан. Тиймдээ ч энэ мэргэжлээр суралцъя гэж шийдсэн юм. Их сургуулиа төгсөх үед тарваган тахал Монголд эрчимжсэн. Ингээд тархвар судлаачаар илүү мэргэшиж судалсан. Манай салбарын мэргэжилтнүүд олон салбарын ажил байр руу хөрвөж ажиллах боломжтойгоороо давуу талтай. 

Байгалийн голомт Халдварт өвчнийг Эсэргүүцэн Судлах газар гэдэг нэртэй байлаа.  Сургуулиа төгсөөд л ажилласан гэхээр үндсэндээ 30 гаруй жил мэргэжлээр ажиллаж байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. 


Бахархал & Эрсдэл: Тархвар судлаач мэргэжил эмчээс ямар ялгаатай юм бэ гэж асуудаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдагт гол онцлог нь байдаг юм. Хүмүүс ямар нөхцөлд өвдөж, хаанаас халдварын голомт эхэлснийг урьдчилан судалснаар тахал дэгдэхээс өмнө арга хэмжээ авч чадна. Олон хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж чаддаг нь бидний бахархал юм. 

Манай мэргэжлийн онцлог нь насаараа суралцаж, тасралтгүй судалгаа хийдэг.  Байнга өсөж хөгжиж, суралцаж байхыг шаарддаг учраас зарим хүмүүс шантарч мэдэх юм. Тухайлбал, дата өгөгдөл дээр ажиллах, статистик судалгаа хийх, газарзүйн олон төрлийн програм дээр ажиллах шаардлагатай. Халдварт өвчин байгаль дээр ямар амьтнаас хүнд халдаж, халдааж, дамжуулж байгааг, аль нутагт илүү тархахыг, үүсгэгч нь юу вэ гээд олон талаас нь судалдаг. Тэр хэрээрээ сурч мэддэг сонирхолтой мэргэжил. 


Зарчим & Үнэт зүйл: Аливаа тахлын голомт дээр ажиллахдаа тухайн цагт хурдан бөгөөд оновчтой шийдвэр гаргах зарчим баримталж ажилладаг. Олон шинжилгээний материал дээр хурдан хугацаанд анализ хийж зөв шийдвэр гаргахаас шалтгаалан тухайн өвчин дэгдэх үү цурманд орох уу гэдэг нь шийдэгддэг учраас тун хянуур, хурдан хугацаанд шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй. Олон эмч нараас сонсож байсан л даа. Танай мэргэжил тун сонирхолтой юм гэж. Анагаах ухаан улам хөгжихийн хэрээр хүмүүсийг өвдөхөөс нь өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаардаг болсон. 


Эрэлт & үнэлэмж: Зөвхөн тахал ч бус байгаль дээр байгаа амьд биетээс хүнд халдварладаг бүхий л өвчнийг судалдаг. Иймээс манай мэргэжлийн эрэлт хэзээ ч устаж алга болохгүй.

Дэлхийн нөгөө захад бидний санаанд ч оромгүй хүнсээр хүмүүс хооллож, ахуйдаа хэрэглэж байна. Сүүлийн үед Европын орнууд л гэхэд  зэрлэг байгальтайгаа улам ойртож, ан амьтдыг нь гэртээ тэжээх боллоо.Тэр хэрээрээ халдварт өвчний тоо ч нэмэгдэж байна.  Тэгэхээр үнэлэмж нь өсөх нь гарцаагүй.

Анх намайг ажилд ороход тун өндөр цалинтай байлаа. Одоо бол Засгийн газрын тогтоолоос үүдээд эмчийн дундаж цалин авдаг. Хортой нөхцөл гээд улсаас арван хувийн нэмэгдэл өгдөг. 


Ирээдүй & Боломж: Халдварт өвчин хүн төрөлхтнөөс хэзээ ч салахгүй. Коронавирусийн халдвар дэлхий нийтэд гарснаас хойш улс орны засгийн газрууд ч гэсэн томоохон цочроо авсан. Энэ салбарт хөрөнгө мөнгийг чамлахгүй өгөх хэрэгтэй гэдгийг ч ойлголоо. Тиймээс салбар салбарын судлаачид тусдаа институт байгуулан гарна гэж харж байна. Улсаас ч энэ мэргэжлээр төгссөний дараа эхлээд лаборантаар мэргэшдэг. Бэлтгэгч, ариутгагчаас эхлээд оношилгоо, шинжилгээ хийх хүртэл мэргэшдэг. Сүүлийн үед залуус ч гэсэн шинжлэх ухаанд сонирхолтой, нарийн мэргэжлийг сонгон судлах нь элбэг болжээ. Тэр чинээгээр манай мэргэжилд дурлаж сонгон суралцаж байгаа оюутны тоо нэмэгдсэн.

Яагаад гэхээр судалгаа, шинжилгээ хийж залуусын тоо өссөнд олзуурхдаг. Манай улс дэлхийд хавдрын өвчлөлөөр дээгүүрт жагсдаг. Анагаах ухаан хөгжихийн хэрээр хүмүүсийг өвдөхөөс нь өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаардаг болсон. Хүүхэд залуусдаа хэрвээ энэ салбарт нэгэнт ороод ирсэн бол буцаж гарч чадахааргүй тийм сонирхолтой мэргэжил юм шүү. Олон улсын эрдэм шинжилгээний хурал тогтмол хийгддэг учраас ажлаа хийнгээ гадаад дотоодын олон орноор аялах боломжтой. 


Цахим хаяг: Зоонозын өвчин судлалын үндэсний төв