АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Умардын пуужин дээш 1000 км хөөрөөд Японы тэнгист унасан гэж мэдээлсэн. Пуужинг хэдхэн цагийн өмнө буюу лхагва гарагийн өглөө хөөргөж хэдийнэ хурцадмал байдалтай байсан улс орнуудыг өдөж орхилоо. 

Умард Солонгос хамгийн сүүлд энэ есдүгээр сард цөмийн пуужингийн зургаа дахь туршилтаа хийсэн. Америкийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Өнгөрсөн хугацаанд тэдний хөөргөсөн пуужингуудаас энэ удаагийнх хамгийн өндөрт хөөрсөн. Тэд дэлхийн бүх хүн төрөлхтнийг баллистик пуужингаараа заналхийлж байна” хэмээлээ. 

Өмнөд Солонгосын “Ёнхап” мэдээллийн агентлаг баллистик пуужинг Өмнөд Пхеньянын Пхеньонг гэдэг газраас хөөргөсөн гэж мэдээлжээ. Пуужин газардахаасаа өмнө 50 минут орчим хөөрсөн. Гэхдээ өмнөх удаагийнх шиг Японы дээгүүр нисээгүй ажээ. 

Улс орнуудын өгсөн хариулт

Япон: “Умард Солонгосын үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй яаралтай уулзахыг хүссэн. 

БНСУ: Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олон улсын нийгэмлэгийг Пхеньяны эсрэг хориг тавихыг шаардсан. 

Умард цөмийн баллистик пуужин бүтээж байгаа гол зорилго нь Америкийн эх газарт хүрэх гэж хүмүүс бодож байгаа. Пхеньян долдугаар сард цөмийн пуужин туршсаныхаа дараа “дэлхийн хаана ч хүрнэ” гэж сайрхсан ч Америкаас үүнийг үгүйсгэсэн билээ.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар пуужин хөөрч байх явцад нь мэдээд “Асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн байна. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ноён Трамптай утсаар ярьжээ. 

BBC агентлагийн Батлан хамгаалах, дипломат харилцааны сурвалжлагч Жонатан Маркус Умард Солонгос хоёр сар туршилт хийхээ түр азнасан нь ноён Трампаас, эсвэл Хятадын шахалтаас айсандаа болсон юм биш гэж тодорхойлов. Трамп энэ асуудлыг зохицуулна гэсэн ч яг яаж зохицуулах юм бэ? АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй яаралтай уулзахыг хүссэн. 

Харин Төрийн нарийн бичгийн Рекс Тиллерсон Пхеньянд тавих хоригоо нэмэгдүүлэхийг санал болголоо. Гэвч дэлхийн хамгийн алслагдсан, хаалттай улсад хэрхэн нэмж хориг тавих вэ. Сонголт ховор болсон нь тодорхой. Тиймээс Умард Солонгос бол шийдэж болохгүй асуудал мөнөөс мөн. 

Умард Солонгосын 2017 онд хийсэн томоохон туршилтууд

Солонгосын хойгоос энэ онд хэд хэдэн пуужин хөөрсөн. Тэдний зарим нь хөөрмөгцөө дэлбэрсэн ч бусад нь тэнгист унахаасаа өмнө хэдэн зуун км ниссэн юм. 

Хоёрдугаар сарын 12 - Дундын зайн баллистик пуужин Банхёноос 500 километр хөөрөөд Японы тэнгист унасан. 

Дөрөвдүгээр сарын 4 - Дундын зайн баллистик пуужин Синпо 60 километр хөөрөөд Японы тэнгист унасан. 

Долдугаар сарын 4 - Пхеньян тив хоорондын баллистик пуужин анх удаа хөөргөсөн гэж мэдэгдсэн. Мэргэжилтнүүд пуужин 2802 километрийн өндөрт хүрээд, 39 минут хөөрсөн гэж дүгнэсэн юм. 

Наймдугаар сарын 29 - Умард Солонгос цөмийн бөмбөг тээх чадвартай баллистик пуужин бүтээж, Японы дээгүүр хөөргөсөн. Пуужин Пхеньянаас нисэж, 550 км-ийн өндөрт гарчээ. 

Есдүгээр сарын 15 - Баллистик пуужин Японы дээгүүр хоёр дахь удаагаа нисээд Хоккайдогийн тэнгист унажээ. Үүнээс өмнө дээш 770 км-т хөөрч, 3700 км зайг туулсан байна.