Умард Солонгос ирэх онд АНУ-тай ярилцаж, асуудлыг шийдвэрлэх арга зам эрэлхийлж магадгүй гэсэн таамгийн Өмнөд Солонгосын ажиглагчид дэвшүүллээ. Үүний сацуу цөмийн зэвсэгтэй орон гэсэн статус ч авахаар хөөцөлдөх аж. Өмнөд Солонгосын Улс орноо эвлэрүүлэн нэгтгэх яам Пхеньяныг Сөүлтэй тогтоосон харилцаагаа сайжруулахыг оролдож магадгүй хэмээсэн байна. 

Тайлангаас үзвэл Умард Солонгос 2017 онд пуужингийн хөгжүүлэлтээ сайжруулж нийт 15 удаа 20 баллистик пуужин хөөргөж туршжээ. Энэ онд Генерал Ким Жон Ун ойр дотнын хүмүүсээ өндөр дээд албан тушаалд томилж, байр сууриа бататгасан. Мөн эрх баригч намын нэр хүндийг өргөсөн аж. 

Олон улсаас Умард Солонгост тавьсан хориг арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үзэж буй. Худалдааны үнэ цэнэ нь унаж, гадаадад ажиллах ажилчдын тоо багасчээ. Гадаадад байгаа ажилчид улс орны санхүүгийн чухал эх үүсвэр байсан. 

АНУ-тай хэд хэдэн удаа хэлэлцээр хийсэн ч тусыг эс олсон. Харин БНХАУ-тай тогтоосон харилцаа нь хэцүүхэн болж ирсэн юм. Тухайлбал, Умардаас Хятад руу орох импортын хэмжээ арваннэгдүгээр сард гэхэд 61 хувиар буурлаа. Үүнээс харахад Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг мөрдөн хэрэгжүүлж байгаа юм байна. 

Өнгөрсөн сард хоёр улс нийт 380 сая долларын худалдаа хийсэн нь жилийн өмнөх үетэй харьцуулахад 36 хувиар багассан үзүүлэлт. Умард Солонгосоос далайн хүнсний бүтээгдэхүүн сүүлийн гурван сар импортлоогүй. Нүүрс, төмрийн хүдрийн импорт хоёр дахь сардаа унасан. НҮБ-аас өнгөрсөн наймдугаар сард улс гишүүн орнуудыг Умард Солонгосын импортыг бүрэн таслахыг тогтоолдоо тусгасан билээ.