Л.Баяржаргал
11 сарын 03, 2017
УИХ-ын чуулган өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрээр "УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэж, хагас жил тутам УИХ-д танилцуулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон.
Хөтөлбөрийн биелэлтийн явцыг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гарган, УИХ-д хүргүүлсэн бөгөөд өнгөрсөн 11 сарын хугацааны хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл хийхээр бэлтгэж, холбогдох мэдээллийг эрхэм гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т үндсэн хоёр стратеги, зургаан зорилтын хүрээнд нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж 18 сарын хугацаанд буюу 2018 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2017 оны гуравдугаар дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлсэн. Ингэхдээ тухайн арга хэмжээний хэрэгжилтийн явцучирч байгаа бэрхшээл, биелэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа болон цаашид шийдвэрлэх шаардлагатай ажил зэргийг харгалзан үзсэн.
2017 оны эхний 10 сарын хэрэгжилтийг авч үзвэл, 54 арга хэмжээнээс:
- 6 арга хэмжээ бүрэн биелсэн
- 25 арга хэмжээ 70 хувь биелсэн
- 22 арга хэмжээ 40 хувьтай биелсэн бол нэг арга хэмжээний хэрэгжилтийн хугацаа болоогүй. Хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 60.9 хувьтай байна.
Бүрэн буюу 100 хувь биелсэн зорилт, арга хэмжээг дурдвал:
- Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийж,зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй, ил тод болгох
- “Алт-2” хөтөлбөрийг боловсруулж, батлуулах
- Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
- Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, ажиллуулах зэрэг
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нэгдүгээр стратеги болох макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Үүний үр дүнд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулахад чиглэсэн сангийн болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, шинэчлэл хийсэн нь эдийн засагт эерэг үр дүнг өгч байна.
"Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн үндсэн 6 зорилтын хэрэгжилтийн явцыг тоймлон танилцуулъя.
Хөтөлбөрийн зорилт 1-д “Улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах” бодлогыг тусган хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан. Олон төсвийг нэгтгэх, цэгцлэх, төсвийн нэгдмэл байдлыг хангах бодлого хэрэгжүүлж, сахилга батыг сайжрууллаа. Үүний үр дүнд 2017 оны есдүгээр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурч 737.8 тэрбум төгрөг болсон.
Хөтөлбөрийн зорилт 2-т “Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, инфляцийн тогтвортой байдлыг хангах” бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан: Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих Зөвлөл байгуулснаар хөрөнгө оруулагчид эрхээ хамгаалуулах, тулгамдаж байгаа асуудлаараа Засгийн газарт хандах боломж бүрдсэн.
Мөн ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон нь эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээ нэмэгдэх хөшүүрэг болж байна. Үүний үр дүнд бага хүүтэй эх үүсвэр татах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирээд байна. Цаашид Япон Улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна.
Хөтөлбөрийн зорилт 3-т “Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэх” бодлогыг хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөц 2016 оны 10 дугаар сард 1,038.0 сая ам доллар болж, 2009 оны 9 дүгээр сараас хойш хамгийн доод хэмжээнд хүрээд байсан.
Гадаад валютын нөөц хомсдолтой байсан хэдий ч холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд гадаад валютын албан нөөц 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1,750.2 сая ам.долларт хүрээд байна. Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банкнаас 2012 онд гаргасан 580.0 сая ам.долларын бондыг хуваарийн дагуу амжилттай эргэн төлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээлээ.
Хөтөлбөрийн зорилт 4-т “Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх” бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан. “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлж, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлж хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд хуурай сүүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, хуурай сүүний үйлдвэрүүдийг барьж байгуулан, энэ чиглэлийн импортыг бууруулах нөхцөл бүрдээд байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны зургаадугаар сард хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсон бол мөн Хэнтий аймгийн Баянхутаг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйлдвэрүүд ашиглалтад орох гэж байна. Цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох бодлогын хүрээнд ОХУ-ын Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран малаа эрүүлжүүлэхээр ажиллаж байна.
Хөтөлбөрийн зорилт 5-д “Бодит салбарын өсөлтийг дэмжиж, томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарч байна.
Тухайлбал, голлох экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний дүнд экспортын хэмжээ 2017 оны эхний гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өсч, эдийн засгийн идэвхжлийг сайжрууллаа.
Засгийн газраас ажлын байраар дамжуулан иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд ажилгүйдлийн түвшин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгжээр буурлаа. Мөн 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан эдийн засгийн өсөлт 2017 оны хоёрдугаар улиралд 5.3 хувьд хүрч өслөө.
Хөтөлбөрийн зорилт 6-д “Эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, хууль, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх” бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай, Активын удирдлагын институцийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгээд байна.
Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд эдийн засгийн уналтыг зогсоох, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засагт зарим нааштай үр дүн гарч эхэлж байна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хоёрдугаар хавсралтад тусгасан тэргүүн ээлжид боловсруулж, батлуулах шаардлагатай 13 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хэрэгжилтийг дүгнэж үзвэл:
- 4 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелсэн
- 8 арга хэмжээ 70 хувь биелсэн
- 1 арга хэмжээний хэрэгжилт 40 хувьтай байна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, гадаад зах зээлийн таатай нөлөөгөөр эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж байгаа боловч эдийн засаг, нийгэмд томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийг эрчимжүүлэх зарим төсөл, арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байна.
Иймд тэдгээр төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх, холбогдох гэрээ, хэлцлүүдийн явцыг түргэсгэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, хэрэгжилтийн тайланг хийгдсэн ажлын гүйцэтгэлд суурилан бодитой, нарийвчлан тайлагнах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна. Бодит салбарт хэрэгжүүлж байгаа, цаашид ажлыг нь эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, тулгарч байгаа асуудлын талаар товч танилцуулъя.
Уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр:
- Цахиурт Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Дулаан хар уулын холимог металлын уулын баяжуулах, Ширэн Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Хар Овоогийн уулын баяжуулах зэрэг төслийн хэрэгжилт удаашралтай байна. Иймд ажлыг нь эрчимжүүлэх, учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээний биелэлт хангалтгүй байна. Газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан байна.
- Тавантолгойн ордод түшиглэн олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн хэлэлцээрийг эцэслэн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ажлын явц хангалтгүй байна.
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчийг сонгох, төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажлууд удаашралтай байна. Төслийн ТЭЗҮ-д тодотгол хийх арга хэмжээг 2017 оны сүүлийн хагаст бүрэн хэрэгжүүлэхээр тусгасан боловч одоогоор төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байна.
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр:
- Дулааны III цахилгаан станц, Чойбалсангийн ДЦС төслийн санхүүжилтийн хэлбэрийг тодорхой болгоогүйн улмаас ажлын явц зогсонги байдалтай байна. Иймд Дулааны III цахилгаан станц болон Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг тодорхой болгох, төсөвт дарамт учруулахгүйгээр, үр ашиг өндөртэй байхаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
- Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр удаашралтай байна.
Зам, тээврийг хөгжүүлэх чиглэлээр:
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тодотгох ажлыг 2017 оны эхний хагаст боловсруулж дуусгахаар тусгасан боловч одоог хүртэл боловсруулаагүй байна.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2018 оны эхний хагаст дуусгахаар төлөвлөсөн боловч хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон.
- Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай батлуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
- Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги, Богдхан төмөр зам барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр:
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах ажил хугацаандаа хэрэгжээгүй байна. Иймд эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
- “Ноолуур”, “Малыг эрүүлжүүлэх” зэрэг хөтөлбөрийг 2017 оны эхний хагас жилд шинэчлэн боловсруулахаар тусгасан боловчтөсөл бэлэн болоогүй байна.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан томоохон төсөл, арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн үнэлгээ, тайлагнан сайжруулах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд цаашид эрчимжүүлэх чиглэлээр томоохон Ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.
Саяхан ОУВС-ын Ажлын хэсэг манай улсад ирж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 1-2 дугаар шатны үр дүнгээ дүгнээд байна. Ажлын хэсэг дүгнэлт тайлангаа ирэх сард ОУВС-ын захирлуудын Зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн бодлогын зорилтууд нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтуудтай нягт уялдаатай бөгөөд ОУВС-ын Захирлуудын зөвлөлөөс хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд гаргах мэдээлэл нь Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын өсөлтийн төлөвийн талаар олон улсын хөрөнгө оруулагчид, зээлжих зэрэглэлийн байгууллагуудад нэн чухал мэдээ, дохио өгөх чухал арга хэмжээ болох юм.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц сайн, шинэ бонд амжилттай арилжаалж, ирэх онд төлбөрийн хугацаа нь тулгамдаж байгаа Засгийн газрын бондуудын төлбөрийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжтой болж, 2017 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт гурваас дээш хувийн өсөлттэй гарах магадлалтай байгаа зэрэг нь өнгөрсөн жилүүдэд тулгарч байсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, цаашдын өсөлтийн замд орж байгааг харуулах үзүүлэлтүүд юм.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Ирэх 2018 оны хувьд эдийн засаг, улсын төсөв, банк санхүүгийн салбарын өмнө шийдвэрлэх ёстой хэд хэдэн чухал асуудал хүлээгдэж байгаа, макроэдийн засаг бүрэн тогтворжоогүй байгааг бид онцгой анхаарч төсөв, санхүүгийн сахилга батыг чанд сахих, төсвийн зарлагыг хэт нэмэгдүүлэх, шинээр өр үүсгэхээс зайлсхийх, байгаа хөрөнгийн эх үүсвэрийг үр ашигтай төсөлд оновчтой зарцуулах зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-аас батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтууд, ОУВС болон бусад хандивлагчтай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээний зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийг тогтворжуулан, цаашид тогтвортой өсөлтийн замд оруулахад Засгийн газар улам их хүчин чармайлт тавин ажиллах болно" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.