Дэлхий нийт энэ өдрүүдэд коронавирусын улмаас санаа зовж, вирус анх тархсан Ухань хотын талаарх мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Уханьд энэ сарын 23-нд хөл хорио зарласнаас хойш ихэнх дэлгүүр хаагдаж, хүмүүс гэрээсээ толгойгоо ч цухуйлгахгүй шахам өдрийг өнгөрүүлж буй. Эдгээр өдрүүдэд тус хотын иргэд юу хийж, ямар асуудалтай тулгарч байгаа талаар 29 настай нийгмийн ажилтан, хүний эрхийн төлөө тэмцэгч Гоа Жинь Ухань хотоос BBC-д хуваалцсаныг хүргэж байна.

Нэгдүгээр сарын 23. Пүрэв гараг. Хөл хорио тогтоов

Өглөө сэрэхэд хот хөл хорионд орсон байв. Хөл хорио гэж юу болох, хэр удаан үргэлжлэхийг эсэх би мэдэхгүй. Нийгмийн сүлжээгээ хартал маш олон өвчтөн эмнэлэгт хандсан ч оргүйгээс буцаажээ. Энэ талаар маш олон сэтгэгдэл, санал гомдлыг хүмүүс бичиж үлдээж.

Хаа сайгүй амны хаалт зүүсэн хүмүүс. Найзууд маань над руу залгаж хоол хүнсээ базаахыг зөвлөв. Гэвч дэлгүүрт будаа, гоймон бараг дуусчээ. Дэлгүүрт нэгэн эр маш их давс авч сагс руу хийж байх юм. Гайхаад яагаад ийм их давс авч байгааг нь лавлав. Тэр "Хэрвээ хөл хорио бүтэн жил үргэлжилвэл яах юм" гэлээ. Дараа нь эмийн сан руу алхлаа. Тэнд худалдан авагчдын тоог хязгаарлаж байв. Амны хаалт, ариутгагч бодис хэдийнэ дуусчээ. Эвлэрэхэд бэрх ч юм шиг, би энэ байдалд дасахгүй, "шок"-оос гарч чадахгүй нь. Машин явган зорчигчдын тоо багасч хот тэр чигээрээ зогссон мэт санагдана. Энэ хотын амьдрал хэзээ дахин хэвийн болох юм бол?

Нэгдүгээр сарын 24. Баасан гараг. Битүүний өдөр

Аниргүй, нам гүм байгаа нь өөрөө аймшигтай санагдана. Би ганцаараа амьдардаг юм. Хаалганы цаана хааяа нэг чимээ дуулдана. Надад амьд үлдэх талаар бодож эргэцүүлэх хангалттай цаг бий. Надад танил тал, дэмжлэг алга. Одоогоор миний зорилго өвдөхгүй л байх, тиймээс би дасгал хийх ёстой. Мөн хоол хүнс маш чухал. Засгийн газар энэ байдал хэр удаан  үргэлжлэхийг тодорхой мэдэгдээгүй. Зарим хүмүүс энэ байдал тавдугаар сар хүртэл үргэлжилнэ хэмээх таамаглаж байна. Эмийн сан хаагдсан ч хүмүүс хүргэлтээр хоол хүнс тараасныг мэдээд жаахан ч гэсэн тайвширлаа. Өнөөдөр хүнсний зах орж сармис, шанцай, өндөг авав. Харингуутаа хамаг хувцасаа угааж, шүршүүрт орлоо. Мэдээж хувийн ариун цэврээ сахих нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал алхам шүү дээ. Өдөр лав 20-30 удаа гараа угааж байна. Гадаа гарч хүнсээ базааснаар бас ч гэж дэлхий ертөнцтэй холбогдож тайвширчээ. Гэхдээ энэ байдал ахмад настнууд, ганцаараа амьдардаг хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар хүнд тусаж байгааг төсөөлөхөд ч бэрх.

Өнөөдөр би багахан хоолоо өөрийгөө аргацаамааргүй байна. Яагаад гэвэл өнөөдөр гахай жилийн сүүлийн өдөр, хоолоор элбэг байх учиртай. Оройн хоолныхоо дараа найзууд руугаа видеогоор ярив. Бид өнөө вирусийн талаар ярихгүй байж чадсангүй. Зарим нь Ухань хотын ойролцоо байгаа юм. Нөгөө нэг нь гэртээ харихыг ч хүсэхгүй яваа аж. Яагаад гэвэл халдвар авахаас айсан хэрэг. Нэг найз маань утсаар ярьж байгаа ханиалгахад бид амаа дар, бидэнд халдчихна гэж тоглоом хийн инээцгээв. Бараг гурван цаг утсаар ярьсны дараа сэтгэл сэргэжээ. Яг унтахаар хэвтэхийн өмнө өнгөрсөн өдрүүдийн мэдээлэл дахиад толгойд орж ирэв. Нулимс өөрийн эрхгүй урслаа, яаж ч чадахгүй, хүчгүйгээ мэдрэхэд бухимдмаар, бас гунигтай юм билээ. Мэдээж үхлийн тухай бас бодсон. Надад тийм ч олон харамсал алга аа, ажил минь утга учиртай. Гэвч энэ амьдралыг дуусгахыг хүсэхгүй.

Нэгдүгээр сарын 25. Бямба гараг. Цагаан сарын өдөр ганцаараа 

Өнөөдөр Цагаан сарын өдөр. Би үнэндээ баяр тэмдэглэхэд ач холбогдол өгдөггүй, энэ удаад бүүр ч биш. Өглөө найтаалгатал цус гарсан, би айж байна. Санаа зовсон бодлууд толгойд завсаргүй эргэлдэнэ. Ингээд гадаа гарч болох эсэхдээ эргэлзэж эхлэв. Сайн нь би халуураагүй, хоолны дуршил ч сайтай байгаа учраас гарлаа. Би амны хаалтаа давхарлаж зүүсэн гээч. Ингэж зүүх шаардлагагүй гэсэн л дээ. Гэхдээ би айж байна, хуурамч амны хаалт байвал яана. Давхарлаж зүүсэн амны хаалт надад хамгаалж байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь таатай.

Цэцгийн дэлгүүр нээлттэй харагдана. Хаалганы хажууд оршуулгын цэцэг тавьжээ. Яагаад, ямар учиртайг би мэдэхгүй. Хүнсий дэлгүүрт ортол ногооны лангуу хэдийнэ хоосорчээ, банш, гоймон ч зарагдаж. Хэдхэн хүн зогсож бараагаа бичүүлцгээнэ. Би 2,5 кг цагаан будаа авлаа, уг нь гэрт 7 кг бий л дээ. Бас чихэрлэг төмс, зайдас, улаан ногоон шош давсалсан өндөг авахаа ч мартсангүй. Би давсалсан өндөгөнд дургүй, харин хөл хорионы дараа найзууддаа өгөхөөр авсан юм. Бараг элбэг нэг сарын хүнс бэлджээ, ингэж хүнсээ зэхсэн маань надад солиотой ч юм шиг санагдана. Гэхдээ ийм нөхцөлд яаж өөрийгөө буруутгах билээ. 

Нэгдүгээр сарын 26. Ням гараг. Дуу хоолойгоо нэгтгэсэн нь

Хот зөвхөн хөдөлгөөнгүй болж, хорионд орчихсон юм биш. Хүмүүсийн дуу хоолой ч бас хамт түгжигджээ. Хөл хорионы эхний өдөр гэхэд нийгмийн сүлжээд юу ч бичиж болохгүй байлаа. Учир нь цензурдчихсэн хэрэг.  WeChat-аа ашиглаж хэн рүү ч бичиж чадсангүй. Хятад угийн интернетийг хянадаг улс, гэхдээ яг одоо үед хэтэрхий хатуурхах мэт санагдана. 

Өнөөдөр гэрээсээ гараад хэдэн хүнтэй таарсан гээч. Гэрээсээ 500 орчим метрийн зайд 8 хүнтэй л таарсан байх. Шууд харьмааргүй санагдсан илүү ихийг мэдмээр... Учир нь би Уханьд ирээд дөнгөж хоёр сар л болж байгаа юм. Энэ хотыг би сайн мэдэхүй, энд олон найз ч байхгүй. Энэ өдөр би 100 хүн л харсан болов уу. Удахгүй найзуудтайгаа уулзана гэдэгтээ итгэж байна. 

Орой 8 цагийн үед гэнэт "Хичээгээрэй Ухань" гэж хашгирах дуу сонсогдов. Хүмүүс цонхоороо уухайлж байлаа. Тэд нэгдэж нэгэндээ урам өгөхийг хүсэж.

Нэгдүгээр сарын 28. Мягмар гараг.  Гэрэл гэгээ

Хотын олон нийтийн газраар яваа хүмүүс бүгд амны хаалт зүүжээ. Зарим хүмүүс амны хаалтгүй хүмүүсийг нийтийн тээвэрт суулгасангүй. Чухам яагаад тэр хүмүүс амны хаалт зүүгээгүйг мэдэхгүй юм. Магадгүй тэд худалдаж авч чадаагүй байх эсвэл бүр ямар ч мэдээлэлгүй яваа юм болов уу.  Юу ч байсан тэдний гадуур явах эрхийг хязгаарлаж таарахгүй. Онлайнд тавигдсан бичлэг дээр зарим нэгнээ гэртээ ч оруулахгүй байгаа гэнэ. Тэдгээр хүмүүсийг Хубэй мужаас байраар хангажээ.

Юутай ч өнөөдөр сэтгэл санаа өөдрөг болж, гэрэл гэгээ татав. Олон тооны хүмүүс хяналт шалгалт хийж хичээж ажиллаж байна. Оршин суугчдын дулаан байгаа эсэх дээр хяналт тавьсан. Хөл хорионы үед итгэлцэл үүсгэх амар биш. Юутай ч амьд үлдэхсэн гэсэн миний бодол алдарчээ. Энэ үед нийгмийн оролцоо, хүн бүрийн үүрэг чухал.  Энэ ганцаардсан хотод би ч бас өөрийн үүргээ үүргээ биелүүлэх учиртай.

Эх сурвалж: BBC