УИХ-ын 2019 оны хаврын чуулганыг өнгөрсөн баасан гарагт хаалаа. Хаврын чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох 11 эшлэлийг хүргэж байна.

1. 2018 оны намрын ээлжит чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ. 

2. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа. 

3. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. 

4. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно.  

5. Батлан гаргасан хууль тогтоомж маань хэр хэрэгжиж, ямар үр нөлөө үзүүлж байгааг газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гарч буй зөрчлийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой болжээ.

6. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажилласан. 

7. Ард олонд чиглэсэн, ард олныхоо бизнес эрхлэх бололцоо, боломжийг олгосон хууль тогтоомжуудыг бид батлан гаргалаа. 

8. Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна.  

9. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм. 

10. Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой.

11. Эцэст нь, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл өгч байна.