Сэрсэн л бол бос, нойроо бүү харамлаарай

Зарим өглөө босохоос халшрам, залхуу хүрмээр, бүр ажлаа хойш тавиад ч болов унтмаар санагддаг уу. Гэвч үнэндээ нэгэнт сэрсэн бол дахиж унтах эсвэл хэсэг зуур дугхийх нь нойрны чанарт эерэг нөлөө үзүүлж чаддаггүй ажээ.

Үүнийг АУ-ны доктор, дотрын эмч Никет Сонпал өглөөний нойрны талаарх судалгаандаа дурдсан байна. Учир нь өглөө сэрчихээд дахиад хэдэн минутын нойр авах нь танд таатай байж болох ч тархинд хангалттай санагдаж, сэргээж өгдөггүй байна.

 

Өглөөг нийгмийн сүлжээ ухаж эхлүүлдэг юм биш биз?

Нойр авч сэрэнгүүтээ бүр босохоосоо ч өмнө олон нийтийн сүлжээ, цахим шуудангаа шалгах нь олон хүний хувьд дадал зуршил болсон байдаг.

Энэ нь тухайн өдрийн хамгийн эхний бодол мэдрэмж хааш чиглэхийг эсэхийг нийгмийн сүлжээнд өгч буй хэрэг. Өөрөөр хэлбэл өглөөний сэргэг оюун тархиндаа юу оруулж юугаар дүүргэхийг өөр хэн нэгэн таны өмнөөс шийдэх боломжийг олгож байна гэсэн үг юм. Үүнийг зогсоож хил хязгаар тогтоох цаг болжээ. Тиймээс сэрүүлгээ унтраахаас бусад зорилгоор гар утсаа оролдохгүй байхын тулд гар утсаа өөрөөсөө холдуул. Үүний оронд өглөөний дасгал, бясалгал хийх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг сонгоорой.

 

Чихэрлэг хүнс өглөөний сонголт биш

Та анзаарсан уу. Кофе, цай, сереал, шоколадны нухаш гээд өглөөний цайнд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн голдуу элсэн чихрийг ихээр агуулсан байдаг. 

Судлаачдын үзэж буйгаар хэт чихэрлэг, хэт боловсруулсан хүнсийг өглөөний цайндаа хэрэглэх нь бие махбодод дааврын өөрчлөлт үүсгэдэг байна. 

Тухайлбал, америкчууд өдөрт дунджаар 77 грамм элсэн чихэр хэрэглэдэг гэх судалгаа байдаг. Энэ нь өдөр тутмын хэрэглээнээс гурав дахин их юм. Үр дүнд орчин үеийн америк иргэн 1960-аад оныхоос дунджаар 11 кг-аар илүү жинтэй болоод байгаа билээ. Тиймээс өглөөний цайндаа чихрээс татгалзаарай.

 

Нарны тос түрхэж эхлүүл

Майамид төвтэй Riverchase Dermatology-ийн арьс судлалын их эмч Стейси Чименто дэрний уут жорлонгийн суултууртай дүйцэхүйц олон тооны микроб агуулагддаг талаарх судалгаа хийсэн байдаг. Иймээс  өглөө бүр арьсаа цэвэрлэх хэрэгтэй гэж үздэг. Энэ тал дээр зарим мэргэжилтнүүд эсрэг байр суурь илэрхийлдэг. Тухайлбал өмнөх орой нь унтахаасаа өмнө арьсаа хангалттай цэвэрлэсэн бол өглөө угаах шаардлагагүй гэж зөвлөдөг. Хэдий бага зэрэг маргаантай зөвлөгөө ч гэлээ нойроо сэргээж, арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах зайлшгүй шаардлагатай учир нүүрээ бүлээн усаар угааж нарны тосоо түрхэж хэвших нь зүйтэй.


 

• Гэрээсээ гарахаасаа 20 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.

• Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тосоо түрхэх хэрэгтэй. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Учир нь үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг.

• Цас, элс, ус нь нарны туяаг ойлгодог. Тиймээс энэ гурвын аль нэг нь ихтэй газар руу явах гэж байгаа бол нарны тос хэрэглэх нь бүр ч чухал.


Сөрөг дээр бус эерэг дээр төвлөр, таларх

Ажил хичээлдээ амжих гэж яарч сандран өглөөг угтдаг хэдий ч өдрийн эхлэл тул аль болох эерэг байхыг хичээгээрэй. Учир нь өглөөний хэсэг зуурын таагүй сэтгэл хөдлөл тухайн өдрийн турш үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс сэтгэл зүйн хувьд тайван байхаас гадна гэртээ байгалийн гэрэл оруулж, сунгалтын дасгал, бясалгал хийх болон талархлын дэвтэр хөтлөх нь өндөр үр дүнтэй байдаг аж. 

Эдгээр энгийн алхмуудыг өглөөний дадал болгон хэвшүүлснээр амьдралд тань олон эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: huffpost