НЬЮ-ЙОРК. /TASS/.  “Twitter” компанийн ерөнхий захирал Жек Дорсигийн 2018 оны цалин 1.4 ам.доллар байсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, Дорси албан тушаалдаа дөрвөн жилийн дараа эргэн орсныхоо дараа анхныхаа цалинг авчээ. Тэрбээр  "компанийнхаа урт хугацааны боломж, үнэ цэнд итгэх итгэлд" үндэслэн 2015, 2016 болон 2017 онд мөнгөн шагнал урамшууллаас сайн дураараа татгалзсан байна.

Даваа гарагт нийтэлсэн компанийн баримт бичигт дурдагдсан дээрх мөнгөн дүн нь “Twitter” сүлжээнд жиргэх тэмдэгтийн тооны хязгаар буюу 140 тэмдэгтэй тэнцэж байгаа юм. 2006 онд тогтоосон жиргээний тэмдэгтийн тоог 2017 онд хоёр дахин нэмж, 280 болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор Дорсигийн цалин цаашид нэмэгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Жек Патрик Дорси нь Америкийн бизнес эрхлэгч бөгөөд “Twitter” болон “Square” компанийг үүсгэн байгуулагч юм. “Forbes” сэтгүүлийн 2019 оны нэгдүгээр сарын чансаанд түүний хөрөнгө 5.5 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг