АПУ -ын Г.Батхүү түүх соёлын хосгүй дурсгалт газар болох Богд хааны ордон музейн газраас хумсалж цэнгээний газар байгуулахаар улайрч эхэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж сошиалаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхлэв. Энэ маргаанаас улбаалан бодоход дэлхийд Чингис хаанаар овоглодог Эзэнт гүрэн байгуулсан бахархам түүхтэй Монгол улсыг зорин ирэх жуулчдын гол сонирхох зүйл нь Монголын түүх соёлын дурсгалт газрууд юм.Гэтэл гадныханд үзүүлж харуулах юм нь манайд тун хомс. Нийслэл хотод Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Гандантэгчинлэн хийд гэсэн тоймтой хэдэн соёлын дурсгалт газар байна. Энхэл донхолтой замаар сэгсчүүлж явсаар эртний нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу хийдийг үзэж сонирхоно. Дэлхийн талыг хураасан урд хожид давтагдаагүй эзэнт гүрний голомт нутагт үзэх харах, нүд баясгаж сэтгэл сэргээх зүйл ердөө л энэ үү гэж гонсоймоор. Нийслэлийн нар хардаггүй эмх замбараагүй шамбааралдсан байшин барилгууд, цэвэрлэх байгууламж, нүхэн жорлонгуудын хамар сэтлэм үнэр танар соёлтой жуулчдыг жигшээдэг биз гэхээс ичих сэтгэл төрнө. 

Зайсан, Богд хан уулын дархан цаазат газар тансаг хаусанд амьдардаг манай эрхэм дарга нар үүн санаа зовдог болов уу? Манайхан муу хэлээд нөгөө хужаа нар чинь аялал жуулчлалын салбараа тултал нь хөгжүүлж аялагч нараас ногооныг багц багцаар нь сааж байгааг толгой сэгсрэн алмайрахаас өөр хэлэх үггүй л ангайж сууна. Чингис хааны онгоноос өгсүүлээд их хааны нэрийн дор аялал жуулчлалын брэнд олноор бий болгож дэлхийн хүмүүсийн нүдийг хужирлаж мөнгө саахаас гадна Чингис хаан бол манай хүн шүү гэсэн дотор санаагаа далд хавчуулж байгаа "Зөөлөн хүч"-ний бодлого хэрэгжиж байна. Гэтэл төрж өссөн унаган нутагт нь Цонжин болдог, нэрээр нь овоглосон хэдэн жуулчны баазуудыг эс тооцвол үзүүлэх харуулах бахархах юм үнэндээ байхгүй. Түүх соёлын дурсгалгүй түүхт улс гэмээр. Их хааны нэртэй архи, пиво хоол хуушуур байдаг гээд бодохоор доромжлол ч юм шиг. Их хааны нэрийг ашиглан мөнгө олж байгаа брэндүүдэд өндөр татвар тогтоох юм уу, эсвэл тусгай хууль дүрэм гаргах хэрэгтэй юм шиг. Хааны нэрээ үнэ хүндтэй байлгая аа. Манайд хамгийн элбэг хөшөө дурсгал нь бөх, морь, суврагны ур дүй муутай шавар цементэн барималууд Монголын хөдөө хээрээр дүүрэн сүр сүлдгүй шовойж байна. 

Нийслэлд хуруу дарам цөөн үлдсэн түүхийн дурсгалт газруудаа сэргээн засварлаж аялал жуулчлалын гудамж талбай болгон мөнгө олох арга зөндөө байна даа уг нь. Хөх тэнгэрээс заяат Чингисийн Монголын үр сад гэж цээжээ дэлдэн омогших мөртлөө гадны жуулчинд гайхуулах соёлын дурсгалгүй малчны хотонд хүргэх гэж хол замд сэгсчүүлж давхих өрөвдөлтэй дүр зураг харагдана. Соёлт орноос ирсэн гадны жуулчинд хамгийн түрүүнд хэрэг болох боловсон нойл, эрүүл аюулгүй хүнс гэсэн ойлголт хөдөө орон нутагт даанч алга. Гадны хүн гэхээр ногоон доллар л нүдэнд нь харагддаг байх. Монголын нутаг дэвсгэр тэр чигтээ түүхэн цаг үеийн гэрч гэдгийг Нууц товчоо уншсан хэн ч гадарлана. Ганцхан сэтгэл л дутаад байна даа.