Эдийн засаг гэхээр л сүр хүчийг илтгэсэн тоо нүднээ зурайх бус түүний цаана монголчуудын амьдрал хэр өрнөж, өөдөлж буй нь чухал. Нэг ёсондоо энгийн иргэдийн хэтэвч зузаан уу, жижиг дунд бизнес эрхлэгчдийн амьдрал тэнхлүүн үү гэдгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлно. Яг үнэндээ монголчууд амьдралаа авч явахын тулд эрвийж дэрвийхээрээ зүтгэж, “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн” дүр зурагтайгаар хүний амьдрал буцалж байна. Ийнхүү ард түмэн нь амьдралынхаа төлөө зүтгэж байхад төр засгаас дэмжих учиртай. Дэмжсээр ч ирсэн. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хууль зүйн орчинг таатай, улам өгөөжтэй болгох үүднээс төр засгаас сүүлийн үед дорвитой олон ажил зохион байгуулж, ард түмнийхээ магнайг тэнийлгэж байгааг хараад баярладаг. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан короновирусийн халдвар, түүний тархалттай холбогдон олон улс, манай орны хувьд ч нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас бизнесийн болон урлагийн олон байгууллагын үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч Засгийн газар, УОК-оос хилийн хориг тогтоох зэрэг хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд өнөөг хүртэл дотооддоо халдварын тархалтыг барьж чадсан нь сайн хэрэг. Бүр сайшаалтай нь Засгийн газраас Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд тэглэх, хойшлуулах, хил гаалиар оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний хил гаалийн болон НӨАТ-ыг хойшлуулах, ажлын байраа хадгалж байгаа компанийн ажилтанд 200 мянган төгрөгийн урамшуулал олгох зэрэг арга хэмжээг авсан. Мөн хүүхэд бүрт 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох зэрэг нь мөнгөн дүнгээрээ тус дэм болж байгаа. Ээж хүний хувьд хоёр хүүхэд маань хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаад баярлаж суугаа хүний нэгээ, би.   

Энэ утгаараа би болон миний гэр бүл Монгол Улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж үргэлж боддог. Ямартаа ч манай гэр бүлийн зүгээс “Төрдөг даам” хэмээх өвөрмөц нэртэй оюуны бүтээлээрээ Монголын зах зээлд зэл татаж чадлаа. Өөрсдийнхөө хүрээнд боломж, бололцоогоороо энэ хугацаанд монголчууддаа таниулсаар явна. Одоогоос хэдэн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт “Төрдөг даам”-аа танилцуулж, шалгуурт тэнцсэнээр “Төрдөг даам” хүүхдэд ээлтэй болох нь баталгаажиж оюуны эрхийн гэрчилгээ гардаж байлаа. Тус газрын Хяналтын хэлтсийн дарга Ч.Эрдэнэбаяр гэдэг эрхэм хүн “Төрдөг даам”-ын зохиогч, инженер, багш Д.Батжаргалд урам өгснөөр энэхүү “Төрдөм даам” цааш хөгжиж хүүхэд багачуудын оюуны талх болох эхлэлээ тавьсан түүхтэй. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Ч.Эрдэнэбаярт бид гэр бүлийнхээ зүгээс хязгааргүй их баярладаг. Эхлээд “Төрдөг даам” хэмээх оюун ухааны хөлөгт тоглоомын тоглолт, дүрмийн талаар танилцуулахад зарим хүн биднийг үл тоож, өрөөнөөсөө хөөж шахам гаргах тохиолдол хүртэл байв. Нэг бодмоор зүйл байдаг л даа. Манайхны зарим, юм танилцуулахад шууд эсрэг байр суурьнаас ханддаг тал бий. Шалтгаангүйгээр шүү дээ. Бусад улс үндэстний адил үсрэнгүй хөгжилд хүрэхэд монголчууд бидэнд итгэлцэл, нэгдэл нягтрал хэрэгтэй гэдгийг ойлгох цаг болсон шиг санагддаг.

Биднийг оюунлаг, мэдлэгтэй сэтгэлгээгээр дэмжсэн Ч.Эрдэнэбаяр хэмээх ачтай хүний мэдлэг чадварын үр дүнд өнөөдөр “Төрдөг даам”-аар олон мянган хүүхэд тоглож, оюун ухаанаа хөгжүүлж байна. Энэ талаар “Дэлхийн оюуныг дэмжигч”уриатай “Төрдөг даам”-ын зохиогч, инженер, багш Д.БАТЖАРГАЛ, “Монгол Улсын оршихуй, оюуны хөгжилд үнэлж баршгүй их ач холбогдолтой“Төрдөг даам”-ыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулах шаардлага бий. Хүүхдийн балчир оюун ухааныг хөгжүүлэх тэр боломж нөхцлийг бүрдүүлж өгөх нь нэн чухал. Өнөөдрийн боловсрол олгох агуулгад оюун ухаан гэх эрхтэнийг мэдээллийн сан, боловсрогдчихсон мэдлэгийг хүлээн авагч байх ганцхан хаалгатай өрөө мэт болгочхоод байгаа юм. Гэтэл энэ өрөөнд багадаа дахин нэг хаалга хэрэгтэй. 

Оршихуйг 100 хувь гэвэл хүн төрөлхтөн өнөөдөр ердөө 10 хувийн л мэдлэг хуримтлуулж чадсан гэхэд болох.Хүний оюун ухаан гэх эрхтэн дан хүлээн авагч, хэрэглэгч биш юм. Дараачийн удаад аливааг хүлээн авагчаас гадна шинээр сэтгэж, хөгжих чадвар буюу оюун ухааныг өндөр төвшинд ажиллуулж сургах хаалга байх ёстой. Энэ төрлийн хаалга Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн үндэс болно.Гаднын улс гүрнүүд ирээдүйтэй төсөлд бүр цаг хугацаанаас үл хамааран асар их мөнгө зарж байна. Бид энэ мэт байх боломж одоохондоо байхгүй гэж үзвэл ирээдүйд маш их хүчирхэг, оюунлаг ирээдүйг бэлтгэх шаардлагатай. 

Шатар мэдээж сайн тоглоом, нягт сайтай. Тэгвэл яг ийм төрлийн тоглоомыг хүүхэд бүр хялбар сураад байдаггүй. Даам бол өөр. Нийт хүний ихэнх нь даамыг шууд тоглох боломжтой. Хүүхэд аливааг тоть шиг давтдаг бус ахиулан сэтгэх боломж бололцоо “Төрдөг даам”-д энгийн 100 буудалт даамаас хувь илүү байдаг. 100 буудалт даамд хожил авахад аль болох удаан бодох хэрэгтэй. 

Оюун ухааны хурдлаг чанарын агууламж багатай.Тэгвэл “Төрдөг даам”-ын үндсэн чанар эсрэгээрээ хөнгөн мөртлөө хурдлаг, бас гүн оюунлаг чанартай. Нөгөө талаас эл даамын төрдөг чанар нь хүүхдийг тоглолтын явцад залхах, тэсвэр алдахаас сэргийлж хөгжөөж байдаг. Хүүхдэд нялх балчир оюун ухаан гэдэг эрхтэнээ ажиллуулж сурах арга ухаан “Төрдөг даам”-д оршин байна. 

Монголчууд бидэнд үндэсний үзэл буюу сэтгэлгээний нэгдмэл чанар үгүйлэгдээд байна гэж миний бие хэлээд байгаа. Жишээ нь, “Төрдөг даам”-ыг сургуулийн хөтөлбөрт оруулж хөгжүүлэн үндэстний хэмжээний хөлөгт тоглоом болгож чадвал манай Монгол Улсын оршихуй, оюуны хөгжилд үнэлж баршгүй их ач холбогдолтой” гэсэн юм. 

“Төрдөг даам” зохиоход дутуу тооцоолол гарч ирээгүй гэж итгэлтэй хэлсэн зохиогчийн яриаг та сайн анзаарч, дүгнэлт хийгээрэй. Дээр хэлсэнчлэн “Төрдөг даам” зохиогдож, оюуны эрхээр баталгаажаад багагүй хугацаа өнгөрчээ. “Төрдөг даам” ч өөрийн гэсэн өнгө төрхтэй гэдгээ харуулсаар. Цаг хугацаа бүхний шалгуур болдог. Гэвч орчин үе өөр болчихсон. Юу гэхлээр “Төрдөг даам”-ын компьютерын программ хангамж зайлшгүй шаардлагатай болоод байна. Үүнийг дагаж бас нэг ажил бий. Энэ ажлыг бодож боловсруулахад за нэг 10 хоног байхад болох санагдана. Нэг ёсондоо өнөөдрийн түвшинд “Төрдөг даам”-ын хөгжил буюу тоглолтод тодруулбал, ямар нэг алдаа, дутуу тооцоолол гарч ирэлгүйгээр урагшилж байгаа юм. Сайн тал, энэ бол “Төрдөг даам”-ын. Өнгөрсөн хугацаанд “Төрдөг даам”-ыг түгээмэл даам буюу зуун буудалт даамтай харьцуулан судлах үйл ажиллагааг нэлээд явуулжээ. Харьцуулсан судалгаа нэг чиглэлийн бүхий л зүйлд чухал дүгнэлт болж чаддаг ажээ. “Төрдөг даам”-ыг хөгжүүлэхэд цаг хугацаа их шаардагдах байх. Хүмүүс шинэ юмыг хүлээн авахдаа яагаад ч юм хойрго ханддаг шүү дээ. Юутай ч “Төрдөг даам” бол бүх насны хүмүүст хэрэгтэй нэгэн төрлийн оюуны спорт юм. Харин хэн бүхний сонирхлыг татах, дурлуулах тийм ажлыг эрчимтэй, жигд зохион байгуулах ёстой. Гэхдээ эхлээд улс нийтээрээ “Төрдөг даам”-ыг хүлээн зөвшөөрсөн, нэгдсэн нэг ойлголттой болох нь гол зүйл. Ингэж чадвал дараа дараачийн алхмуудыг аяндаа хийх бөгөөд монголчууд бид үндэстний хэмжээний оюунлаг тоглоомтой болчих юм. 

Сэтгүүлч, зохиолч Б.Даариймаа