“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зорилтот Архангай, Булган, Орхон, Хэнтий, Ховд, Хөвсгөл аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 30 сургууль өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд төслийн хүрээнд бүтээж босгосон амжилт, сургамж, шинэ арга технологи, менежментээ олон нийтэд танилцуулан сурталчлах өдөрлөгөө 04 дүгээр сард зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Орхон аймгаар эхэллээ.  

ТХБ-II төслийн түшиц Орхон аймгийн EБ-ын 4, 5, 14, 15 дугаар сургууль "Сургууль бүхлээр ажиллах арга хандлага"-ыг менежментдээ нэвтрүүлж, Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх төслүүдээ амжилттай хэрэгжүүлжээ.  Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” /ТХБ-II/ төсөл нь ийнхүү үр дүнгээ нэгтгэж байна.



Цэнхэр хана, цулгуй будаг, хүйтэн булан, хоосон коридорыг халсан сургуулиуд. Цэцэг, мод буттай, ширээ сандал буйдантай, найзуудын, охид хөвгүүдийн хийсэн бүтээлтэй, багачуудын хүсдэг орчинтой сургууль бол Орхон аймгийн ТХБ-II төслийн түшиц эдгээр сургуулиуд. 

Тухайлбал сул коридороо сурагчдын амарч, хичээлээ хийдэг,  дуу чимээ намсгагчтай талбай болгож, ашигладаггүй булангаа “номын кафе”оор тохижуулжээ. Санаачлагч нь сурагчдын клубууд, багш нар. Гүйцэтгэгчид нь сурагч, багш, эцэг эх, ажилтан, сургуулийн удирдлага хамтаараа. Дэмжигч нь ТХБ-II төсөл. Орхон аймгийн EБ-ын 4 дүгээр сургуулийн орчны товчхон зураглал ийм.

Тус сургууль ТХБ-II төслийн дэмжлэгээр "Өв уламжлал, түүх соёлын өргөө"-өө байгуулж, бага сургуулийнхаа байрны 3 дугаар давхрыг монгол ахуй, ёс заншлын чиглэлээр тохижуулжээ. Энэ санаачлагдаа ТХБ-II төслөөс 15 сая төгрөгийн дэмжлэг, арга зүйн зөвлөгөө, чиглүүлэг авч, өөрсдөө олон нийтийн хамтын ажиллагаа, түншлэлээр 25 сая төгрөгийн хөдөлмөр, оролцоо, хандив босгож зорьсондоо хүрсэн байна.

Сурагчид нь "Хэл хуур", "Book caffe", "Зөгий" зэрэг клуб, "Зөгийн бал" сэтгүүлээрээ дамжуулан үеийнхнийхээ санаачилгыг дэмжиж, тогтвортой хөгжлийг сургуулийн хамт олон, эцэг эхчүүддээ сурталчилдаг байна. Өдөрлөгийн үeэр "Хэл хуур" хамтлагийн 40 сурагч ардын, орчин үеийн ая тоглож, зарим сурагч "Өв соёлын өргөө"өө тохижуулсан урлал, бүтээл, хичээлийн хэрэгслээрээ үзэсгэлэн гаргалаа.


Орхон аймгийн ЕБ-ын 4, 5 дугаар сургуулийн охидын болздог газар нь охидын булан. Тус сургуулиуд байрныхаа булан тохойг ашиглан номын, охидын амралтын газар гаргажээ. Даашинтай охидын зураг, гоёмсог толь, өнгөлөг тавиур, заримд нь ариун цэврийн хэрэглэл, саванг цэгцтэй өрсөн харагдана. Охид өөрсдөө санаачилж,багш, эцэг эхчүүд хамтран тохижуулсан гэж 4, 5-р сургуулийн багш, сурагч танилцуулав.


                     Хэл хуур тоглодог охид хөвгүүд од

ТХБ-II төслийн дэмжлэгээр Орхон аймгийн ЕБ-ын 4 дүгээр сургууль энэ хичээлийн жилээс эл хуурын дугуйлангийнхаа үйл ажиллагааг сэргээж 40 сурагчийг тус бүр хууртай болгож, сургалтаа тогтмолжуулжээ. Энэ сургуульд хэл хуур тренд, түүнийг тоглодог охид, хөвгүүд “од” болсныг ажиглав. 

Тиймээс ч эцэг эхээрээ хэл хуур авхуулж, дугуйлангийн сурагчдаар заалгаж сурч буй хүүхдүүд цөөнгүй гэв. Хөгжмийн зэмсгээр тоглуулж дадуулах нь сурагчдад цахим хэрэглээг бууруулахаас эхлээд өв уламжлалаа сэргээх,  анхаарал төвлөрлийг сайжруулах зэрэг олон талын ач тустай нь тодорхой.


                     СУРАГЧИД АГААРЫН ЧАНАРАА ХЭМЖИЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБ-ын 5 дугаар сургууль ТХБ-II төслийн дэмжлэгээр сургуулийнхаа дотоод агаарын чанарыг сайжруулах төслийг үe шаттай хэрэгжүүлж, үр дүнгээ нийтээрээ хүртээд байна. 34 ангийн танхимд төслийн, орон нутгийн дэмжлэгээр агаар цэвэршүүлэгч байрлуулж, цонхнуудаа хязгаарлагчтай болгож, ангийн шүүгээ савыг цомхотгон зайчилжээ.

Учир нь ачаалал 3 дахин хэтэрч, зарим ангид сурагчид самбартаа тулж суудаг байх нь. 

Мөн сургуулийнхаа агааржуулалтын хоолойнуудыг цэвэрлэж, байнгын ажиллагаанд оруулсан, "Цэцгээр гоёсон сургууль" дэд төслийг санаачлан 300 гаруй цэцэг үрслүүлж, сургууль доторх нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан зэрэг нь бүгд агаарын чанараа сайжруулж, сурагчдад ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой. 

Энэ бүхний дүнд сурах орчин илүү тав тухтай болж, сурагчдын амьсгалын замын өвчлөл буурч, сурлагын чанар ахисныг сургуулийн менежер Д.Цэнгэл тоо судалгаатай танилцууллаа.

Агаарын чанарыг багш нар нь гардаж хэмждэг байсан бол энэ хичээлийн жилээс “Эко клуб”ын 6-11дүгээр ангийн сурагчид хариуцжээ. “Сурагчид багаж тeхникээ бүрэн эзэмшиж, мэдлэг туршлагатай болсон учир Орхон аймгийн ЕБ-ын 1, 2, 4, 14, 16 зэрэг сургуулийн агаарын чанарыг хэмжиж зөвлөгөө өглөө. Цаашид манай баг бусад байгууллага, сургуульд ажиллах бололцоотой” гэв.  

5-р сургуулийн санаачилсан төслийг сургуулийн эцэг эхчүүд дэмжин 2020-2022 онд нийт 8.2 сая төгрөгийн хандив өгсөн байна. Энэ бүхнийг сургуулийн хамт олон"Сургууль бүхлээр ажиллах арга хандлага"-ын менежментээр, эцэг эхчүүд, олон нийттэй түншилж хэрэгжүүлсний үр дүн, ТХБ-II төслийн онцлог гэлээ.

 ЕБ-ын 5 дугаар сургуулийн “Агаарын чанар” клубийн гишүүн, сурагч н.АЗЖАРГАЛ, н.ӨНӨБОЛД 

Анги доторх агаар муудахаар хүүхдүүд нозоорч, ханиалгах зэргээр мэдэгддэг. Биеийн тамирын хичээлээс гарч ирэхэд, мөн дасгал хөдөлгөөн хийх үед агаарын чанар буурдаг. Бид өөрсдөө аппаратаараа үзээд хэмжчихдэг. Ялангуяа өвлийн улиралд агаар сэлгэлт бага байх үед агаар бохирдож, чийг буурсан гэж гардаг. Энэ үед агаар цэвэршүүлэгчээ ажиллуулна, цонхоо онгойлгоно. Цонх том онгойж дааруулдаг байсныг өөрчилсөн. 

 “Хоггүй орчин” клубийн ахлагч, сурагч Н.ХОНГОРЗУЛ:

Манай клуб энэ өдөрлөгт эко савангаараа оролцож байна. Бид 6-9 дүгээр ангийнханд хийсэн савангаа үзүүлж танилцуулдаг бол 9-12 дугаар ангийнхантай хамтарч туршилтаа хийдэг. Саванг хийхэд хурдан ч хатаахад 1-2 сар болдог нь хэцүү. Бид нийт 290 саван хийсэн. Манай сургууль бидний хийсэн саванг ашиглаж үзэхээр болсон. Гар, нүүр, хувцсаа угаана, жижиглэж үрээд угаалгын нунтаг ч болгоно. Найрлагад нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн орсон болохоор хор нөлөө байхгүй. Химийн багш биднийг чиглүүлж ажилладаг.


   ЗӨВХӨН ГЭРЛЭЭ СОЛИОД 3,8 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭВ 

Бас нүүрстөрөгчийн ул мөрийг жилд 21 кг-аар бууруулсан гэв. Энэ бол нэг сургуулийн нэг ажлын нэг жилийн үр дүн. Хэрэв үүн шиг 10, 20 сургууль хоёр, гурван жилд...

ТХБ-II төслийн түшиц Орхон аймгийн 14 дүгээр сургууль төслийн хүрээнд "Хэрэгцээ- хэрэглээ -хэмнэлт" төслийг үндэсний үйлдвэрлэгч, орон нутгийн "Анд энeрги" компанитай хамтран хэрэгжүүлж, сургуулийнхаа нийтийн эзэмшлийн талбай, цайны газар, номын сан, анги танхимын 1615 ширхэг /ш/ улайсах гэрэл, 600 ширхэг өдрийн гэрлийг LED гэрлээр сольжээ. Ингэснээр жилд дунджаар 3.8 сая төгрөг хэмнэж, нүүрстөрөгчийн ул мөрийг жилд 21 кг-аар бууруулж чаджээ. Тус сургууль төсөл хөтөлбөрийг сурагч, эцэг эх, мэргэжлийн байгууллага, олон нийттэй хамтран хэрэгжүүлж тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль болох зорилготой гэв.

Сурагч н.МИШЭЭЛ. /11 дугаар анги/:

Манай клубийн сурагчид айл өрхийн цахилгааны зардлыг тооцож, хэмнэх аргаа янз бүрээр туршсан.  Айлууд 17-22 цаг хүртэл маш их цахилгаан хэрэглэдэг. Үүнийг хэмнэхийн тулд нарны зай ашигласан. Тухайлбал зун нарны зайн хураагуурын нэг цагт хуримтлуулсан цахилгаанаар өдрийн хэрэгцээгээ хангаж чадаж байна. Бас 1 кВт.цаг цахилгааныг төгрөг рүү шилжүүлээд сард хэдэн төгрөг төлж байгааг тооцож үзсэн. 

Бид 50 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг байлаа гэж тооцоход хэрэглээгүй үедээ залгууруудаа салгаад, ТВ-ээ унтраагаад байвал нэг сарын дараа 20 мянган төгрөг хэмнэж чадахаар байгааг тооцож гаргасан. Ингэж гэртээ, сургуульдаа хийсэн туршилтуудаараа энэ макетыг хийж хичээлдээ ашиглаж байна.

Сурагч н.АНУЖИН, н.ТЭМҮҮЛЭН /9 дүгээр анги/:

Тухайлбал 9-р ангиудад цахилгаан үүсгүүр, дамжуулалтын туршилтыг 4-5 цаг хийхийн тулд 200 гаруй батарей хэрэглэдэг. Байгаль орчинд маш хортой. Тиймээс бид тэжээл үүсгэгч ашиглаж, мөнгөө хэмнэж, бас аюултай хог хаягдлыг бууруулж байна.

Бас гэртээ байгаа цахилгаан хэрэгслүүдээ бичиж байгаад хүчдэл, гүйдэл, чадал, цаг хугацаагаар нь тооцоод өртгийг нь олдог.  Цахилгааны өртгөө тооцож сурсан. Цахилгаан хэрэгсэлтэй ажиллах аюулгүй байдлын дүрмээ сурч, мөрддөг болсон. Плитка хамгийн их цахилгаан зарцуулдаг юм байна.

14 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.ОЮУНМАА: 


Бид сургалтын хөтөлбөр, хичээлээрээ дамжуулаад эрчим хүчний зөв дадал хэвшилд сургах зорилготой. Багш нараа хөгжүүлэх, сурагчдаа, сургалтын тоног төхөөрөмж материалаар хангах, сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт хийх гээд анх төслөө эхлэхдээ дөрвөн зорилт дэвшүүлсэн. Сургалтын хөтөлбөр дээрээ нэлээн ажилласан. 1-5 дугаар ангийн 8 судлагдахууны хүрээнд  эрчим хүчний агуулгатай нийт 21 хичээл байна. Үүнийг интеграцчилах боломж байгааг гаргаж ирлээ. Тухайн туршилтын хичээлүүдээ хэрэглэгдэхүүнүүдээр баяжуулж зааснаар сурагчдын сурлагын хоцрогдлыг бууруулж, чанарт нөлөөллөө. 

Сурагчдаар дамжуулан эцэг эх, гэр бүлийг зөв дадал хэвшилд уриалж нөлөөлж чадсан гэж дүгнэж байна. Мөн Дулааны цахилгаан станц, “Анд энерги” зэрэг үйлдвэрлэгчтэйгээ хамтран түншилж ажиллаж байна.

                    


Орхон аймгийн БШУГ-ын ахлах мэргэжилтэн Д.ДАШНЯМ: 


-ТХБ-II төслийн үндсэн болоод дэд төслүүд Орхон аймагт амжилттай хэрэгжлээ гэж хаа хаанаа дүгнэлээ. Цаашдаа энэ ололтуудаа хэрхэн яаж тогтвортой авч явж, түгээн дэлгэрүүлэх вэ?  

Орхон аймгийн дөрвөн сургууль ТХБ-II төслийн хүрээнд өөр өөрийн гэсэн онцлогтой төслүүд хэрэгжүүлсэн. Түүгээрээ загвар сургууль болно гэсэн зорилттой байна. Энэ хугацаанд орон нутгаас тухайн сургуулиудаа санхүүгээр мөн дэмжиж байлаа. Тогтвортой хөгжлийн бодлого аймгийн бүх салбарын хөгжлийн бодлогод шингэсэн. 

Орхон аймгийн “Ногоон хөгжлийн бодлого 2025”, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ногоон хөгжлийг дэмжсэн “Нэг төсөл- нэг сургууль” хөтөлбөр хэрэгжүүлж, энэ чиглэлээрх сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Жишээ нь эрчим хүчний хэмнэлтийг нэг сургууль, нэг цэцэрлэгт хэрэгжүүлэх гэх зэргээр 2025 он гэхэд нэг чиглэлээр дагасан сургууль, цэцэрлэгийг 20-д хүргэх зорилттой байна.

ТХБ-II төслийн хамтарсан гэрээний хүрээнд орон нутгийн төсвөөс нэг сургуульд 7,5 сая, нийт 30 сая, мөн Орхон аймгийн БОАЖГ энэ төсөлд хамтран 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Хувийн хэвшил, олон нийт бас дэмжлээ. Төслийн үр дүнг тогтвортой авч явж, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхийн тулд аймгийн ИТХ, нийгмийн бодлогын хороонд үр дүнг танилцуулан дэмжлэг аваад байна.

-ТХБ-II төсөлд хамрагдсан түшиц аймгийн хувьд энэ төслийн эцсийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?  

Хамгийн чухал нь сургуулийн менежмент, хүний нөөцийн асуудалд анхаарсан. Сургуулийн арга барил, менежментэд өөрчлөлт орлоо. Тэр хэрээр сургалтын байгууллагын гол зорилго болох сургалтын чанар дээшиллээ. Сургалтын чанарыг дээшлүүлнэ гэдэг нь багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх явдал. Энэ чиглэлд манай аймагт ТХБ төсөл хэрэгжүүлсэн сургуулиуд нэг, хоёрдугаар байранд орсон нь үүнийг гэрчилж байна. 


Сэтгүүлч Д.Даваадулам