УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг 71.4 хувийн саналаар огцрууллаа.

Тэрбээр чуулганы хуралдаанд өөрийн үгээ хэлсэн юм.


Бүтэн нэг жил хоёр сар гаруйн хугацаанд энэ том салбарыг удирдахад хамтарч ажилласан Ерөнхий сайд болон бусад Засгийн газрын гишүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж байна.Нэг жилийн хугацаанд хамт олонтойгоо БСШСЯ-нд 30 гаруй жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө чадлаараа эрч, хүчтэй зөв менежмент хийж ажиллах зорилт тавьж ажилласан. Мэдээжийн хэрэг биднийг сайн ажилласан, муу ажилласан уу гэдгийг цаг хугацаа харуулна. Салбарын бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлэе. Анх ажил хүлээж авахад 13 яамны сүүлийг мушгиж байсан салбарыг хүлээж авсан. Сүүлд үр дүнгийн гэрээгээр салбар маань урьдчилсан байдлаар 50-60 оноотойгоор 90 оноогоор дүгнэгдсэн. Энэ бол ажлын багагүй амжилт гэж хамт олныхоо зүтгэлийг үнэлж байна. Миний хувьд хувь улстөрчийн ёс зүйн үүднээсээ энэ шийдвэрийг гаргасан. Улс төрч  хүний хувьд ёс зүйг ажил мэргэжлээсээ илүүд тавих ёстой гэж бодож явдаг. Энэ зарчим маань ажлаа өгөхөд хүргэсэн учраас салбарын нөхдөөсөө хүлцэл өчиж, зөвөөр ойлгохыг хүсэж байна. Төгсгөлд нь хэлэхэд би энэ салбараас явж байгаа юм чинь гээд хөсөр хаяж болохгүй. Манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн, хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч хамтарч ажиллах бололцоогүй, хувийн ёс зүйн болоод төрийн ажлын дадлага туршлагагүй хүн байгаа. Энэ том салбарыг зөв сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулах тал дээр онцгойлон анхаараарай гэж Ерөнхий сайдад захимаар байна. Өнөөдөр ажиллаж байгаа ТНБД Б.Баярсайханыг солихгүй бол энэ салбарын ажил явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах чадваргүй. Ямар ч албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог. Би ямар нэгэн зүйл гадагш нь ярилгүйгээр тэвчиж 3-4 сарыг өнгөрөөсөн. Надад хувиа хичээх эрх байхгүй учраас энэ үгийг хэлж байна.