Камерын өмнө сайхан харагдахыг хүсэгчдэд зориулан телевизийн сэтгүүлч Цагааны Оюундарийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр “Жорлонгоо өөрчилье” багийн залуу манлайлагч эмэгтэйчүүдэд зориулан энэ тухай ярьсан болохоор оршил хэсэгтээ өөрийнхөө тухай хүүрнэсэн юм.Олны танил эмэгтэйн “түүхэн замнал”-ыг  сонирхсон уншигчид маань эхний хэсэгт анхаарал хандуулаарай. Харин удаах хэсгээс камерын өмнө алдаа гаргахгүй байхад тань тус болох зөвлөгөөг хүлээж авна уу. Тэрбээр яриагаа ийнхүү эхэллээ. 

Америкт очоод, эхний гурван  сард хэл сурна гэж төсөөлж байлаа

Зарим хүмүүс намайг мэдэхгүй байж магадгүй. Тийм учраас өөрийгөөтанилцуулъя.  Намайг Цагааны Оюундарь гэдэг. 1993 онд сургууль төгссөн. Он хэлэхээр жаахан ичээд байдаг юм. (инээв)  “Улс төр судлаач, эдийн засагч” гэдэг мэргэжлээр төгсөөд, тухайн үеийн Монгол телевиз буюу одоогийн  Монголын үндэсний олон нийтийн телевизэд  Нийгэм, эдийн засгийн редакцид ажиллаж эхэлсэн. 1996 онд мэдээний тоймч болж байлаа. 1997 онд шинэ юм яриад байдаг мундаг хүүхэд гараад ирлээ гэнгүүтээ намайг дарга болгочихсон. 1998 онд шинэ Засгийн газар байгуулагдахад телевизэд гайгүй “толгойтой” хүүхэд байх шиг байна хажуудаа авья гээд гээд урьж байв. Уг нь эфиртээ ярьж байсан бол тэдэнд хэрэгтэй байсан ч намайг  Засгийн газрын хэвлэлийн албаны дарга болгочихсон юм. Тухайн үед аав “Төр, засаг урьж байхад очилгүй яах вэ” гэж билээ. Одооны сэтгэлгээгээр бол карьераа “алсан” байгаа юм. Манай Засгийн газар гуравхан сар “амьдраад” огцорч, үүрэг гүйцэтгэгчээр дахин таван сар ажилласан.  Найман сар ордонд байлаа. 1999 онд “Ийгл” телевиз  байгуулагдахад захирлаар очив. Тэнд “Зууны луйвар” эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн дээ. Тухайн үед Эрдэнэт гэж улсын том концернийг хэрхэн луйвардсан тухай нэвтрүүлэг.  Одоогийн Монгол дахь авилгын сүлжээний эхлэл нь тэр байсан юм. Улс төрд мөнгө  оруулж ирсэн хамгийн том ажиллагааны тухай сурвалжилж, зургаан цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. 108 минутанд ярьж барахгүй их материал байлаа. 

2000 онд манай хүн ослоор нас барж, би хоёр нялх хүүхэдтэй үлдсэн юм. Орон гэрээ тэжээх боллоо. Тэр үед гучин настай, хоёр нялх хүүхэдтэй эмэгтэй бол бараг л шууд “оршуулагдаж”  байгаа юм. Тэр үеийн сэтгэхүйгээр бол ямар ч ирээдүй байхгүй гэсэн үг. Тухайн үеийн хамгийн өндөр цалинтай ажил гадаадын төсөл байлаа. Гадаад хэлтэй болж, өндөр цалинтай ажилд орж, хоёр хүүхдээ тэжээе гэсэн ганцхан мөрөөдөлтэй. Хэл сурахаар шийдлээ. Америкт очоод, эхний гурван сард хэлээ сурчихна гэж төсөөлж байлаа. Англи хэлийг гурван сар сурдаг гээд яагаад ч юм бодчихсон. (инээв)  Тэр үед дандаагурван сарын хэлний курсууд байсан л даа.  Гэтэл“ангайсаар” байтал, чих дөнгөж “онгойгоод” гурван сар өнгөрлөө. Гэсэн ч үр хүүхдээ тэжээнэ гэсэн хүчтэй зорилго тавьсан маань  багш нарт өөрийн эрхгүй мэдрэгдсэн бололтой. Хөөрхий амьтан, аймаар идэвхитэй, гүйж очиж асуугаад явахаар багш нар маань өрөвдсөн юм байлгүй. Надад дахиад зургаан сарын тэтгэлэг олж өгсөн юм. Харин амьдрах зардлаа өөрөө олох ёстой байлаа. Ингэж нэг юм англи хэл сурсан. Тэр хооронд өөрийнхөө түүхийг ярина шүү дээ. Америкчууд хүнд их тусламтгай. Чи ингэ, тэг гээд зөвлөгөө өгсөн.  Ингээд цагаачдын албанд өргөдөл гаргаад, оршин суух эрхтэй болсон. Хоёр хүүхдээ аваад, Америкт хэсэг амьдарсан юм. Энэ бүх процесс нийлсээр, зургаан жилийг Америкт  өнгөрүүлсэн дээ. Зорилготой хүн байнга шинэ юм эрж хайж байдаг. Америкт маш олон үнэгүй сургалтууд байдаг. Үнэгүй фотошопын сургалт, камерын, англи хэлний сургалтууд явдаг. Community centreгэж байдаг. Тэндэхийн зарлалыг харж байгаад очиж сууна. Тэгэх тоолондоо шинэ хүмүүстэй уулзаж, түүхээ ярьдаг. Америкчууд хувийн амьдралаа бусдад “мангар” их ярьдаг, яриа хүмүүс. Форест Гамп шиг л автобусанд явахдаа ч дэргэдэх хүндээ хамаг юмаа ярьчихдаг.  Тэр маягаар хамаг амьдралаа ярьж яваад, цагаачдад тусалдаг төрийн бус байгууллагын хүмүүстэй таарсан юм. Тэд цагаачдад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар видео хийж өгөх хүн хайж, зар тавьсан байв. Тэдэн дээр очоод, “Би видео хийж чаддаг. Гэхдээ надад камер байхгүй, тэрийг хангавал би хийгээд өгье” гэсэн юм. Тэнд видео хийхэд үнэтэй. Ингээд надад камер өглөө. Гурван өдөр баахан цагаач хүмүүсээс яриа авч, видеогоо хийлээ. Үйл ажиллагаа нь болсон өдөр Америкийн гурван том телевизийннэг "CBS" телевизийн Сан Францискогийн салбараас хүн ирсэн байлаа. “Энэ видеог Монголоос ирсэн эмэгтэй хийсэн юм” гэж түүнд танилцуулсан чинь “Гоё видео хийсэн байна. Над руу яриарай” гэсэн юм. Продюсортойгоо уулзуулж, би  тэнд жил ажиллах боллоо. Берклид  суралцах хүсэлт гаргаад, тэнд хоёр жил мастер хийсэн юм. Сурсанаа хэрэгжүүлье гэсэн  амбицтай Монголдоо буцаж ирээд, олон нийтийн телевизийн захирал болсон. Тэр үеэр “хувьсгалын тохироо” бүрдсэн, захирал байсан хүн халагдсан байв. Дунд нь завсарласан ч анх ажилд орж байсан газраа ерөнхий захирал хүртлээ ажиллаж, “Үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг салбартаа бол карьерийнхаа оргилд хүрсэн. 

Ингээд шинэ талбар буюу нийгмийн ажил руу орсон юм. Энэ талбар маш их таалагдаж байна. Яагаад гэвэл бидний үеийнхэн хаагдмал орчинд амьдарч байсан. Манай салбар бас их хаагдмал.  Айлын хойморт зурагтаар яриад байхаар хүмүүс биднийг мундаг гэж боддог. Үнэндээ би олон хүний өмнө гарахаараа чичирч салганадаг байсан. 

Анх Ц.Оюунгэрэл бид хоёр 1998 онд танилцсан ч  огцорч, чөлөөтэй болсоныхоо дараа хүнийхээ хувьд бие биенээ мэддэг болсон юм.  Дарс уунгаа ярилцаж билээ. Ц.Оюунгэрэл камерын өмнө гарахаараа салгалдаг байсан. Ээж нь олон хүний өмнө илтгэдэг хүн байсан болохоор Ц.Оюунгэрэл ч олон хүний нүд гялалзахаар онгод нь ордог юм байна л даа. Харин битүү орчинд, гэрэл асаагаад, камер ажиллахад сандардаг. Би бол яг эсрэгээрээ олон хүний нүд харахаараа айдаг. Одоо ч энэ айдсаа хүчээр дардаг юм. Телевизийн студид орж үзсэн бол битүү,  хав харанхуй, ямар ч цонхгүй, гэрэлгүй өрөөнд бүх гэрэл унтраад, зөвхөн ярьж байгаа над дээр гэрэл тусч, камер руу харж ярьдаг байхгүй юу. Маш сайн төвлөрч байна гэсэн үг.

Сүүлд олон нийтийн ажил хийж, хүмүүсийн өмнө ярьдаг шинэ хэв маягт суралцсан юм. Аль аль нь бидэнд хэрэгтэй. Гэхдээ камерын өмнө хэрхэн биеэ авч явах талаар та бүхэнд ярьж өгье.

Эфирт гарах гэж байгаа хүн хамгийн түрүүнд шүдээ сайтар цэвэрлэх ёстой 

Камерын өмнө амьдрал дээрхээс арай өөр байхыг шаарддаг. Яагаад гэвэл хүний нүд өргөн дурангаар хардаг. Эмэгтэйчүүдийн тархи харин олон хараатай. Энд хүүхдээ харж байхдаа ч тэнд цай буцалж байгааг анзаардаг.  Цаана нөхөр өөр юм хийж байгааг бас харж амжаад “Болиоч ээ” гэж хашгирна. Тэр бүхэн, төвлөрөөгүй байдал чинь  камерт шууд харагддаг. Камер шууд фокусладаг. Батга, цэцэгний дэлбээний тоосонцорыг хүртэл харуулдаг. Бүр харцаар чинь дамжуулаад доторхийг чинь ч харуулдаг учраас дурангийн өмнө өөрийнхөөрөө байх хэрэгтэй болно. 

Ийм нөхцөлд биеэ авч явах хэд хэдэн дүрэм бий. Бусадтай харьцахдаа хүн нүүрний гурван хэсгийг онцолж хардаг юм байна л даа. Ялангуяа эмэгтэй хүнийг харахдаа аман хэсэг, бүр дээрэлхсэн маягтай харвал дух хэсэг, энэ гурвалжин хэсгийг хардаг. Энэ гурвалжин хэсэгт байгаа хамгийн их хөдөлж байгаа нь ам. 

#Шүд камерт тод харагддаг. Тийм учраас эфирт гарах гэж байгаа хүн хамгийн түрүүнд шүдээ сайтар цэвэрлэх ёстой. Шүдээ өнгөлүүлж, дутуу шүдээ хийлгэх учиртай. Гэхдээ “Дирол”-ын рекламанд тоглож байгаа юм шиг хэтрүүлж болохгүй. Гоё байх гол биш. Өөрийнхөөрөө, бүрэн бүтэн, цэвэрхэн байхад болно.

Эмэгтэйчүүдийн хувьд будалтын асуудал бий.  Их будвал хиймэл харагдана. Ерээд онд камер дижитал биш байсан үед телевизийн нэвтрүүлэгчид асар их буддаг байсан. Одоо бол тийм шаардлага байхгүй. Ярьж байгаа зүйлдээ үзэгчдийн анхаарлыг татахын тулд царай зүс, өмссөн зүүсэндээ төвлөрүүлж болохгүй. Мэдээж сэтгэгдэл үлдээхийн тулд өөрийнхөө тодруулах ёстой хэсгүүдээ тодруулна. 

≠Камер гэрэл мэдрэмтгий. Эфирт бас нэг хориотой зүйл бол гялгар  гялтгар зүйлс.  Үзэгч  дөрвөлжин дотор чамайг харж яриаг чинь сонсох гэж байтал энгэр дээр чинь алмаз гялалзаад, хувцас нь гялтагнаад байвал анхаарал нь сарнина.  

❝Шоу хийж байгаа бол өөр шүү дээ. Жүжигчид, дуучид бол хөдөлгөөн, өмссөн зүүсэнээрээ анхаарал татаж байдаг. Гялгараас гадна хэт эрээн мяраан хувцас зохимжгүй. Тууш судлууд хөдөлж харагддаг. Торон хувцаснаас бас зайлсхий. Хээ жижигрэх тусмаа сарниулна. Том хээтэй, болж өгвөл цулгуй хувцас зүгээр. ❞

#Том зүүлт ээмэг, сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Засгийн газрын нэг гишүүн мэдээлэл хийхэд хүмүүс том цаг, бөгжин дээр нь анхаарал хандуулаад сошиалаар цаг нь тийм үнэтэй гэнэ ээ, бөгж нь төд юм байна гээд шуугисан шүү дээ. Том бөгж, ээмэг, зүүлт тэр тусмаа үнэтэй байвал бүр ч сөрөг сэтгэгдэл үлдээдэг. Дуучин хүн ярилцлага өгч байгаа бол өөр шүү дээ. Тэр хүн бол стилиэрээ гайхуулж байгаа. Н.Багабандийн эхнэрийн энгэр дээрх алмазан зүүлт гээд нэг хэсэг яриа хөөрөө өрнөж байсан. Тэгэхэд монголчууд ядуу байсан. Уул уурхайн том төслүүд хөдлөөгүй. Тийм үед тэр хүний энгэрт байгаа алмазан зүүлт хэвлэлийнхний анхаарлыг татсан хэрэг. Уг нь Н.Багабанди гуайн эхнэр юм ярьдаггүй хүн шүү дээ. Зүгээр л ард нь зогссон чинь алмазан зүүлт нь олны анхаарлыг татчихсан. Хэтэрхий үнэтэй, том эд зүйлс тэгж анхаарал татдаг. 

Дэлгэцээр гарахад хэт нимгэн хувцас өмсвөл олон гэрэлд нэвт харагддаг. Тэр байтугай хүний хиймэл хамар гэрэлтэж харагддаг шүү дээ. Хүний нимгэн арьстай хэсгийг нэвт харагдуулж байгаа юм чинь хөхөвчний торыг ч нэвт харагдуулна шүү дээ. 

Эфирт брэндийн, үнийг нь тодорхойлох боломжтой, бичиг  сачигтай, хувцас хунар, цүнх сав зохимжгүй.

Эфирт төдийгүй олон нийтэд огт хүлээн зөвшөөрөгддөггүй. Тэр брэндийн цаана үнэ цэнэ байдаг.  Жирийн ажилтан хүн олж авч чадахгүй зүйлс хэрэглэж байгаа бол ямар нэг муу аргаар олж авсан гэсэн сэтгэгдэл автоматаар буудаг. Тийм учраас хүмүүс эгдүүцэж, шүүмжлээд байгаа юм. УИХ-ын гишүүн болоод л LV-тэй болчихлоо гээд шууд дүгнэчихдэг.  Найз өгсөн гэж мянга хэлээд нэмэргүй. Магадгүй зах дээрээс авсан ороолт ч байж болно шүү дээ. Брэндийн тэмдэгнээсээ болоод сөрөг ойлголт төрүүлдэг. Тэгэхээр ямар ч брэндийн тэмдэг хэрэггүй.

Хэт бариу хувцас зохимжгүй. Харвин, хамаг юмыг асар тодруулж харуулдаг. Америкт  “Таван кг-ийн шуудайд 10 кг гурил хийчихсэн” гэдэг хэллэг байдаг. Бага зэрэг бариу хувцас ч дурангийн өмнө “чихсэн” юм шиг харагддаг.

Хэт үнэтэй хувцас зохимжгүйтэй адил хэт ядуу харагдаж бас болохгүй. Үнийг нь шууд тааж мэдэхээргүй хувцас өмсөх хэрэгтэй. Тийм учраас улстөрчид хувийн оёдолчинтой байдаг. Хэт үнэтэй хувцас, хэт задгай хувцас, хэт загварлаг байдал зохимжгүй.  


Олон нийтийн өмнө үзэгдэх байдлаа хэрхэн эерэгээр авч явах вэ? 

Камерын өмнө өөрийн эрхгүй хийдэг үйлдлүүд бий. Бага зэрэг авир үзүүлэхэд асар тодорч харагддаг. Камерын өмнө авираа дарах ёстой болно. Буянгийн Жагаатай хамт хэлэлцүүлэгт орж байна гэж бодьё л доо. Түүнийг үг хэлэхээр нь “Энэ одоо юу вэ” гээд амандаа бага зэрэг сссс.... гэхэд л Буянгийн Жагааг бус нүдээ эргэлдүүлж буй өөрийг чинь “Энэ цэхэлзээд л явчихлаа” гэж хүмүүс хүлээж авдаг. Үсээ илдэг гэх мэт зуршлаа хүн анзаардаггүй. Жижиг үйлдлүүдээ ч анхаарах хэрэгтэй. Камерын өмнө хөмсөг зангидахад л яравгар харагдах жишээтэй. 30 минутын бичлэг хийлгээд харахад хүний авир тод харагддаг. 30 минут тасралтгүй ярихад хүн өөрийн эрхгүй бүх авираа гаргадаг. 

Хүний нүд сэтгэлийн илэрхийлэл байдаг.Камертай харьцаж сураагүй хүмүүс дурангийн өөдөөс эгц харж чаддаггүй. Нүдээ анивчих нь дэлгэцээр зовлонтой харагддаг. Зурагт үзэж байгаа хүн чамайг камераас айж байгаа гэж бодохгүй. Өөдөөс дальдчаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Нүд нь гүйгээд байвал “Нүд нь тогтохгүй, хулгайч царайтай нөхөр байна” гэцгээдэг. Хүнд хүргэх гол үгээ хэлэхдээ камер руу тогтож харж байгаад нүдээ цавчихгүй хэлээрэй. Тэгж байж үзэж байгаа хүн надад хэлээд байна шүү дээ гэж мэдэрнэ. 

#Ялхайж сууж болохгүй. Сандлынхаа гуравны нэг дээр цэх суух хэрэгтэй. Ялхайж сууж, авир гаргах, нүдээ хэт хөдөлгөх, хөмсөг зангидах зохисгүй шүү гэсэн юм. 


Жорлонгийн хувьсгалын “дайчид” залуу манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх хоёр сарын турш үргэлжилсэн уг сургалтыг “Нутгийн шийдэл” ТББ зохион байгуулж, “Конрад Аденауэр сан” санхүүжүүлжээ.