Цэдэнбалын Цэрэндолгор
11 сарын 13, 2019
ШИМТ+ буюу Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологийн мэдлэг олгох “бүтээлч боловсролын төв” нээгдээд удаагүй байна. Тус төв нь STEAM боловсролын Монгол агуулгыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм байна.
STEAM бол Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн үгийн товчлол билээ.
Ихэнх сургалт, боловсролын төвүүд хүүхдүүдийг академик боловсролоор “нүдэж” залхааж орхидог сул талтай. Харин энэхүү ШИМТ+ хөтөлбөрт /энд дарж фэйсбүүк хуудсаар нь орно уу/ хамрагдсанаар таны хүүхэд хорвоо ертөнц, эргэн тойрноо танин мэдэх хүсэлд хөтлөгдөж, шинжлэх ухаанч, аливаад бүтээлч хандлагатай хүн болон төлөвшдөгөөрөө давуу талтай.
Хүүхдүүд тоглонгоо хэрхэн сонирхолтой байдлаар шинжлэх ухаантай танилцаж болох сургалттай, орчныг хүүхдэд ээлтэй, тав тухтай байхаар тохижуулсан энэхүү төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн гүйцэтгэх захирал, Физикийн ухааны доктор PhD Ц.Хос-Очир, тус төвийн зөвлөх проф. М.Ганбат нартай ярилцлаа.
-Хүүхдүүд ийм багаасаа шинжлэх ухааны туршилтыг хийж байгаа нь сонирхолтой санагдлаа. Яг ямар төрлийн туршилт, хичээлүүд ордог байна вэ?
-Ц.Х: Бид хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг үйлдэн суралцах арга зүйгээр дамжуулан олгодог. Энэ нь олон улсад ихээхэн хөгжиж байгаа STEAM туршилтын хэрэгсэл дээр хүүхдүүд ажиллаж, өөрсдөө багажаа угсарч, шинжлэх ухааны туршилт хийх замаар шинжлэх ухаанч хандлагаа хөгжүүлж, технологийн хэрэглээнд суралцаж буй явц юм.
ЕБС-д физик, хими, математик, технологи гэх мэт хичээлийг заахдаа голдуу уламжлалт хэлбэрээр мэдээлэл өгөх, бодлого бодуулах, тодорхой хэмжигдэхүүнийг тодорхойлох туршилт хийх аргаар явуулдаг. Харин бид сонирхолтой болгохын тулд зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн ур чадварыг бие даан эзэмших боломж олгоход анхаарч байна.
Тухайлбал, энэ бол хосолсон хөдөлгүүрт буюу hybrid машин. Хүүхдүүд машинаа угсрахын тулд эхлээд батерейг өөрсдөө хийдэг юм. Хүүхдүүд батерей л гэж мэдэхээс биш яг юугаар хийдэг, хэдэн төрөл байдаг, цэнэглэдэг бас цэнэглэдэггүй нь юугаараа ялгаатай талаар ойлголт багатай. Харин энд хүүхдүүд машинаа угсарч ажиллуулахын тулд давсны уусмал ашиглаж батерей хийнэ, хийснээ сайжруулахын тулд давсны орцыг тааруулах туршилт судалгаа хийнэ. Давсны орцоороо ялгаатай уусмалууд бэлтгэж, хүчдэлийг хэмжин машинаа ажиллуулах туршилт хийнэ. Давсны оронд элсэн чихэр хүртэл хийж үзэн юу болохыг туршиж үзнэ. Багшийн удирдлага доор ажиллаж байгаа учраас ойлгохгүй зүйлээ багшаас асуудаг. Зарим хүмүүс леготой төстэй юм уу гэж асуудаг юм. Үнэндээ леготой угсардаг хэсгээрээ л адилхан, бусдаар хичээл болгоны эхэнд хүүхдэд яг юу хийх, ямар асуудлыг шийдвэрлэх гэж байгааг хэлэлцэнэ, тоглоомоо утга учиртай угсарна, дараа бодит туршилт хийнэ, мэдлэг бүтээнэ, уг сэдвээ бүрэн ойлгосон эсэхийг шалгах бүтээлч даалгавар хийдгээрээ олон давуу талтай юм.
Лего тодорхой нэг зүйлийг хийгээд дуусдаг бол энэхүү шинжлэх ухаанч тоглоомууд дээр жишээ нь машин угсарсан бол араа, шүд нь хоорондоо хэрхэн уялдаж ажиллаж байгааг, хүчийг хэрхэн тааруулах ёстойг гээд тухайн эд юмсын үйл ажиллагааг ажиглаж, тэдгээрийн харилцан хамаарал учир шалтгааныг олох эрэл хайгуул хийдгээрээ давуу талтай. Ингэж учрыг нь ойлгосон хүүхдүүд бие дааж өөрсдөө бүтээлч даалгавар хийхдээ түүртдэггүй.
Хэрэв ойлгоогүй бол багш нь чиглүүлж, бага зэрэг дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Хүүхдийн паркийн жижигрүүлсэн хувилбар дээр ажилласан хүүхдүүд тэнд байдаг тоглоомууд ямар технологиор яаж ажиллаж байгааг нь сурна гэсэн үг. Сэдэв болгон өөр өөрийн онцлог хичээлтэй. Химийн батерей гэдэг сэдвийн дор өөр өөр агуулга бүхий 20 гаруй хичээл бий.
-Эцэг эхчүүд энэхүү шинэлэг арга барилыг хэрхэн ойлгож хүлээж авч байна вэ?
-Ц.Х: Төв маань нээгдсэн цагаас хойш эцэг эхчүүд сургалтын арга барилын талаар нэлээд асууж сонирхож байна. Ихэнх эцэг эхчүүд STEAM-ийн талаар “тоглоом” гэдэг андуу төсөөлөлтэй яваа нь анзаарагддаг. Харин сайн тайлбарласны дараа үнэхээр хүүхдэд хэрэгтэй өвөрмөц шинэ сургалт гэж хүлээн зөвшөөрдөг. Манай төвийн хөтөлбөр сургалтыг сонирхож ирсэн нэг хүүхдийн аав “Одоогийн цаг үе сайхан болжээ. Бид багадаа юмны учир шалтгааныг олох гэж янз бүрийн оролдлого хийсэн. Цагны араа, схем яаж ажилладгийг нь мэдэх гэж эвдэж байлаа. Гэтэл одоо хүүхдүүд тойрч суугаад л тоглонгоо л тухайн техник хэрэгсэл яаж ажилладаг талаар ойлгоод авчихдаг болсон байна. Хүүхдэд шинжлэх ухааны бүтээлч сэтгэхүй чухал” гээд хүүхдээ сургахаар болсон.
Бид эхлээд суралцахаар ирсэн хүүхдэд эхлээд тухайн үзэж байгаа сэдэвтэй нь холбоотой танин мэдэхүйн ойлголтыг өгдөг. Тухайлбал түрүүн ярьсан хослосон хөдөлгүүрт машин гэдэг хичээл дээр яагаад батерей эсвэл бензин, шатахуунаар ажилладаг болон араа шүд нь хоорондоо уялдаатайгаар хөдөлдөг тухай танин мэдэхүйн ойлголтоор хичээл эхэлдэг. Хэрэв газрын тос дуусвал машиныг хэрхэн ажиллуулах вэ гэсэн асуудал дэвшүүлж нэг шийдэл нь батерей юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Дараа нь зааврын дагуу машинаа угсарна.
Ажиглалтаар туршилт хийлгэснээр хүүхэд өөрөө өөртөө системтэй мэдлэг бий болгож байгаа юм. Нэг удаагийн хичээлээр тухайн хичээлийн агуулгаас хамаараад хоёр ч хичээл үзэх боломжтой. STEAM-ийн сургалтад хамрагдсанаар хүүхдийн авьяасыг багаас нь нээж, цаашдийн мэргэжил сонголтод нөлөөлөх боломжтой.
-Код бичиж сурах хичээл хүртэл байгаа гэсэн. Хэдэн насныхан энэ хичээлд хамрагдах боломжтой вэ?
-Ц.Х: Орчин үеийн боловсролын хандлагын нэг нь кодын сургалт. Бага насны хүүхдүүд жижиг машиныг хэрхэн ажиллуулахыг зорьж байна түүгээрээ зориулалтын карт цувуулж зам тавиад машинаа явуулдаг юм. Ингэснээр машин нь програмчлагдаж байна гэсэн үг. Одоо машинаа хотын угсарсан газрын зураг дээр машинаа явуулахаар нөгөө уншуулсан программын дагуу явдаг гэсэн үг. Жижиг карт болгон нь цаанаа код, програмчлалын хэлний талаар ойлголт авна. Дунд ангийнханд зориулсан төхөөрөмжүүдийг утсаараа код бичээд удирддаг. Урдаа мэдрэгчтэй учраас саад таарвал буцаж эргэнэ. Манай төвд орж байгаа бүхий л хичээлүүд шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой. Ийм туршилтын хэрэгслүүд хүүхдийг аливааг хийхдээ бүтээлч сэтгэлгээтэй хүн болгон төлөвшүүлдэг.
- ШИМТ+ хэмээх сургалтын арга барилын давуу тал нь юу вэ?
-ШИМТ+ боловсрол нь хүүхэд ямар ч мэргэжил сонгосон амьдралын туршид хэрэглэгдэх чадвар дадал хандлагыг суулгадаг.
-Ц.Х: Өнөөдөр дэлхийн бүхий л улс гүрнүүд шинжлэх ухааны боловсролын шинэчлэлийн дараагийн шатанд шилжиж байна. Энэ бол ШИМТ+ буюу STEAM боловсролын асуудал юм. 2000 оноос дэлхий нийт зөвхөн шинжлэх ухаан, технологи хангалтгүйг ойлгосон. Ингээд зохион бүтээх, инженерчлэл, математиктай холбох ёстой гэж үзээд АНУ-д үүнийг 21 дүгээр зууны иргэдийн бүх нийтийн боловсрол гээд зарлачихсан. Хөгжсөн орнуудын их дээд сургуулиудын 30 хувь, ЕБС-ийн 30 хувь энэхүү боловсролын арга барил руу шилжиж байна. Шанхайд гэхэд STEАM боловсролын асуудлаар жилд таван удаа хурал, экспо, үзэсгэлэн гарч танилцуулдаг болжээ. Европын орнуудад ч ялгаагүй ихээхэн ач холбогдол өгч байна.
-М.Г: Аливаа суудал шийдвэрлэх арга барилд сургах, цаашлаад байгалийн шинжлэх ухаан, технологи, математик зэрэг салбар шинжлэх ухаанууд хоорондоо салахын аргагүй холбоотой зүйлс, бие биеэ хэрхэн нөхөж, бүтээж байгааг ойлгуулж, бүтээлчээр ажиллаж, амьдрах арга барил эзэмшүүлдэг.
STEАM боловсролын шинэчлэлийн гол зорилго нь шинэ үеэ нийтээр нь хүн болж төлөвших гол үед нь “хайрцаглагдсан сэтгэлгээ”-нээс гаргаж, өөрөө янз бүрийн туршилт хийж, оролдож, асуултын хариуг цөхрөлтгүй хайдаг болж төлөвшдөг.
Мэдээж хэдий чинээ олон хүүхэд STEАM-д сонирхолтой болно, төдий чинээ нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэгдэх үндэс болно. Тийм учраас сүүлийн зургаан жил STEAM-ийг монгол хөрсөнд буулгахаар ажиллаж байна. Эхнээсээ боловсролын зарим хөтөлбөрт тусгасанд олзуурхдаг. Гэхдээ боловсролын бүх шатанд анхаарах ёстой асуудал хэвээрээ л байна. Гэтэл STEАM-ийн ач холбогдлыг аль хэдийнэ мэдсэн хөгжиж буй орнууд том зургаар нь харж албан сургалтаас гадна бүр бодлогоор анхаараад эхэлчихлээ. Би Улсын физикийн олимпиадын хорооны даргаар ажилладаг. Сүүлийн олон улсын олимпиадад STEAM дээр суурилсан дадлага туршилтын ажил тавигдаж байна. Энэ нь хичээлийн дутууг нөхөж байгаа зүйл биш, бие даасан шинэ боловсрол.
-Гадны орнуудад энэ чиглэлд хэрхэн анхаарч байна вэ, бид тэднээс юугаараа ялгарах вэ?
-М.Г: Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин “Хэн нэгний өчигдрөөр бид маргаашаа хийхгүй” гэсэн. Үнэн л дээ, бид хэт өндөр хөгжсөн орнуудын техник технологийг араас нь элдэж хөөгөөд гүйцэхгүй. Үргэлж нэг алхмын ард явна. Тиймээс бид судлагдахууны академик талыг эвдэхгүйгээр, харин ч улам хөгжүүлж агуулгын, хичээл хоорондын ерөнхий, мета -холбоосыг илрүүлэх замаар шинэ түвшинд хүрч чадна гэсэн итгэлээр ажиллаж байна. Товчоор Мета STEAM гэж хэлж болно. Энэ бол монгол хүүхдийн оюуны онцлогт тохирсон шинэ арга юм. Азийнхан аливааг ерөнхийгөөс тусгайд, тусгайгаас ерөнхийд дэвшин шилжих үйлийг арга -билгийн хослолоор гүйцэтгэж сэтгэдэг онцлогтой. Эндээс бид МЕТА –ШИМТ гэсэн цоо шинэ онолд суурилсан хөтөлбөр дэвшүүлж сургалтад амжилттай хэрэглэж байна. Энэ хөтөлбөрөө ШИМТ+ сургалтын төв, түүний харьяа сургуулиудад хэрэгжүүлнэ. Энэ бол хүүхдийн оюуны чадвар чадамжийг маш хурдтайгаар хөгжүүлэх технологи юм. Өмнөговь аймгийн сурагчдад 10 өдөрт явуулсан сургалтын дүнд ЭЕШ-д маш өндөр үзүүлэлт гаргасан. Дагнасан мэргэжилтэй хүмүүс ажлын байргүй болох цаг үе ирээд байна. Хиймэл оюун ухаантай роботууд эрчимтэй хөгжиж байна. Тиймээс бид ухаалаг машины жолоочийг биш, харин бүтээдэг дэлхийн монгол иргэнийг бэлтгэх зорилтыг дэвшүүлж байна. Дэлхийн шилдэг технологийн компаниуд шинжлэх ухаан, технологид суурилж ажиллаж амжилтад хүрсэн. Шинжлэх ухаан хаалга тогшоод гэрт чинь ороод ирсэн гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй.
-Эцэг эхчүүд сургалтаас маш хурдан үр дүн гарахыг хүлээдэг. Хэр үр дүнтэй байх вэ?
-М.Г: Ийм төрлийн сургалтад суусан хүүхдүүд манай ангид яагаад ийм хичээл ордоггүй юм бол гэж асуудаг юм. Зарим нь мэргэжлээ сонгочихлоо ч гэнэ.
Багш нар төдийгүй эцэг эхчүүд ч мэдлэгийг чухалчилж хүүхдийнхээ академик боловсролд хэт их анхаардаг. Гэтэл хамгийн чухал зүйл бол сонирхол шүү дээ. Тухайн зүйлийг ойлгоод сонирхоод эхэлчихвэл мэдлэг аажмаар хуримтлагддаг юм байна.
Хэлээд заагаад өгчихсөн байхад хүүхэд шууд тэр дороо өөрчлөгдөөд гоц болчихно гэсэн үг биш. Жил эсвэл сарын дотор ч хүүхэд хүсэл сонирхлоо таньж болно. Үүн дээр хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Харин эцэг эхчүүд өөрсдийн зүгээс тухайн хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь ойлгуулахын тулд энэ төрлийн сургалтад суулгах нь үр дүнтэй. Бас яг аль хэсгийг нь сонирхож байгааг нь анзаарах нь чухал. Угсарч байгааг нь эсвэл цаад учир шалтгааныг нь сонирхож байна уу гэх мэтээр ажиглах судлах хэрэгтэй. Эндээс хүүхдийн сэтгэлгээний, сонирхлын онцлог харагдана.
Үүнийг хулстай ч зүйрлэж болмоор санагддаг. Хулс эхний таван жилд үл ялиг л ургадаг. 5 дахь жилдээ хулс өдөрт 60 см бүр 1 метрээр огцом ургадаг онцлогтой.
-Жирийн нэг жишээгээр STEAM-ын ач холбогдлыг тайлбарлахгүй юу?
-М.Г: Шумуулын жишээгээр тайлбарлая. Өнгөрсөн зун Ховд аймагт шинжлэх ухаанч даалгаврыг хэрхэн боловсруулах вэ сэдвээр сургалт хийлээ. Ховдод 3 Ш хамгийн алдартай гэнэ. Тэр нь хаврын шар шуурга, зуны шумуул, намрын шийгуа юм байна. Хамгийн асуудалтай нь мэдээж шумуул. Ингээд эр эм шумуулын ялгааг, аль хүйсийнх нь шумуул хүнийг хатгадаг гээд ажиглалт хийлгэсэн. Эр нь ургамлын шүүсээр хооллодог учраас хатгадаггүй, эм нь өндгөө бойжуулахад уураг хэрэгтэй учраас цус сордог юм билээ. Бас аль эрүүл чийрэг, спортлог хүний цусанд дурлана. Эр нь биеэр арай бага, шаламгай. Шумуулаас хамгаалахын тулд шумуулын үнэрлэх, сонсох, харах, дуу чимээ гээд бүхий л талын мэдээллийг судалж авах хэрэгтэй. Дараа нь бид аппликейшнаас Ховдын эр шумуулынхтай ижил давтамжтай авиаг гар утсандаа суулгаж тавихад эмэгчин шумуул ойртохоо больж байгааг ажигласан. Эндээс харахад шумуулаас хамгаалахад шинжлэх ухаан, технологи тусалж байгаа биз. Ингээд асуудлаа олсны дараа тохирсон инженер шийдэл, тэрхүү төхөөрөмжийн дизайн урлал гээд нарийн сэжмээр холбогдоно. Маш сонирхолтой зүйлийг сургууль дээр сонирхолгүй мэдээлэл болгож таарахгүй. Эх хэлээрээ тааруухан сурч байсан хүүхэд гадаадад очоод бүтээлч арга барилаар суралцахаар “од” болж онц сураад байна шүү дээ.
Азийн хөгжилтэй орнууд голдуу үүнийг технологийн хичээлтэй хамт хэрэгжүүлдэг юм билээ. Бид багш нарын ярьдаг хичээл хоорондын агуулгын холбоо биш, ердийн интеграци хичээл биш, нэг зүйлийг олон талаас судлах барууны арга биш, бид мета холбоост суурилсан монгол технологийн тухай ярьж байна. Ирээд үз. Хамтран ажиллахад бэлэн байна.
Сэтгэгдэл бичих (10)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.