Ц.Дэлгэрмэнд: Өөрийгөө хүндэлдэггүй, сэтгэл зүйгээ анхаардаггүй хүн хамтрагчаа дорд үзэж, харилцаагаа токсик болгодог

Peak.mn сайт энэ удаа сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндийг урьж токсик харилцаа сэдвийг онцлон, хэрхэн хосын эрүүл харилцааг бий болгох талаар ярилцлаа.

Токсик харилцаа буюу ойлголцоогүй асуудал, 
шийдэлгүй хэрүүл маргаанууд

Хэрэлдэж муудалцдаг хосыг “токсик” харилцаатай гэж ойлгож болохгүй. Хааяа ярилцаж заримдаа гомдол, бухимдлаа орилж, чарлаад ч болтугай илэрхийлэх нь хосын харилцааны нэг хэлбэр юм.  

Гол нь маргалдсаны дараа хосууд хоорондоо ярилцаж ойлголцож чаддаг бол харилцаагаа эрүүл байлгах гэж хичээж байгаагийн шинж юм.

Зарим хосын харилцаанаас “Надад хайртай учраас салж чадахгүй, үүнтэй яаж харилцсан ч яадаг юм” гэсэн хандлага ажиглагддаг. Энэ бол хамтрагчаа төдийгүй өөрийгөө үл хүндэлж байгаа увайгүй, ёс зүйгүй үйлдэл шүү дээ. 

Байнга нэгнээ доромжилж, дорд үзэх хортой харилцаа, хандлагадаа дасчихдаг хүмүүс ч бий. Маргахгүй л бол асуудлаа шийдэж, ойлголцож чадахгүй байгаа мэт санагдана. Гол нь хэрүүл, зөрчил нь шийдэлгүй, ойлголцолгүй төгсдөг учраас өөрсдөө ч залхчихдаг. Энэ төрлийн хосууд удаан хугацаанд хамтдаа байвал сэтгэл санааны дарамтад орж байнгын сэтгэл зовних, түгших эмгэгтэй болдог.

Энэ харилцаа даамжирсаар аль нэгнийх нь тэвчээр алдарч, сэтгэл зүй болон бие махбодын хүчирхийлэл үйлдэхэд хүрдэг. Ийм харилцаа эцэстээ салалтаар л төгсдөг.


Хамтрагчаасаа юу хүсээд байгаагаа тодорхой хэл

Харилцааны зөв ур чадварт суралцах нь хортой харилцаанаас зайлсхийх хамгийн үр дүнтэй арга юм. 

Хамтрагчаасаа юу хүсэж, юуг ойлгуулах гээд байгаагаа өөрөө ойлгож тодорхойлсны дараа эв зүйгээр ярилцах гээд үз. Харанхуй шөнө, согтуу эсвэл хэт сэтгэл хөдлөлтэй үедээ биш эрүүл ухаанаар нэгэнтэйгээ нээлттэй ярилцаж сурсан хосын харилцаа урт хугацаанд үргэлжилдэг.  

Бид бусадтай зөв харилцах ур чадварыг сурагч, оюутан байх үеийн үерхэл, нөхөрлөлөөр дамжуулан суралцдаг.  

Ажлын орчинд ч гэсэн өөрийгөө зөв илэрхийлж, бусадтай маргахгүйгээр ажлаа төлөвлөж,  хэрэгжүүлэх чадварт суралцаж болдог. 18-25 насны хооронд энэ чадварыг эзэмшсэнээр гэр бүлийн тогтвортой харилцааг бий болгож чаддаг. 

Цахим орчин хосын харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?


Хардалт бол токсик харилцааны нэг хэлбэр юм. “Чи өөр хүний зураг, стори дээр лайк дарлаа” гэсэн утгатай хошигносон өнгө аяс бүхий зураг, видео үе үе цахим орчинд тархдаг даа. Инстаграм, фэйсбүүк зэрэг  нийгмийн сүлжээний платформ энэ мэтээр хосын харилцааны асуудлыг дэвэргэдэг буруу хандлага юм.

Яагаад гэвэл хамтрагчдаа шууд уурлаж, бухимдахгүй ч эдгээр үйлдэл хардах мэдрэмжийг байнга өдөөж байдгийг анзаараарай. 

Зөвлөгөө авч байгаа хосууд хэзээнээс харилцаагаа тааламжгүй болж эхэлснийг маш сайн анзаарсан байдаг. Таагүй нөхцөл байдлаасаа удахгүй гарчихна, эргээд өмнөх шигээ болно гэж найддаг. Гэвч улам хүндэрсээр эрүүл бус харилцааны хэлбэрт шилждэг. Иймээс аль болох цаг алдахгүйгээр ярилцаж, ойлголцох нь чухал. 

Өөртэйгөө ажилладаг, өөрийгөө ажигладаг хүний
 хосын харилцаа эрүүл байдаг

Сул талтайгаа нүүр тулж, дутагдлаа засаж чаддаг хүний хосын харилцаа тогтвортой байдаг. 

Хэсэгхэн зуурын дүрэлзсэн уур бухимдал  амьдралд арилшгүй толбо үүсгэх нь ч бий. 

Ийм учраас өөртэйгээ ажиллаж сураарай. 

-Би ямар үед уурладаг вэ гэдгээ маш сайн тодорхойл. Мөнгөгүй үедээ юу? Нойр муутай үед үү? Хоолгүй, өлссөн үедээ юу? Ээж аавдаа санаа зовохдоо юу? Эсвэл найз охин минь надаас салъя гэж хэлэхэд уурладаг уу? гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. 

Эдгээр нь хамтрагчаас үл хамаарч үүсдэг уур бухимдлын шалтгаан юм. Тиймээс уураа хянаж сурах, өөртэйгээ ажиллаж өөрийгөө анзаарах нь хосын харилцааг эрүүл байлгахад тусалдаг.

-Амар тайван харилцаатай байна гэсэн зорилго тавь. Үүний тулд хосын харилцаанд сөргөөр нөлөөлж болох хувь хүний зан чанар болон гаднын хүчин зүйлээс сэргийлэх хэрэгтэй. 

Цаанаасаа маш их хартай хүн гэж байдаг. Та энэ төрлийн хүн бол хамтрагчийнхаа тайван байдлыг алдуулахгүй байхад анхаарч өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Жижиг зүйлийг хэт дэвэргэж, ургуулан бодох талтай тул таагүй мэдрэмжээ хамтрагчдаа хэлж, шийдэл олохыг зөвлөе.

-Санхүүгийн хувьд хараат бус байхыг чухалчил.

Хосууд ихэнхдээ аль нэгнээсээ санхүүгийн хамааралтай байдаг. Маргаан үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл бол эдийн засгийн тогтворгүй байдал юм. Иймээс өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй байх чухал.

Хүчирхийллийг хэвийн мэтээр ярьж, олон нийтэд зарлах нь 
буруу үлгэр дуурайлал үзүүлдэг

Нийгэм хөгжиж хүмүүс соёлжсоор яваа ч зарим залуусыг ажиглахад эрт дээр үед уулын мухарт амьдарч байсан хүмүүстэй л ижил харилцаа хандлагатай байна. Хэлэхэд муухай ч үнэн байдал л ийм байгааг харах эмгэнэлтэй санагддаг.

Энэ нийгэмд нэгнээ гэрэл гэгээтэй зүйлд уриалж, ухаанаа уралдуулж болох олон гоё сэдэв байгаа шүү дээ. 

Олны танил хүмүүс хүртэл нэгэндээ гар хүрэх, элдвээр хэлж, доромжлохыг байдаг л зүйл гэж ойлгодог бололтой. Үүнийгээ ичиж зовохгүйгээр цахим орчинд зарлаж байна.

Тэд токсик гэх нэршлээр халхавчилж нэгнээ хүчирхийлдэг, хосуудад “Хүчирхийлэл бол байдаг л зүйл, ганц удаа гар хүрээ биз, сүртэй зүйл биш” гэсэн буруу ойлголтыг төрүүлдэг.

Т.Ариунзаяа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.