Ковид-19 цар тахал хүн төрөлхтний амьдралд томоохон өөрчлөлт оруулж, төвөгтэй бөгөөд тодорхойгүй нөхцөл үүсгээд байна. Энэхүү эгзэгтэй үед үндэстэн дамжсан корпорациуд оршин тогтнохын тулд ажиллах арга барилаа өөрчилж буй. Үүний нэг нь онлайн худалдааны ертөнцөд хувьсгал хийж чадсан Амазон компани юм.

Амазон компанийн Япон дахь салбарын хүнийн нөөцийн мэргэжилтэн С.Цэрэндолгороос коронавируст халдварын үед тус компани ямар стратеги баримтлан ажиллаж байгаа талаар тодрууллаа.

Тус компани энэ оны 2 дугаар сарын дунд үеэс эхлэн гэрээсээ ажиллаж эхэлсэн аж.

Гэнэтийн гамшиг, хямрал тохиолдсон үед тэсэж үлдэх чадвартай компанийн шинж:

1. Хүнд хэцүү үед уян хатан ажиллах.  Жишээ нь зайнаас ажиллах шинэлэг арга барил нэвтрүүлэх нь зарим нэгэнд нь таалагдахгүй ч байж болно шүү дээ. Ийм нөхцөлд болохгүй, бүтэхгүй гэж ажлаас хойш суух биш харин ч хамтран ажиллаад болохгүй байгаа асуудлаа шийдээд явах нь маш чухал.  Мөн зайнаас ажиллаж байх үедээ ажилтны гаргасан санал санаачлагыг хүлээн авч, компаниас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн сэтгэлээр ажиллах тактикийг Амазон баримталдаг. Мэдээж энэхүү уян хатан, асуудалд тэсвэр тэвчээртэй хандах хандлагыг компани удирдлага бус бүх шатны албан хаагчдад хамаатай.


2. Хариу үйлдэл үзүүлэх: Нэг ажил хийхийн тулд хэт олон шат дамжлагатайгаар бус нэн тэргүүнд хурдтайгаар өөрийн шийдэж хийх болох ажлаа үр дүнтэй гүйцэтгэх нь маш чухал. Ингэж байж ажил үр бүтээмжтэй урагшилна.


3.Инновацийг чухалчлах: Инноваци гэдэг бизнесээ өргөжүүлэх үед л ярих асуудал биш юм. Гэрээсээ ажиллах үед, шинэ төсөл дээр ч технологийг нэвтрүүлэхэд ажилтан түүнийг хүлээн авах, хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой, дасан зохицох чадвартай байх ёстой.

 

 4. Ирээдүйгээ бодсон урт хугацааны бодлого шийдвэр гаргах.  Амазон компани өнөө маргаашийн ашиг бус урт хугацааны дараах үр дүнг тооцоолж, бүтээгдэхүүнийхээ судалгаанд маш их цаг хугацаа, хөрөнгө зарцуулдаг.  Нэг бараа бүтээгдэхүүний судалгаа дээр 7-8 жил ажиллах ёстой бол 2-3 жилийн дотор амжуулчихаж болохгүй гэсэн үг.  Энэ бол алсын хараа, урт хугацааны тогтвортой бодлого юм. 

Компани хэрвээ урт удаан хугацаанд зах зээл дээр оршин тогтнох хүсэл зорилготой л бол өөрсдийн гэсэн урт хугацааны бодлогоо боловсруулахаас өөр арга байхгүй.  Ингэж чадаагүй цагт тухайн компани дампуурах эсэх нь цаг хугацааны асуудал юм.


5. Баг болон хүний нөөцдөө хөрөнгө оруулдаг. Компаниудын хүний нөөц ямар нэгэн асуудал гарсны дараа биш гарахаас өмнө хэрхэн ажиллах тал дээр анхаарлаа хандуулж байна. Жишээ нь ирээдүйд шинэ төрлийн цар тахал, гамшиг гарлаа гэхэд чухам юу хийх талаар бодлого боловсруулж эхэлсэн.  Энэ дагуу хүн хүч их шаардах ажил мэргэжлээр давхар сургах гм. Үүнийг хүний нөөцийн бодлогодоо хөрөнгө, цаг хугацаа зарцуулж байна.


Цар тахлын үед цаг алдалгүй арга хэмжээ авахын тулд ажил олгогч чухам юун дээр анхаарах хэрэгтэйг Амазон компанийн жишээ дээр тайлбарлая.


✔ Аливаа асуудал гарлаа гэхэд түүнд бэлэн байхын тулд ажил олгогч ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэхэд нь дэмжиж тусалдаг. 

 Жишээ нь магадгүй тухайн ажилтан хэт өндөр ширээтэйгээсээ болоод нуруу нь өвдсөн байж болно. Тэгвэл компани энэ асуудлыг боломжоороо шийдэхийг хичээх ёстой. Жишээ нь ширээ авах мөнгө шилжүүлж болно. Мэдээж тухайн зүйлдээ зарцуулсан эсэхийг баталгаажуулахын тулд баримтаа илгээдэг.


✔ Хүний нөөцийн хэлтсээс ажилтнуудынхаа тухайн сэтгэл зүйд санаа тавьдаг. 

7 хоногт 1 удаа ажилтнуудтайгаа холбогдож хэрвээ гэрээсээ ажиллахад учирч буй саад бэрхшээл,  ямар нэгэн стресс бухимдал байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөө уншихыг санал болгодог. Гэхдээ унш гээд өнгөрөх нь хангалтгүй. Тэрхүү зөвлөмжийн линкийг илгээнэ. Хэсэг  хугацааны дараа тухайн ажилтантайгаа дахин холбогдож сэтгэл санаа нь ямаршуу байгааг тандаж, дараагийн арга хэмжээ авч, ажилтандаа анхаарал хандуулдаг. 


Гэрээс ажиллах горимтой үедээ шинэ ажилтан авахдаа анхаарал тавих. Энэ бол жирийн нөхцөл байдлаас өөр зүйл. 

Тиймээс тухайн хүн онлайнаар ажиллахад учирч болох саад бэрхшээлийг нь хэрхэн шийдэх талаар нарийн зөвлөгөө өгч, байнгын холбоотой ажилладаг. Хэрвээ ажлын хэрэгцээт зүйлс байвал гэрт нь хүргүүлдэг. Хэрвээ шинэ ажилтанд үл ойлгогдох асуудал гарсан дотоод сүлжээгээрээ дамжуулан нэгэндээ тусална. 


Хэн нэгэн ажилтан өвдвөл ажилтан ажилдаа санаа зовж, стрессдэхгүй байх талаас нь дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр тухайн ажилтан тайван эмчлүүлнэ. Энэ хооронд ажилтнууд ажлаа хуваан хийж, баг болон ажилладаг. Хэн ч энэ бол түүний хийх ажил гэсэн хандлага гаргадаггүй.

Мөн дотоод сүлжээндээ ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хэнтэй холбогдох талаарх бүхий л мэдээлэл зөв, тодорхой, цэгтэй байршуулдаг. Энэ бол ажлын байрны бодлогын чухал хэсэг юм.

Гэрээсээ ажиллах боломжгүй ажлын байр байдаг. Энэ тохиолдолд ажилтан оффистоо ирэхэд бүх зүйлс цэвэрхэн байх ёстой. Компани энэ үед гар ариутгагч, халуун хэмжих төхөөрөмж, амны хаалт зэргийг хаа сайгүй байрлуулах үүрэгтэй.

Ажилтнуудаа өөдрөг байлгах. Онлайнаар ажиллах амар биш. Энэ үед хүний нөөцийн алба хамгийн чухал үүрэг хүлээж идэвхтэй ажиллах ёстой. Үр бүтээмж өндөртэй ажиллуулахын тулд зөвлөмж илгээж болно. Мөн хүний нөөцийн ажилтан ажилтнуудтайгаа ажлаас гаднах зүйлсийн талаар яриа өрнүүлдэг. Жишээ нь энэ дуурь, балетийг онлайнаар үзсэн тухайгаа ярьж болно. Үзээд төрсөн мэдрэмжээ хуваалцаж тэрхүү линкээ илгээгээрэй. Эргээд энэ талаар яриа өрнүүлээрэй.

Техникийн асуудал гарлаа гэхэд шууд туслах багтай байх. Шинээр ажилд орсон мөн бусад ажилтан ч гэсэн техникийн асуудалтай тулгардаг шүү дээ. Энэ үед ажилтныг бухимдуулахгүйгээр цаг алдахгүй цаг алдахгүйгээр программ ашиглан техникийн туслалцаа үзүүлнэ.

Менежер хүн үүргээ сайн гүйцэтгэх. Багийнхаа гишүүдтэй байнга холбоотой байж, харилцаж, ямар туслалцаа хэрэгтэй байгааг нь ямар сорилттой тулгарч байгааг нь асууж туслалцаа үзүүлдэг.

Үргэлжлэл бий...


Дэлгэрэнгүй: 

С.Цэрэндолгор: Алсын хараа, зарчим нь таалагдсан учраас Google-ээс татгалзаж "Амазон"-д ажилд орсон 

/Ярилцлагыг энд дарж унших/