Та гар утсаа цэнэглээгүй хэрнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгууртаа байнга залгаж орхидог юм биш биз?

Энэ үед гар утасны цэнэглэгч 0.5 ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.

Энэ мэтээр цахилгаан эрчим хүчээ хэмнэх аргуудыг хүргэж байна.


Чийдэнгээ солих уу?

Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин урт байдаг. Мөн тогийг 60 хувиар бага зарцуулна. 

Цонхоо угаасан уу?

Цонхны шилийг цэвэрхэн тунгалаг байлгаж, байгалийн гэрлийг ашиглахыг хичээгээрэй. Ингэснээр гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиар хэмнэнэ. Мөн байгалийн гэрэл хүний эрүүл мэндэд хэзээ ч сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгийг бодож үзээрэй.

Нарны эх үүсвэр хэрэглэх боломжтой юу? 

Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

Хоолны савны ёроолыг шалгаарай

Тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэн байх нь цахилгааныг  70% хүртэл хувиар хэмнэдэг. Түргэн буцалгагч нь таны хоол бэлтгэх цаг хугацааг 3 дахин  хэмнээд зогсохгүй цахилгаан зарцуулалтыг 2 дахин бууруулдаг.


Тоос сорогчоо цэвэрлэсэн үү?

Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг.


Хөргөгчний ариун цэвэр

Хөргөгч нь жилд чадлаасаа хамаараад 500-1000кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Хөргөгчний цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд дараах аргыг хэвшүүлээрэй.

 - Хөргөгчийг хананд тулгаж байрлуулж болохгүй

 - Хөргөгчинд халуун зүйл хийхгүй байх

 - Хөргөгчний дунд хэсэгт агаар солилцох зай үлдээнэ

 - Мөстсөн хөргөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгаарай


Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтай ойр байлгах нь эрчим хүч их зарцуулахад хүргэдэг байна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.


Ухаалаг хэрэгслүүдээ учиртай хэрэглээрэй

- Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг

Жишээ нь зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна.


УБЦТС ХК-ийн Тоолуур хэмжих хэрэгслийн хэлтсийн инженер Г.ЭНХБААТАР