Монголын зөгийн аж ахуйн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа “Михачи” компанийн захирал Ибүкүро Томокотой байгаль хамгааллын сэдвээр ярилцлаа.

Монголчуудад байгалиа хайрлах ухаан дутагдаж байна

Манай зөгийн балны үйлдвэр Сэлэнгэ аймагт байдаг юм. Орон нутагт ажил бизнес хийдгийн хувьд учраас сайн муу асуудалтай нь нүүр тулж л явна. Жишээлбэл гэнэтхэн энд тэнд хур их хог үүсчихдэг нь гайхаш төрүүлдэг. Ойр хавийн хүмүүс ч түүнийг байх ёстой зүйл шиг л ойлгодог, яг л хогийн цэг дээр хаяж байгаа мэт нэмж овоолдог нь бүр хачирхалтай. 

“Энд хог хаяж болохгүй шүү дээ” гээд хэлэхээр “Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр...”, “Чамд ямар хамаатай юм бэ” гэсэн л хандлага гаргадаг. Тийм болохоор би монголчуудад шаардлага тавихыг хүсдэггүй. 

Би гадаадын хүн учраас “ингэж болохгүй, тэгэж болохгүй” гэж хэлж зааж чадахгүй, үнэнийг хэлэхэд “хохь чинь” л гэж бодно шүү дээ. Яагаад гэвэл энэ бол миний эх орон биш, та нарын эх орон юм чинь.

Үүнээс гадна ганга өвсийг үндсээр нь ухаад авчихдаг хүмүүсийг хараад гайхдаг, тэдэнд уур хүрдэг. Яаж ч бодсон буруу үйлдэл шүү дээ. Ганга бол зөвхөн монголд л ургадаг ховор төрлийн ургамал. Гангаас хураасан зөгийн бал маш амттай, хүний биед хэрэгтэй эрдэс бодисыг агуулдаг бас зөгийн тэжээл болдог гол зүйл. Зөгийчдийн хувьд хайрладаг, монгол орны үнэ цэнэтэй ургамлаа тэд ерөөсөө ч хайрладаггүй. 

Өвс ургамлыг ухаж түүж авдаг хүмүүст хандаж “Гангыг үндсээр битгий ухаж авч байгаарай, байгальд хэрэгтэй. Цөлжилтийн эсрэг онцгой үүрэгтэй ургамал учраас хайрлаарай” гэж хэлмээр байна. Үр дүнд нь байгаль биш хүн өөрөө л хохирно шүү дээ.


 

20 жилийн өмнөх хогтой зураглал одоо ч хэвээрээ 

Би хориод жилийн өмнө Монголд ирж байлаа. Тэр үед л төмөр замын хажуугийн өргөстэй хашаанд өнгө өнгийн гялгар уутнууд тээглэчихсэн хийсэж харж байлаа. Харамсалтай нь одоо ч тэрхүү зураглал байсаар л, бүр улам ч ихэссэн санагддаг юм.

Бичлэг үзэх:

Японд хогийг задгай хаяна гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл монголд хог хаядаггүй хүн бараг алга. Үйлдлээрээ үлгэрлэж харуулах ёстой эцэг эх нь ч өөрсдөө хог хаядаг. Ийм байтлаа хүүхдэдээ “Хог хаяж болохгүй” гэж хэлэх нь утгагүй хэрэг.

Хий дэмий хэлэхийн оронд зүгээр л хог хаяж үлгэрлэхгүй байхад л хүүхэд дуурайна. 

Монголчууд энд тэнд унасан хогийг хараад хажуугаар нь зүгээр л өнгөрөөд явчихдаг. Газарт хэвтэж буй ганц хогийг түүж аваад хүүхдэдээ үлгэрлэчихэд л байгаль орчноо цэвэрлэх соёлд суралцана шүү дээ.


Энэ эх орны эзэд нь монголчууд та нар өөрсдөө гэдгээ мэдэх үү

Монгол үзэсгэлэнтэй сайхан орон. Сүүлийн жилүүдэд манай япон хүмүүс Монголд аялахаар нэлээн их ирдэг болсон. Тэдэнд хэлмэрч хийгээд явж байхад ч бас л хаа сайгүй хог хаяж л харагддаг. Яг хажууханд л шидээд өнгөрдөг. Та нар гадны хүнээс санаа зовохгүй байхад би өмнөөс санаа зовохгүй нь тодорхой шүү дээ.  Эцсийн эцэст энэ орны эзэд нь монголчууд та нар өөрсдөө юм шүү гэж хэлмээр санагддаг.

Миний хувьд аль болох байгаль орчинд хог тарихгүй, бохир заваан болгохгүйг хичээдэг. Өдөр тутамдаа хог хаяхгүй, идэвхтэй цэвэрлэж байх хэрэгтэй гэж бодож явдаг.