Г.Батсуурь /Утга зохиол судлаач, шүүмжлэгч/
01 сарын 01, 2019
Монголын яруу найрагт эртнээс уламжилсан гүн ухааны хандлагатай уянгын аясыг орчин цагийн яруу найрагт Б.Явуухулан нэлээд идээшүүлсэн боловч нэг талаас социалист реализмын шахалт, нөгөө талаас өөрийнх нь орос боловсрол нь саад болоод бүрэн төгөлдөржүүлж чадаагүй билээ. Харин хүмүүний ухамсар дээшилж, социалист реализмын дэглэм харьцангуй зөөлөрч ирсэн 1980-аад онд Дорно дахины гүн ухааны хандлага бүхий уянгалаг аяс манай яруу найрагт баттай хөрсжсөн. Энэ хандлагыг жинхэнэ утгаар нь төгөлдөршүүлсэн яруу найрагч бол орос, европын системтэй боловсрол эзэмшээгүй, байгалиас заяасан унаган авьяасаараа бүтээлүүдээ туурвин Дорнын философилог аяс бүхий монголын уянгын яруу найргийг цогцлоосон Данзангийн Нямсүрэн юм. Энэхүү хөдөөх найрагчийн уран бүтээлийн уламжлалыг шинэчлэн хөгжүүлж ирсэн ба тэдгээрийн нэгэн төлөөлөгч нь нэн шинэ үеийн найрагт Ганболдын Баяр юм.
Хүмүүний ертөнцөд Их Нацагдоржоос нэгэн оноор илүү амьдарсан энэхүү тэргэнцэрт залуу Архангай аймгийн Тариат сумнаа нэгэн мянга есөн зуун наян хоёр онд мэндэлсэн буй. Сургуульд орсон даруйдаа саажилттай болсон тэрбээр үхэл хийгээд амьдралтай өдөр, шөнө мэт ээлжлэн нүүрэлдэж явсаар 2014 онд шүлгийнхээ ертөнцөд оджээ.
Санаа зоволтгүй би маргааш үхнэ
Сар энэ тухай надад
Шувуудын нулимсан дотроос уншиж өгсөн юм
Хувь тавилангийн сэмэрхий зайнд нэгэн хараацай
Хад алгадан унахуй...
...Хайрлаж явсан бүсгүйн минь уруулаас, уруулын ормыг
Хэний ч мэдэхгүй нэгэн залуу уруулаараа баллуурдаж арилгана
Харин би тэр мөчид хайхрамжгүйгээр үүлэн дээрээс
Моддын үг гэсэн нэртэй симфони удиртгалаа тоглож эхэлнэ (Баяр.Г. 2010)
Яруу найраг бол ухааны гүнзгийрэлт, сэтгэлгээний тэлэлт болох замдаа шуударч байна. Яруу найргаас аль болох ухааны орц найрлагыг танаж хоосон уянгалдаг байсан цаг үе улирч, илүү философилог болж буй нь хүмүүний ухамсрын өөрчлөлт, танихуйн далайц, оршихуйн жам ёстой холбогдох билээ.
Баруун нүдний нулимс хэзээ ч зүүн нүднийхээ нулимсыг онодоггүй юм байна
Би чамтай ханилж болохгүй байгаа шалтгаанаа бодоод зөндөө уйллаа (Баяр.Г. 2013)
ХХI зуун, 2000-аад он гарсаар манай яруу найрагт янз бүрийн хөг аялгуу нэмэгдсэн буй. Прагматизм, постмодернизм, даяаршлын эрин үед амьдрахаас өөр аргагүй болоод мэгдэн буй монгол хүмүүн, түүний оршихуйн эвдрэл, бодлогоширол, түүнийг илэрхийлсэн яруу найрагчийн хэл. Ер хүнд байгаа цорын ганц зүйл бол хэл бөгөөд чиний хэл, түүгээр илэрхийлэхүйн хүрээ зааг бол чиний хэмжүүр, бүх юм. Уран зохиолын аналитик шүүмжлэлд уран бүтээлчийн хэл, түүгээр дамжиж буй илэрхийлэл, утгын мета түвшинд голлон анхаарах ба метанарративийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэнэ. Г.Баяр бээр яруу найрагч А.Эрдэнэ-Очирт гэх нэгэн шүлэг бичсэн. Бичгийн ширээнээ сууж “Гантигмаа” хэмээн гарчиглах яруу найрагчийн шүлгийг олж уншсан нь түүнд нэн ховор нээлт болсон гэнэм.
...Сайхан ахын бүсгүй хүн үнэртсэн шүлгийг улаалзгана амтлах мэт амтархан уншаад
Тооно ширтэн хорвоог бодох минь
Далайн сэргэг элснээс олдсон нэн ховор нээлт болном
Сарны гэгээнд цайвалзах усны гадаргуу дээр туссан уулсын сүүдэр
Хаа нэгтээгээс бүдэг бадаг сонсогдох
Хуучин сүмийн хонх болном... (Г.Баяр. 2011)
Тэрбээр сайн муу гэхээсээ үеийн шүлэгчдээсээ өөр бичсэн, энэхүү өөр байхын тавилан л яруу найрагчийг яруу найрагч болгодог буюу. Сэтгэхүйн үйлдэл мэт тоочилтот солигдлуудаас ондоошин өөршиж мэдрэмж±ухаарал±хэл гэсэн структур бүхий түүний бүтээцүүд нь монголын нэн шинэ үеийн яруу найрагт байршил тогтоосон. Энэхүү мэдрэмжит шүлгүүдийг ухаарах нь манай энэ цагийн яруу найргийн бодлогоширол байх болов уу. Эсвэл Түүний хэлсэнчлэн зуун жилийн дараа буюу 2111 онд монголын яруу найргийн зүрхэнд дээр ургах өвс байх юм болов уу...
...Зуун жилийн дараа үерт урсгаж алдсан шүлгийн минь дэвтрийг хэн нэгэн
Эзгүй хээрээс санаандгүй олоод олзуурхан нээж харахуйд
Зөөлөн дулаан шувууны үүр шиг эх орныхоо
Зүрхэн дээр нь өвс болон ургана, би... (Г.Баяр 2011)
Түүний хэл зөөлөн, бодлогоширонгуй гуниглуун, бас ухааралт. Яруу найрагч Г.Баярт аль ч утгаараа хэл л байсан буюу. Тэрбээр эх орноо, эцэг эхээ, энгийн ч эгэл бус мэдрэмжит хэлээрээ л нээж асан агаад бие нь мөхсөн энэ залуу хэлний ертөнцөд оршсоор асан билээ. Цаашид ч оршсоор байх буй. Ерөөс хэл бол хүний бүх юм нь байдаг хойно...
Эх орон минь
Эх орон минь
Надаас чи нэг л юм нуугаад байгаа юм уу?
Хүрэмний чинь халааснаас
Хуучин судрын хуудас цухалзаад байна...
Нялх ногооны биенээс ягаан дөл лугаа униар босох
Ягаан дөл лугаа униар дотор ганц морь газар үнэрлэх
Мод гөлөглөх агшинд гөрөөс янзагалах
Гөрөөс янзагалах агшинд шувууд өндөглөх...
Эх орон минь
Эх орон минь
Юуг чи тэгтлээ их бодно вэ?
Сар луу биш юм аа гэхэд над уруу нэг хараач
Си өнгөн дээр бичигдсэн симфонийг минь сонсооч (Баяр.Г. 2011)
Түүний хэлэнд бүх юм бий. Халуун залуу насны хайр, хагацал гуниг, харамсал дүүрэн. Г.Баярын номын нээлтэн дээр манай цаг үеийн тулхтай ах О.Содномпилийн “Би энэ урлаг, яруу найраг гэдэг зүйлийг зовлонгоос үүссэн байх гэж боддог юм” гэдэг үг ч түүний яруу найргаас бас амьдралаас үүдсэн бодрол. Яруу найрагч Г.Баяр. Тэр амьдралд хайртай байсан юм. Тэрхүү хайраа яруу найргаар дамжуулан илтгэж байсан ба хайрыг яг л хайр гэдэг гэгээн тунгалаг тигд нь бүтээсэн.
Урууланд чинь би, уруулаа хүргээд унтахад
Ямар сайхан байдаг гээч хайрт минь
Бурхан л ингэж Гүмүда цэцгийн дэлбээн дээр
Гэзгээ асгаж унтдаг байх даа
Сормуусанд чинь би, сормуусаа эвээд унтахад
Ямар гоё зүүд зүүдэлдэг гэж санана, хайрт минь
Тогорууд л ингэж шөнийн зовхин дотуур
Сарны зэлгээн туяаг залгилж нисдэг байх даа (Баяр.Г.)
Өдөр, шөнийн өлөн зааг, жин үдшийн саран доогуур тогорууд үл мэдэг гэгээ татуулан нисэлдэхийг, хүн нүдээ сулавтар анисан нь сормуусан завсраа сормуус эвсэн мэт болоод тэрхүү зовхин завсраар үл мэдэг гэгээ татах тэр л агшинтай зүйрлэн санах нь гагц яруу найрагчийн гүнзгийрэл мэдрэмж, ажиглалт. Юутай нарийн ур.
Эхэнд цухас дурдсан яруу найрагч Д.Нямсүрэнгийн алдарт “Амитаба” шүлгийн талаар нанхиадч эрдэмтэн, утга зохиол судлаач Я.Ганбаатар: «Шүлгийн удаахь хэсэг буюу дараачийн долоон мөр нь найрагчийн гүн ухааны үзэл ойлголтыг илэрхийлж байна. Эдгээр мөрүүд нь шүлгийн оргил утга бүхий шадуудыг агуулжээ. Одоо тэдгээрийг уншиж үзье.
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навч унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?
Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?...
Үнэхээр гайхамшигт мөрүүд ийн үргэлжилнэ. Морь зогсоогоороо унтах нь түүнд яаж далайн татралттай адил бодогдоно вэ, эхийн умайд хөврөл явагдах нь түүнд хэрхэн далайн түлхэлт мэт төсөөлөгдөнө вэ? Энэ бол үнэнхүү агуу сэтгэлгээ, уйгагүй их ажиглалт бясалгал, үнэхээр гайхалтай гүн бодрол буюу.
Адуу үүрэглэн унтаж байгаа нь дэлхийн дөрвөн их далайн амсхийх тэрхэн агшин, шөнө болж саран ургахад Бүх ертөнцийн таталцлын хуулийн ёсоор, сар таталцлын үйлчлэлд орж, тэр хэрээр далайн ус татран амсхийх тэр үзэгдэлтэй адилгүй байна гэж үү? Эхийн умайд хөврөл явагдаж, эрдэнэт хүмүүний бие үүдэн буй болж байгаа нь эгээ л агуу их далайн түлхэлт мэт асар их эрч хүч, аварга их энерги урвалын хүчээр л бий болох гайхамшигт үйл явц билээ...» (Ганбаатар.Я. 2015) гэсэн байна. Яруу найрагч Д.Нямсүрэн бээр өөрийн “Амитаба” шүлгээрээ гэгээрэлд нэгэнт дэвшсэн бөгөөд яруу найрагч гэгээрэлд хүрэхэд шүлэг нь хангалттай байдгийг нотлон харуулсан билээ. Өөрийн үеийн яруу найрагчдыг түүчээлж явсан Г.Баяр дүүд бас тийм шүлэг буй. Хувь тавилангийн эрхээр ертөнц абугайн жамыг эрт ухаараа биз дээ. Ухаарсны хэрээр гэгээрэх.
Хагархай толины өмнө уйлж суугаа
Азиза...
Далдын хар малгайд шургалсан хувь тавилангийн
Эх адаггүй орооцолдоон
Дээврийн буланд ямар нэгэн шавьжийг цовдолж татсан
Аалзны тор хоёрыг
Лаа, лааны гэрлийг хар далавчаараа
Чимхэж унтраах гэж өндөлзсөн харанхуй
Өчүүхэн жижиг тоосонцорт үүрлэсэн цаг хугацааг барих гэж
Хар үстэй гэрээсээ гараад,
Цагаан үстэй буцаж ирэх хоёрыг
Юугаар нь чи ялгаатай гэх вэ?
Лааны дөл шиг шар моддын завсраар шагайгч
Азиза... (Баяр.Г.)
Өөрийгөө “тамхи зуусан тал сар” гээд, Тариатын бөглүү сууринг ертөнцийн төв болгож байсан энэ гэгээн шүлэгч хүний ертөнцөөр зорчих хөл нь хоригдсон ч, бодрол бясалгалын хийгээд дотоод орон зайн ертөнцөөр хязгааргүй зорчин сэтгэлийнхээ дэлгэцэн дээр шүлгээ татлан хоноод цааснаа буулгах хүн хүлээн, дуудаж өгөхөөр сэрвэлзэж асан нь юутай гэгээн. Чухам энэ найрагчийн шүлгүүд л ХХI зууны эхэн үеийн яруу найраг, 1980-аад онд төрсөн залуусын туурвилийн хязгаарыг баримжаалах боломжийг олгоном бус уу. Түүний яруу найрагт арга билэг, гэрэл харанхуй тэнцүүхэн агаад философидолт хийгээд уянгыг нэгэн дор цогцлоож нүүдэлчдийн яруу найргийн уламжлалыг өрнийн төрх, дорнын аясаар сүлэн нэгэнлэг болгосон нь төвөөс алслагдсан мэдрэмжийн дутмагшлийг гэтэлгэж найрагч түүнийг өгүүлэмжийн төв байранд зүй ёсоор өргөмжилж асан юм. Тэрбээр дүрслэгдэхүүний төв байр уруу тэргэнцэртэйгээ түрүүлээд орж ирэх нь нэн зохирлог агаад уянгатайхан байж дээ. Тэргэнцэр дээрээс харж байсан өнцөг нь түүний шүлгийн тухай нэгэн шүлэгт нь нэн тансаг үлдсэн түүгээр энэ таталбарыг өндөрлөсү.
Өвсөн дотроос нүдээрээ тэмтэрч олсон
Өндөглөдөг алтан зүү юм, шүлгүүд минь
Жил сарын хавцал дээрээс ус уруу тонгойж зогссон
Жирэмсэн улаан сар юм, шүлгүүд минь
Нүглийн нүдэн дээр шөнөжин хурьцаж хоносон
Нууц амраг юм, шүлгүүд минь
Наран зүгээс сэтгэл үрүү минь шуурсан
Навчсын цагаан үхэл юм, шүлгүүд минь
Наснаас минь зөөж, тархин дотор минь үүрлэсэн
Нүдэнд үл үзэгдэгч зөгийн сүрэг юм, шүлгүүд минь
Хажуугаар зөрөх охидын уруулаас мэдрэмж тэмтэрч
Хаврын урсгалд халуурч хэвтсэн зүрхний тарчлаан юм, шүлгүүд минь
Тариатын буйдхан тосгондоо даруухнаар цэцэглэж ургасан
Тоорын залуу мод юм, шүлгүүд минь... (Баяр.Г.)
2018-12-24
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.