Нэг. Анхаараарай, анхаараарай! Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна.

Анхаараарай, анхаараарай!

Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Монгол түмний хараа тавьж, хуран цугласан зүлэг ногоон Төв цэнгэлдэхэд төр түмний их баяр цэнгэл наадам ёслол төгөлдөр ийн эхэлвэй.

Цог хийморийн даллага, морин цагийн угтал болсон бага үдийн билэгт 11 цаг агшин хором тоолсоор голлоо.

Тулгар төрийн 2230 хийгээд 2231, Их Монгол Улсын 815 хийгээд 816, Ардын хувьсгалын нэгэн зуу хийгээд нэгэн зуун нэг жилийн ой хослон давхацсан, давхар давхар авшиг ерөөл шингэсэн төрт ёс, түмэн олны их баяр цэнгэл наадам уламжлал, заншлаа даган эхэллээ. 

Тэгширч дүүрэхийн баяр, эхэлж үүтэхийн билэгдэл, улирах угтахын утга тайлал энэ зургаан онд бий. 

Уудам дэлгэр эх орныхоо уужим тэнүүн зоон дээр хол ойргүй, хангай говьгүй ая тааваараа аж төрөн суугч сая сая монгол түмэн минь! 

Дөрвөн далай, таван тивийн энэтээ тэртээд эх орноосоо алс холд ажиллаж, сурч, аж төрж байгаа мянга мянган монголчууд минь!  

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт дэлгэр баян эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос зорин ирж, тухлан саатсан наадамчин олон түмэн минь ээ! 

Та олон цугаар тавтай сайхан наадаж байна уу!

Үндэсний их баяр наадмын хишиг ивээл, таалал соёрхол хүн олон танаа тэгш дүүрэн орших болтугай хэмээн ерөөе!

Харахын төдийд хийморь хөллөдөг, бодохын зуурт бахархал төрдөг, сөхөрч сууж, сөгдөж мөргөдөг есөн хөлт цагаан туг гэвээс монголчууд бидний эцэг дээдэс, эзэн их Чингисээс жаран жарныг дамнуулан, мянга мянганыг угтуулан байж учруулсан, заллага даллагат их шүтээн билээ. 

Бэрхийг үзэвч бөхөлгүй, он оныг туулж, өнөөтэй золгосон монголчууд та бидний тахих шүтэх сүр сүлд гэвэл есөн хөлт энэ л цагаан туг буюу. 

Эзэн Чингис хаан, Их Монгол Улс, эрхэм төрийн хаш эрдэнэ тамга, есөн манжлагат их цагаан сүлд, дагшин догшин хар сүлд, ертөнцийн хэргийг мэдэж шийддэг дэлхийн нийслэл Хархорин... Энээхэн төдийг дурдахад л тэнгэр газрын савсалганд нүргэлэн дуурсах шиг дуулдах нь юутай их суу заль вэ, ямар их нэр алдар вэ, яасан их эрхэм нандин ёс төр вэ!       

Есөн шарга ажнай хүлэглэсэн есөн хүлэг баатар эрс есөн манжлагат их цагаан тугаа салхин аясаар намалзуулан намируулсаар, хурсан түмний хийморь цогийг хурайлан хуруулан далласаар найман зууны чанадаас, 1206 оны тэртээгээс ийм л сүр жавхаатайгаар баяр цэнгэлийн их талбар хаана байна, чухам тэнд бахдал дүүрэн орж ирж байсан нь лавтай.

Оройн дээрх даян минь, Онгон шүтээн Очирваань минь, хурай, хурай, хурай хэмээн хурсан түмэн олноороо наран зөв гар даллан, нэгэн зэрэг нийтээрээ ярс ярс хурайлж байсан нь ч магад аа!  

Есөн хөлт их цагаан туг бол түг түмэн олондоо өлзий буяныг түгээгч, эх дэлгэр орондоо энх жаргалыг мөнхлөн заяагч тангараг бат оршсон билэг сүлд билээ.

Чингисийн Монгол, Азийн Монгол, нүүдэлчин Монгол, морьтон Монгол, малч Монгол, ардчилсан Монгол, шинэ Монгол... Монголчууд та биднийг, та бидний өлгий сайхан эх орныг дэлхий дахинаараа юу хэмээн нэрлэн дуудаж байсан ч, эзэн болсон бидэндээ уриа дуудлага шиг, туг сүлд шиг, тунхаг зар шиг омогшил дүүрэн сонсогддог эх орон минь билээ.

Тоогоор цөөн, зоригоор чанга, зангаар даруу, зорилгоор дүүрэн монгол түмэн төрт улсаа дэлхийд төвхнүүлсэн бахархалт түүх хоёр мянган, хоёр зуун, нэгэн жаран хагасын тэртээд буй.

Тусгаар тогтнол, эрх чөлөөгүйгээр эртний түүхт энэ монгол газар шороо, хүлэг шандаст морьдынхоо тэнүүн зоон дээр дарцаглаж, хийморь золбоогоо цогцлоосон эрэмгий зоримогт монгол түмнийг төсөөлөх аргагүй. Тиймдээ ч эндэж нэгэнтээ алдсан эрх чөлөөгөө нэгэн зуун нэг жилийн өмнө Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар олж авсан юм. 

Жаран жарны турш тоост хорвоогийн эрээн бараанд хутгалдаж, дээр доор орж, үймж хямарч байсан ч, нутгаа орхиж, хэлээ мартаагүй, монголоо алдаж, ёсоо гээгүй ээ!  

Манай Монголын сод тод хөвгүүд, Лев Гумилевийн хэлснээр “үе үе түүхийн чавхдасыг доргиож” ирсний хүчинд энэ улс орон минь эрх чөлөө, тусгаар тогтнолоо бат сахиж, ертөнцийн тоосонд гээгдэлгүй явж ирсэн, буурах болгондоо эргэж сэргэсэн, мандсан, хөгжсөн.

Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд

Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан

Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан

Холхи ойрхийг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан

Мянган голыг гаталсан морин туурайн гавъяа

Найман зүгт мандсан эцэг өвгийн гавъяа

Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавъяа

Манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөнд гавъяа!  

Хоёр. Сүр хүчин төгөлдөр үлэмжийн их эзэн хаан минь ээ! Дээд тэнгэрээс заяат суут богд эзэн минь ээ! Найман зуун жил мяралзан жирэлзэн өнгөрсөн ч, Монгол гэдэг улсынхаа нэр, монголчууд гэдэг түмнийхээ суу алдрыг хүрээгүй газар, дуулаагүй хүн үгүй болтол даян дэлхийгээр доргитол зарласан хосгүй их алдар гавъяаг тань хотол түмнээрээ бишрэх учиртай. 

“Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг харь иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээсэн тамга бүхий захидлыг 1246 онд Монголын их хаан Гүюгээс Ромын пап ламд хүргэж байсан баримт бий. 

Үлэмжийн их Чингис биеэрээ биш, үе залгасан Өгөдэй хаан ч хараахан биш, тэр их хаадын үр ачийн нэг Гүюг хааны тамга гэхэд ийм үгтэй, тийм сүрлэг!

“Манай Монгол улс болбаас, Чингис богдоос дараалан дээд үеийн өндөр дээд хэдэн өвгөд, зүгээр ч үгүй, эрдэмтдийг хэрэглэж чадсанаар алтан дэлхийг наран мандахаас наран шингэх хүртэл эзэлж, Монгол гэдэг аугаа их алдрыг ертөнц дахинаа галав дүүртэл үлдээсэн билээ” хэмээн XX зууны манай нэрт түүхч нэгэнт нотлон өгүүлсэн билээ. Эх Монгол орондоо элэг нэгтнүүд гагц тэгж эзэн хаанаа магтан дуулаагүй. Чингис хааныг мэддэггүй улс орон, бичдэггүй алдартан үгүй гэхэд хилсдэхгүй. 

Өөрийн тэр цаг үедээ  

Суу алдар нь тэгж түгсэн 

Өргөн их хорвоо ертөнцөд

Сод болгон нь тэгширч гүйцсэн 

Өндөр язгуурт их эзний

Өргөмж төгс алдар нь 

Чингис юмсанжээ хэмээн Английн яруу найргийн эцэг гэгддэг XIV зууны аугаа их яруу найрагч Жеффри Чосер алдарт Кентербергийн дуулалдаа 1395 онд магтан шагширсан нь бий.

Азийн тал хээрийг би харж байна;

Аргагүй, Монголын хиргисүүр –халимаг, башкирийн гэрийг би харж байна;

Үнээ малаа гилсэн нүүдэлчин аймгуудыг би харж байна;

Гуу жалга болсон, нэлийсэн ухаа толгодыг би харж байна;

Түнэр их ой шугуй, говь цөлийг би харж байна;

Тэмээ, тахь, тоодог, халбин сүүлт хонь,

зээрийн сүрэг, хээрийн саарал чоныг би харж байна хэмээн XIX зууны Америкийн аугаа их яруу найрагч Уолт Уйтмен “Өвсний навчис” туульдсаа “Манай гарагийнхаан, мэнд мэдье!” хэмээгээд энэ Монголын минь тухай ийн шүлэглэсэн нь бий.

 Гурав. Хүний түүхийг хүлгийн нуруун дээр дарцаглан манлайлсан хүчирхэг дээдсийн өлгий нутаг –энэ Монголд Улсад минь, эзэн Чингисээрээ дуудуулах бүрэн эрхт монголчуудад минь их түүх, эцэг дээдэс, ёс төр, уламжлал заншлаа нандигнан дээдэлж, эндсэн оносноо эргэцүүлэн сэхээрч, ирээдүй хойчдоо сэхэн өндийж, сэргэн мандах их дуудлага, эрин үе айсуй. 

Чагнагтун, анзаарагтун, айсуй ирээдүйг амдан хөдлөгтүн!

Төр улс минь түвшин, түмэн олон минь амгалан байг! 

Тоонот гэр минь бат, тотго тулга минь ариун байг! 

Монгол түмний минь итгэл сэтгэл мөнх төрийн хүрэл тулганы цоролзох галын дөл шиг өөд өөдөө дүрэлзэн байг!  

Хурай, хурай, хурай! Хурай, хурай, хурай!

Дөрөв. Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдсаараа ярьдаг морин хуур, ухаарал, уярал, учирлал гурамсалж шингэсэн уртын дуу бол монгол хүнээс өөр хэн ч бодож олоогүй, онож зохиогоогүй, орчлонгийн өөр хаана ч биднээс өрсөж дуулаагүй соёлын үлэмжийн өв, ертөнцийн хос хоёр гайхамшиг. Морины хуурын яруухан дуурсал, уртын дууны цээлхэн  шуранхай эгшиглэж уянгалсаар үл дуусч, эс жаргахын шидээр орчлонг уяраасаар авай.

Нүүдэлчний соёл, ардын ухаан цаглашгүй. Цагийн эрхийг дагаж, газрын эвийг харж, хол ойр нүүдэллэхдээ тэд минь юу эсийг үзэж, хатуу бэрх юу эсийг туулж, аж төрөх арга ухааны ямар далай баян уурхайг нээсэн гэх вэ! 

Эргэх дөрвөн улиралд мал сүргээ адгуулж, морин дэл дээр дэрвэж, урт холын аянд тэмээн жин хөдөлгөж, ойр зуурын явдалдаа хайнагийн шар, монгол шар хөллөсөн хөдөөх цөлх өвгөд минь, тэнгэр газар шинжсэн цэцэд мэргэд дээдсийн үлдээсэн бүхэн нь энгийн биш, идийн гэмээр, шидийн гэмээр. 

Монголын нүүрийг хорвоод тахлах, энэ их нэрийг нь өнө хойчид хүргэх амь бөхтэй дархлаа гэвэл, нүүдэлчний ахуй, нүүдэлчний соёл гарцаагүй мөн. 

“Миний өвөг дээдэс хөх Монголын нүүдэлчин

Мэлмий алдрах талын цалин цагаан дээвэртэн”  ард олон нэгэн зууны тэртээд, 1921 онд хувьсгал  хийж, Монгол орон, монгол түмэнд энгийн бус, эрс өөрчлөлтийг авчирсан. 

Монгол хүн авхаалжтай, шинэ зүйлд соргог сэргэг, аливааг тусгаж авахдаа чадмаг дадмаг. Ард нийтээрээ сэтгэл зүрх, гар санаа нийлэн хөгжлийн төлөө алхацгаасан. Явсан туулсан зам алдаа эндлээс ангид, амар хялбар байгаагүй ч, алдахаасаа оносон, буруудахаасаа зөвдсөн. 

Хүн амаа эрүүлжүүлсэн, хүүхэд багачуудаа сургасан, аж үйлдвэрийг цогцлоосон, мал сүргээ өсгөсөн, атар газрыг эзэмшсэн. Хийсэн бүтээсэн он жилүүд ялалтын марш шиг яралзтал жирэлзэж өнгөрсөн. 

Дайн, ган, зуд, хэлмэгдүүлэлт, гадны хавчилга, дотоодын толхилцол зүсэн зүйлийн бэрхшээл учирсан ч давсан, туулсан.

Мянга мянган залуус хилийн дээс алхаж, гадны ертөнцөд нүд тайлсан. Хүн ард нь юуг эрхэмлэдэг, хаашаа тэмүүлж, хэрхэн оюун ухаан, бие бялдраа хөгжүүлдэг, эрүүл энх, аз жаргалыг яаж олж авдагийг нүдээрээ үзсэн, биеэрээ дадсан, ард түмнээ тэд үлгэрлэсэн.

Нэгэн зууны дотор нэрлээд байвал тоолшгүй олон цоо шинэ зүйлсийг цогцлоосон, ахиц дэвшил, бахархлыг бий болсон. 

Цоо шинээр зуу зуугаараа хот суурин, сум, сангийн аж ахуй, үйлдвэр аж ахуйн газар бий болсон.

Жингийн цуваа хөвөрсөн тал хээрээр төмөр зам жирийсэн, утасны мод ярайсан, машин тэрэг хөвөрсөн.  

НҮБ-д элсэж, сансарт хөөрсөн. 

Ахмад үеийнхэн -тэр цагийнхаа аянгын гялбаа, атар газрын цэцэг шиг нижигнэж шижигнэсэн гал цогтой залуус шинэ

бүхнийг авчрах гэж, хойч үедээ сайн бүхнийг өртөөлөх гэж бүхнийг гардан хийсэн, гайхамшгийг бүтээсэн. 

Цаг үеийнхээ цэцэг навч, өнгө гоо, үзэсгэлэн чимэг, уураг тархи, урагшлах хөдөлгүүр нь болсон үе үеийнхэн өнгөрсөндөө тулгуурлаж, өнөөдөртөө итгэж, маргаашдаа найдаж, үүрийн цолмон шиг гялалзсаар хоёр зууныг хооронд нь золгуулсан -галтай цогтой тэртээх жилүүдийн бахтай цуутай элч төлөөлөгчид юм. 

Ахмад үеийнхний гараар хот болгон сүндэрлэж, үйлдвэр бүхэн нүргэлж, олон уурхай нээгдэж, улс орны ажил үйлс судасны лугшилт, зүрхний хэмнэл адил эрчтэй хүчтэй, хором тасалдалгүй цохилж ирсэн, залгуулж хойч үедээ гардуулж өгсөн.

Мартах аргагүй, маргах учиргүй.

Тав. Эхийн хэвлийд төлжиж ахуйд ч, энэрэл хайрынх нь эрчис долгисоор өвч биедээ шингээж авсан эх хэл байгаа цагт, эхэлж шимсэн ангир уурагтайгаа хөхөж идээшүүлсэн эх хэл байгаа цагт эх орон, эцэг дээдэс, их түүхийн улбаа хэзээ ч арилахгүй, монгол ёс, уламжлал заншил мөнхөд тасрахгүй, хаанаас ирсэн хэн бэ, гэдгийн алтан хэлхээс алдарч мөхөхгүй.

Монгол гэдгийг мөнхөлж дархалж байдаг, мянга мянганы түүхийн нугачаа, доргио чичиргээ, довтолгоо дайралтыг туулан байж, өнөө бидний үед алдарч балралгүй, цэв цэврээрээ, төв төгөлдрөөрөө хүрч ирсэн эрдэнийн талст мэт эх хэл юүгээ нүдний цөцгий мэт эрхэмлэн дээдэлж, энэ дэлхийн хүн ардын зургаан зуун эх хэлний эн тэргүүнд тавьж, эзэмшин бахдах юутай гайхашиг.

 Эх хэл минь алдраагүй цагт, энэ Монгол минь эгнэгт оршино!

Хэл гэдэг соёлын хөтөч, эх соёлын газрын зураг. Уг сурвалж, үүсэл гарлаа язгуураар нь таних ган хийцийн ганц түлхүүр монгол хэл.

Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон хэмээн Монголын суут

Дашдоржийн Нацагдорж дуулсан юм.

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ хэмээн цагийг сөрсөн билэгтэн

Бямбын Ринчен баталсан юм.

Ангаахайн чинээ байхаас минь бүүвэйлсэн үг

Аялгуу сайхан монгол хэлийг хомс гэхэд би итгэхгүй хэмээн их соён гэгээрүүлэгч

Мишигийн Цэдэндорж нотолсон юм. 

Зургаа. Энэхэн сайхан замбуу тивийн наран

Илхэн бүхий дэлхий дээгүүр

Мөхдөл үгүй дэлгэрч, түгэн түгсээр

Мандан мандсаар байгаа цаг эх Монгол орон минь, эзэн болсон монгол түмэн минь эгнэгт оршсоор ертөнц дахинаа үүх түүх, уламжлал заншлаа түгээн түгээсээр байх болно. 

Монгол хүний бахархал, сүр сүлд, хийморь лундаа болсон төр улс, түмэн олны их баяр цэнгэл наадам нэг ч тасалдал үгүй, таашаал баяслыг өнө мөнхөд авчран байх болтугай!

До.Чулуунбаатар