Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжилах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгаас алга болсон таван настай Э гэх охиныг улсын хэмжээнд хоёр хоногийн хугацаанд эрэн сурвалжилж өчигдөр /2018.08.21/ эсэн мэнд оллоо.

Охиныг 37 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, Б гэгч эмэгтэй Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор охины биед ил харагдах гэмтэл шарх сорвигүй байна.

Таван настай Э гэх охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон тухай мэдээлэл Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 20:30 цагт ирснээр эрэн сурвалжилах ажиллагааг эхлүүлсэн юм.

Эцэг, эхчүүд та бүхнийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.