Танилц: Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх журам

Б.Баясгалан
11 сарын 20, 2018

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн өчигдөр Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.

Тэгвэл Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу дараах байдлаар хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

38 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам

38.1. Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

38.2. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно. /Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.3. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

38.4 Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

38.5. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаан дээр үг хэлж болно.

38.6. Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол энэ зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ" гэж заажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.