Нийслэлийн Цагдаагийн Газраас халаасны хулгай тэр дундаа гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гар утас худалдаалдаг "Теди", "Монтел" төвийн удирдлага, лангуу түрээслэгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

НЦГ-ын  Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ "Харилцаа холбооны зохицуулах газар, үүрэн телефоны операторууд, цагдаагийн байгууллага хамтраад Smartdevice.mn сайтыг нээн ажиллуулахаар бэлдэж байна. Иргэд гар утасныхаа IMEI код, утасны дугаараа бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломжтой болох юм. 

Хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ганцхан цагдаагийн байгууллага ажиллаад хүчин мөхөсдөж байна. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжийг ердөө хуулиа мөрдөж, иргэний үүргээ биелүүлээч ээ л гэж байгаа. 

Ер нь цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийн эсрэг хатуу, чанга бодлого барьж, ард иргэдийг айх аюулгүй амар тайван амьдрах боломжоор хангамаар байна" гэв.

"Иргэн та гар утасныхаа IMEI код, гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлнэ. Ингээд гар утсаа хулгайд алдсан тохиолдолд "алдагдсан" төлөвт шилжүүлэх юм. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй гэсэн үг.

Нэг хүн өөрийн нэр дээр ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой. Ухаалаг утас, таблет төхөөрөмжүүдийг бүртгэлжүүлэх уг систем энэ сард багтаж нээгдэнэ" хэмээн ХХЗХ-ны мэргэжилтэн Т.Батболд хэлэв.