Нийгмийн даатгалтай холбоотой түгээмэл асуултуудын хариултыг хүргэж байна.

- Шинэ төрсөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ хэрхэн авах вэ?

- 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн үзүүлэх тул 0-16 насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.

- Гадаадад эмчлүүлсэн иргэнд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?

- Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.

- Хүүхдээ асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг хаанаас ямар журмаар төлөх вэ?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3-ын 3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд заасны дагуу хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувиар тооцож сар бүр Нийгмийн даатгалын санд төлж байхаар зохицуулсан байдаг. Тиймээс хүүхдээ асрахаар чөлөө авсан бол чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй.

- Ажлаасаа зургаан сарын цалингүй чөлөө авсан. Чөлөөтэй байх энэ хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдаж болох уу?

- Болно. Энэ тохиолдолд даатгуулагч өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээ тасалдуулахгүйн тулд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу сараас эхлэн оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалын гэрээ байгуулан хамрагдах боломжтой.

- Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр авдаг. Энэ ямар учиртай вэ?

- Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагч та аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг юм. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй. Түүнчлэн даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас  жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаар болох 2,0 сая төгрөг хүртэл хэмжээний эмчилгээ, тусламж үйлчилгээний санхүүжилт авах эрхтэй гэсэн үг. Таны авсан эмчилгээ, тусламж үйлчилгээний зардлын төлбөр энэхүү зардлаас хэтэрсэн тохиолдолд даатгуулагч өөрөө төлөх учиртай.



Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам