Та энтрепренёр мөн үү. Энэ асуултанд Улаанбаатарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн хүсэлтээр МҮХАҮТ-ын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Н. Болормаа хариулт өгч зөвлөж байна. Тус төв нь 2005 оноос хойш бизнес эрхлэгч монгол эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, тэдний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад туслалцаа үзүүлж иржээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байгаа нь


1. Нэгдүгээрт санаа. Хүний толгойд өдөрт хичнээн ч шинэ санаа төрж болно.Чухам санаа л бизнес болох эсэхийг шийддэг амин чухал зүйл. Сайн бизнес санаа санхүүжилтээ өөрөө олдог. Магадгүй санаа таны чадвар дээр үндэслэгдсэн бол илүү давамгай байдлыг бий болгодог. Тийм учраас эхлүүлэх гэж байгаа бизнестээ сэтгэл хөдлөлөөр биш бодитоор хандахыг хичээгээрэй. Магадгүй санаа нь сайн боловч зах зээл нь байхгүй ч байж болно. Эсвэл ур чадвар дутах ч магадлалтай. 


2. Хамрагчаа зөв олох. Бизнес найз нөхдийн нөхөрлөл дээр эхлэх нь элбэг. Гэвч ихэнх тохиолдолд салж бутардаг. Учир нь тухайн үедээ сэтгэлийн хөөрлөөр зөвхөн санаа дээрээ нэгдчихдэгээс болсон хэрэг. Харин нийлээд ажиллах гэхээр нэг хүнийх нь ур чадвар дутдаг, сийрэгхэн ухаалаг нэг нь бизнесээ авч явж байгаад нэгнээ орхиж хямрал үүсэхэд хүрдэг тал бий. Тиймээс хэнийг хамтрагчаа сонгох вэ, ямар шалгуураар сонгох вэ гэдгээ тодорхойлчих хэрэгтэй. Одоогоор Монголд амжилттай явж байгаа компаниудын ихэнх нь гэр бүлийн компани байна. 


3. Эхлээд та өөрөөсөө бизнесээ эхлүүлээд нэг жил тогтвортой авч чадах уу гэж асуу. Магадгүй өөрсдийн гэсэн эрхэлсэн ажилтай бол энэ бүхэн эрсдэл гэдгийг зөв тооцоолох ёстой. Хэрэв шинийг санаачлан бизнес болгох гэж байгаа бол банк, санхүүгийн байгууллагаас зээл авахгүйгээр өөрийн хуримтлал болон гэр бүл, найз нөхдийн дэмжлэгтэйгээр эхлүүлнэ гэж хатуу тооцоорой. Санаа байгаад санхүүгээ бодож тооцохгүй бол энтрепренёр гэж хэлэхэд маш хэцүү. Бас хобби хэлбэрээр хийж болно. Гэхдээ та энтепренёр биш гэсэн үг. Учир нь энтепренёр гэдэг эрсдлээ даагаад өөрийнхөө идиагаа үнэлээд явж байгаа хүмүүс юм.



4.  Энтрепренёруудын хувьд гэр бүлийн дэмжлэг маш чухал. Тэдэнтэй ярилц, ойлголц. Учир нь тэд л таныг хамгийн сайн мэддэг. Магадгүй дэмждэггүй бол ганцаараа газар доогуур нүх ухаад явахтай зүйрлэж болно. Учир нь 10-аас дээш жилийг тууштай зарцуулж байж л амжилтанд хүрдэг.


5. Зөрүүдлэ. Та өөрийгөө зөрүүд гэж боддог уу. Яах ч аргагүй зөрүүд байж л энтрепренёр болно. Энэ бол муйхар зөрүүд биш өөрийн итгэл үнэмшилтэй дээрээ бат зогсч чаддаг, тохиолдсон бэрхшээлийг даван туулах чанар юм. 

Учир нь энтрепренёрууд олон жил зүтгэж байж л үр дүнгээ амсдаг юм.


6. Хэзээ ч бүү гомдолло. Энтрепренёр хүн үргэлж аливаа зүйлийн эвийг олдог чадвартай байдаг. Санаагаа бариад хэчнээн хүнд тайлбарлахаар уулзана. Уулзалт бүхэн амжилтаар дүүрэн гэвэл эндүүрэл. Тэр үед тухайн хүн таныг санааг дэмжээгүйнх нь төлөө шууд дургүйцлээ илэрхийлж, уурлаж бүр цаашлаад дахин уулзахаас татгалзаж хэзээ ч болохгүй. Хэрэв хүнээс хатуухан үг дуулахаараа гомдоод эргэж хардаггүй зантай хүн хэзээ ч энтрепренёр болж чадахгүй. Харин шантаршгүй, тууштай хүн л бизнесээ амжилттай авч явдаг. 


7. Нетворк хийх. Ямар ч том уулзалтанд очихоосоо өмнө хэн хэнтэй уулзахаа юу ярихаа хэдийнэ төлөвлөсөн байх ёстой. Орж ирээд дайллагын хоол цайг үл анзааран аяга кофе уух хоорондоо л хамаг ажлаа зохицуулж, асуудлаа шийдэж сур. Учир нь тэр уулзалтанд та дайлуулах гэж биш холбоо харилцаа тогтоох, хүмүүст өөрийгөө таниулах гэж очсон шүү дээ.



8. Эхлэхээсээ өмнө өөрийн чинь бизнест орон зай байгаа эсэхийг нягтал, судла. Эсвэл таны бизнес аль нэгэн талаараа бусдаасаа давуу талтай байх ёстой. Магадгүй дахин боловсруулдаг шаазан гэвэл жирийн шаазан үйлдвэрлэгдээс илүү хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадна. Манайхан хэн нэгний эхлүүлсэн бизнесийг би ч гэсэн чадна гээд эхлүүлж том алдаа хийдэг. 


9. Хамтар. Энтрепренёр гэдэг заавал өөрийн брэнд нэрийг гаргана гэсэн үг биш. Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид тус тусдаа ажлаа хийгээд нэгэнтэйгээ төдийлэн уулзаж санал бодлоо хуваалцдаггүй. Харин ч хамтраад илүү сайн бүтээгдэхүүнийг хийж болно гэдгийг тооцоол. Аль эсвэл ижил төстэй үйл ажиллагаа бүхий томоохон компаниудад хандаж аль нэг бүтээгдэхүүнийг нь хөгжүүлэхэд оролцох өөрийн саналаа хэлж бараагаа танилцуул. Орчин цагт нэгэнт зах зээл нь тодорхой болчихсон томоохон компаниудтай өрсөлдөхөөс илүү хамтарч ажиллахад анхаарах чухал.


10.Хамгийн чухал нь өөрийгөө маш товчоор танилцуулж сурах. Танилцуулахдаа та бизнесийн зовлон бэрхшээлийнхээ тухай нэг ч үг унагах ёсгүй. Харин юу бүтээсэн, бусдаас юугаараа давуу талтайг, тухайн санаа нь өөр хэнд ч байхгүй гэдгээ батлан харуул.