Саруулын Ариунжаргал
12 сарын 01, 2018
Хамтын ирээдүйгүй хайр сэтгэлийн харилцаагаа нэг мөр таслах. Өсөн дэвжих боломжгүй, залхуутай ажлаа солих. Шинэ ажил эхлүүлэх. Өөр улсад очиж амьдрах. Хүсэж байсан сургалтандаа суух.
Заримдаа бид амьдралаа өөрчлөх цаг болсон гэдгийг мэддэг ч зориглож чаддаггүй. Өөрчлөлт хийнэ гэдэг эрсдэлтэй шүү дээ. Сэтгэл зүйч Ален Эрилийн зөвлөснөөр дараах найман асуултыг өөртөө тавьж амьдралаа шинээр эхлэхэд бэлэн эсэхээ мэдээрэй.
Тaнд бусдын тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
“Би үргэлж л бүтэлгүй хүмүүстэй учрах юм”, “Надад үнэнч сайн найз байхгүй”, “Ажил дээр намайг үнэлдэггүй”... Амьдрал тань уйтгар гунигийн сэдэвтэй кино зохиол шиг санагдаж, тааламжгүй нөхцөл байдлууд дахин дахин давтагдаад байвал өөрчлөлт хийх цаг болжээ. Гэхдээ энэ нь тийм ч амар биш. Бусад хүмүүсийн дэмжлэг, тусламжийг авч байж та өсөн дэвжинэ. Та ганцаараа бүгдийг чадахгүй, бусдын туслалцаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
Хариуцлага үүрч чадах уу?
Одоогийн байгаа байдалдаа хайртай дотны хүмүүс эсвэл амьдарч байгаа нийгмээ буруутгах нь өөрөө хариуцлага үүрэхээс илүү амар. Гэхдээ өөрчлөлт хийхийн тулд амьдралын жолоогоо өөрийн гарт атгах хэрэгтэй. Бусад хүмүүсийг өөрчилнө, эсвэл тэд таныг өөрчилнө гэдэг бол худлаа. Та гомдоллохоо больж, өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэхийн тулд хариуцлага үүрэхэд бэлэн үү?
Комфорт зоноос гарч, юу тохиолдохыг тааварлашгүй аялалд гарахад бэлэн үү?
Хийж байгаа ажил хэчнээн таалагддаггүй ч гэсэн эрсдэл гаргаж өөрчлөхийн оронд бүх зүйлийг хэвээр нь үлдээх амар шүү дээ. Бүр дордуулчих ч юм билүү. Өөрчлөлтийн замд хөл тавьснаар бид цаашид юу тохиолдохыг таашгүй, үл мэдэх аялалд гарсан мэт байдаг. Өдөр тутам хийдэг, хэвшил болсон зүйлсээсээ татгалзаж, хүрээллээ өөрчилж өөрөөр хэлбэл комфорт зоноосоо гарахад бэлэн үү?
Зарим харилцаа холбоогоо тасалж чадах уу?
Өөрийнхөө дараагийн хувилбар нь болохгүйн тулд эцэг эх эсвэл хамаатан садныхаа бүтэшгүй найдлагыг гүйцэлдүүлэх гэж зүтгэсний хэрэггүй. Дуулгавартай охин/хүү гэсэн дүрээс сал. Найз нөхдөд ч мөн хамаатай. Таныг уруу татаж, хүсээгүй зүйлсийг тань хүчээр хийлгэж байдаг найзтай нөхөрлөх хэрэггүй. Бусдын хүсэж байгаа шиг хүн байхаа больсноор та зарим найз, нөхдөө алдах эсвэл хамаатнуудтайгаа уулзахаа болих байх. Та ийм өөрчлөлт хийхэд бэлэн үү?
Үнэт зүйлсээ өөрчлөхөд бэлэн үү?
Аливаа өөрчлөлтийг хийхэд дотоод сэтгэл ч мөн адил өөрчлөгдөж, хорвоо ертөнцийг шинэ өнцгөөс хардаг. Та өөрийн үзэл санаа, бодол төсөөлөл, үнэт зүйлс гээд бүхий л зүйлсийг дахин тунгааж үзэх хэрэгтэй болно. Үүний тулд ихээхэн энерги, хүч зарцуулах шаардлагатай. Тухайлбал, гэр бүл бол таны хувьд хамгийн үнэтэй нь байсан. Танд гэр бүл байгаа, гэхдээ та аз жаргалгүй хэвээрээ л байна. Тэгвэл карьер хөөхийн тулд та гэр бүлээ золиосолж чадах уу? Бат итгэлтэй байсан үзэл бодолдоо эргэлзэж чадах уу?
Бүгдийг нь өөрчлөх боломжгүйг ухаарч байна уу?
Дотоод “Би” хүнээ олж, түүнтэйгээ тулж ажилласнаар нөөц бололцоогоо нээхийн сацуу хил хязгаараа ч олж мэддэг. Бид илүү хүчтэй болно гэхдээ бүхнийг давах хүч биш шүү дээ. Зураг зурахдаа гуравхан өнгийг ашигладаг байсан зураач байж гээд төсөөлөөд үзье. Гэнэт тэр өөр олон өнгийн будаг байгааг санаж, ажилдаа ашиглахаар шийдэж л дээ. Түүний зурсан зургийн өнгө алаглаж, мөрөөдлийн зургаа зурж дуусгах боломжтой болсон ч авьяас гэдэг бол хязгаарлагдмал зүйл. Олон өнгийн будаг ашигласан ч хүссэн шигээ зурж чадахгүй ч байж мэдэх юм. Та өөрийн хүч чадал, авьяас чадварын хязгаарыг олж мэдмээр байна уу?
“Том” болоход бэлэн үү?
Урсгалаараа амьдрахаа болих хэрэгтэй. Идэвх санаачлагатай, өөрийн бүхий л хүч, зоригоо дайчлан амьдарч, ажиллах хэрэгтэй. Үүний тулд пассив, идэвхгүй байдлаа халж, даргатайгаа эсвэл эцэг эхтэйгээ ярилцаж амьдралаа шинээр эхлэх болсноо дуулгаж, зорилгоо танилцуул.
Эцсээ хүртэл явж чадах уу?
Өөрчлөлтийг хийж чадсан ч буцаад комфорт зон руугаа очих гээд байдаг тал бий. Замын дунд хүрсэн амжилтууд хангалттай санагдаж магадгүй. Зорьсон зорилгодоо хүрсэн мэт, өөртөө болон эргэн тойрныхондоо өөрчлөлт хийж чадсанаа баталсан мэт санагдаж магадгүй. Тийм юм чинь буцаад хэвийн амьдрал руугаа орж болох бус уу. Жишээ нь: та эхнэр/нөхрөөсөө салж тусдаа амьдрах болсон гэж бодъё. Гэтэл эхнэр/нөхөр тань өөрчлөгдсөн тухайгаа хэлж, буцаад нийлэхийг гуйгаад байвал та яах вэ? Эргээд нийлэх үү? Бүх шийдвэрээ сайн бодож, тунгааж байж гаргах хэрэгтэй. Замын дундаас хазайхгүй, эргэж буцахгүйгээр эцсээ хүртэл явж чадах уу?
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.