УИХ-ын гишүүн Ж.Батзандан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх асуудал болон С.Булганы захидлын асуудлаар байр сууриа илэрхийлж байна. 

Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа. Энэ хэрэгт өнөөдөр гурван хүн холбогдоод, ял эдэлж буй. Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагууд Мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хуулийн хүний эрхийг хамгаалах зарчмуудыг гажуудуулсан гэж Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дүгнэсэн. Энэ хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөгт хандсан захидалдаа уг хэргээр ял аваад байгаа гурван хүнийг огт танихгүй, хэзээ ч хараагүй гэдгээ бичсэн байна. 

Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгчихсөн байгаа юм. Амгаланбаатар гэдэг этгээд 16 настайдаа С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн мэдүүлж, зөвхөн түүний мэдүүлгээр хоёр хүн ял авсан.

 Үүнийг ярьсан УИХ-ын гишүүдийг айлган дарамтлах ажиллагааг хууль хяналтын байгуулагууд удаа дараалан хийсэн. Би ард түмний эрх ашгийг нь хамгаална гэж сонгогдсон элч төлөөлөгчийн хувьд шударга ёсны төлөө үгээ хэлэх л болно" гэсэн юм. Мөн тэрбээр тун удахгүй энэ захидлыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна хэмээн мэдэгдсэн юм.