Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 6.471.000 хүн өвчилж, 381.000 хүн нас баржээ. 2.9 сая хүн эдгэрч, уг өвчний улмаас одоо 3 сая гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 108.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 9.000 хүнээр, нас баралт 1.500 гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 8.000 гаруй хүн шинээр өвчилсөн. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 28-210 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй байна. Ялангуяа Эрхүү хотод шинээ 210 хүн халдвар авсан. Тувад өвчлөл өмнөх өдрөөс 46-гаар нэмэгдэж, нийт 1161 хүн өвчилж, 4 хүн нас барсан байна. 

Иймд тус мужуудтай хил залгаа Баян-Өлгий, Хөвсгөл, Увс, Дорнод, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхааралтай байж, амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар угааж, хүн хоорондын зайг барьж, хил орчмын нутгаар сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна.

Манай улсын хувьд коронавирусийн нийт 185 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 44 нь эдгэрсэн. Өчигдөр шинээр 20 хүн ажиглалтад орж, нэг хүн ажиглалтаас гарсан. Одоо 1812 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Архаг хууч өвчтэй 116 хүнд 33 их эмч, 59 ресидэнт эмч тусгаарлах байранд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн төмөр замын эмч нар орон нутгийн 14 галт тэргэнд ажиллаж, 5000 хүнд тандалт судалгаа хийсэн. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 178 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар Швед, Турк улсаас 2 хүн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан

Коронавирусийн аюул бидний эргэн тойронд ойрхон байгаа учир сонор сэрэмжээ огтхон ч сулруулж болохгүй" хэмээлээ.