НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн дэмжлэгтэй "Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төсөл, Завхан аймгийн ЗДТГ-тай хамтарч малчдын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд 24 сумын 200 гаруй малчин, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч оролцсон юм. 

Энэ үеэр "Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төсөлд хамрагдсан малчид бүтээгдэхүүнийхээ дээжээс үзэсгэлэн дэлгэж, туршлагаа танилцууллаа. 

Тэнд суран бугуйл, чөдөр, араг савар, адууны дэл сүүлээр томсон дээс, эмээл хазаар гээд малчдын өдөр тутамд хэрэглэгддэг бүхэн дэлгээтэй. Түүнийг сонирхож, худалдан авахаас гадна сониучирхаж “өөрөө хийнэ дээ” гээд өнгөрөх малчдын хөл тасрахгүй. 

Төслийн танилцуулгын үеэр малчдад байгаа бүхий л зүйлс орлого олох боломж гэдгийг харж болохоор байлаа. Зөвлөгөөнд оролцсон малчид ч дээрх төслүүдээс санаа ургуулж үйлдвэрлэлээ эхлүүлэх, суралцах туршлага солилцсон арга хэмжээ болсон хэмээн ярьж байна. 

“Хонины нойтон нэхийг нохой ч тоохгүй. Зарим ченж хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй үнээр авдаг тул хүмүүс шууд л хаячихдаг. Ингээд л хээрээр хөглөрөх хог болж байгаа юм. Харин элдэж хатаагаад боловсруулчихвал өөр хэрэг. Хамгийн багадаа 30 мянган төгрөг болно, нэхийгээрээ хантааз оёвол 80 мянган төгрөг элбэг үнэ хүрнэ дээ.” гэж Дөрвөлжин сумын ахмад малчин С.Жамганжав ярьж байна.  

Дөрвөлжин сумын ахмад малчин С.Жамганжав
Үнэгүйдсэн нэхий ийнхүү үнэ хүрч, малчдын эрэлттэй бараа болсон ч суурин газар шиг шууд нэг дор зарж борлуулна гэдэг амар ажил биш аж. Иймээс энэ жил аймгийнхаа сумдыг хоёр ч удаа тойрч бүтээгдэхүүнүүдээ борлуулжээ. 

Энэ талаар “Сумын төвөөс 200-300 км-ын зайтай нутагладаг малчид ч бий. Тэр бүр сум, аймгийн төвд ирж чадахгүй шүү дээ. Суран бугуйл, ногт, чөдөр, томсон дээс зэргээ аваад зориод очихоор “Ёстой нэг хэрэгтэй эд байлаа” гээд л олзуурхан авцгаадаг хэмээн Завхан аймгийн Дөрвөлжин сумын ахмадууд ярьж байна. 

65-80 насны таван ахмад малчин нийлж “Ахмад малчдын нэгдэл” байгуулсан нь ийнхүү орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж, өөрсдийнхөө ч амьжиргаанд нэмэр болж явна. Харахад цомхон хэдий ч хамтдаа олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн товхийсэн хамт олон болжээ.

Өмнө дурдсанаас гадна өрхний оосор, малын хүзүүвч, уяа тушаанаас эхлээд галын хайч, араг савар, хусуур, тогооны таг гээд өдөр тутмын хэрэглээний 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. 


Ширхэг ч хаягдалгүй уламжлалт  үйлдвэрлэл

Хусуур савар нь төмрийн үйлдвэрийн гологдол, илүүдлээр хийсэн ч хуванцар сав, шанаганаас хамаагүй хямд дээр нь байгаль орчинд хор хөнөөлгүй, удаан хэрэглэгддэг.

Нэг үхрийн ширнээс гэхэд 30-35 алд сур гаргадаг. Түүнээсээ 10 алд урттай гурван бугуйл үйлдвэрлэдэг байна. Үлдснээр нь ногт чөдөр зангидна, бүр богино хаягдал сураар хүртэл бэлэг дурсгалын зүйлс хийдэг тул тэдний үйлдвэрлэлд хог хаягдал гэсэн ойлголт байдаггүй гэнэ.

Тэд энэ хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөлд хамрагдснаар бүтээмжээ эрс нэмэгдүүлж, өмнөхөөсөө хэд дахин ашиг орлоготой ажиллах болжээ. 

Энэ талаар ахмад малчин С.Жамганжав “Төсөлд хамрагдаж арьж, шир элддэг төхөөрөмж авсан. Өмнө нь гараараа нухаж, уламжлалт чулуун элдүүрээр элддэг байлаа. Тэр үедээ өдөрт нэг алд сурны ард арайхийж хийж гардаг байсан бол одоо арван алдыг элдээд, хажуугаар нь хонь, ямааны арьс элдэж байна шүү дээ. 

Арьс элдэгч машины ачаар бид бүтээмжтэй ажиллаж, биед амар ажиллахын дээр орлого ч нэмэгдсэн. Бугуйл 200 мянган төгрөг, ногт, чөдөр 20-40 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Авна гэсэн хүнтэйгээ үнэ тохироод л зарчихдаг.” хэмээн НҮБ-ээс хэрэгжүүлсэн төсөл малчдын амьдрал ахуйд үр дүнгээ өгөөд эхэлсэн талаар хуваалцсан юм. 


Болгоё гэж хүсвэл амьжиргаагаа сайжруулж, амьдралаа дээшлүүлэх арга олон 

Ахмад малчдын нэгдлийн хамгийн ахмад нь 80 насны босго давж яваа Ш.Цэвэлмаа гуай юм. Түүний есөн хүүхэд нь бүгд аав ээжийнхээ ажлыг өвлөж, малчин болцгоожээ. Ш.Цэвэлмаа гуай “Ахмад малчдын нэгдэл”-дээ дээс томж, ноолууран утас ээрч бэлтгэдэг байна. 

Дөрвөлжин сумын ахмад малчин Ш.Цэвэлмаа

Тэрбээр “Хонь, тэмээний ноос, адууны дэл, сүүл, сарлагийн хөөврийг зулж бэлтгээд, гараараа л томчихно. Нэг дор удаан суухгүй өдөртөө бага багаар хийгээд байхад 7 хоногтоо 10 метр орчим дээс томчихдог. 

Түүгээрээ өрхний оосор, гэрийн бүслүүр, чагтага, үхэр, тугалыг хүзүүвч, уяа гээд юу эсийг ч хийж болно. Бас эсгий ширдэг, гэрийн туурга, өрх бөхлөх утсаа тэмээний ноосоор ээрдэг.Бидний хэдэн ахмад малчид нэгдээд энэ ур ухаанаа залуустаа зааж зөвлөж яваадаа баяртай байна. 

Утас ээрч, эсгий ширдэг хийж, сур элдэнэ гэдэг мал малладаг хүн бүхний хийж чадах эртнээс уламжилж ирсэн л ажил. Түүхий эд нь байгаа юм чинь хөдөлмөрлөх, хичээх нь хүнээс өөрөөс нь л шалтгаалж байна. Хийе, болгоё гэж хүсвэл амьжиргаагаа сайжруулж, амьдралаа дээшлүүлэх арга олон бий” гэж малчдад захилаа. 


Айлаас эрэхээр авдраа уудал буюу монгол ухаанаа сэргээх нь

Дөрвөлжин сумын малчин И.Мөнхбат

Нэг хэсэг малчид хялбар, хямд төсрийг бодож урд хөршөөс ирсэн ремень, мяндасархуу материалыг гэрийн бүслүүрт төдийгүй малын уяа татлагын оронд ч  хэрэглэж даджээ. Гэвч ганцхан жилийн ая даахгүй элэгдэж муудан байгальд шингэхгүй хог болчихдог тул малчид сүүлийн жилүүдэд гадаадын үйлдвэрийн олс, уяанд дурамжхан хандах болсон гэнэ. 

Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр хэдэн зуун жил хийж, хэрэглэж ирсэн уяа олс нь ямар чухал болохыг малчид ийнхүү ярьж байна.

“Малын арьс, суран эдлэл бол мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин монголчуудын амьжиргаанд яв цав тохирох ганц эдлэл юм” хэмээн Дөрвөлжин сумын малчин И.Мөнхбат ярилаа. Харамсалтай нь жил ирэх тусам сур элдэж, дээс томоод суух хүн ховордсон талаар, түүнийгээ дагаад уламжлалт соёл төдийгүй хэрэглээ нь ч мартагдаж байгааг халаглан өгүүлсэн юм. 

“Түүхий эд нь бидэнд бэлэн байна. Оролдоод, арга эвийг нь олж чадвал юуг хийж ашиглаж болно. Саврынхаа ишийг нь гэхэд хугарсан бургасаар хийчхэж байгаа юм. Ямаа гэхээр ганцхан ноолуурыг нь үнэтэй гэж боддог. 

Зун төхөөрсөн ямааныхаа тарзыг шууд л хог руу чулуудчихдаг. Уг нь хэд хоног дэвтээгээд элдэхэд нэг цаг ч хүрэхгүй ажил шүү дээ. Элдсэн илэг нь уурганы хуйв, ханын үдээр хийгээд зарахад 30-40 мянган төгрөгийн үнэ хүрч байгаа юм. 

Малын арьс, үсээр хийсэн эдлэл бол 10-аад жилийг ажрахгүй л давна даа. Цаашдаа манай нэгдлийнхэн ямааны илгээрээ гутал урлахаар зорин ажиллаж байна” хэмээн сэтгэл хангалуун ярьж байна.

Малчдын амьжиргаанд тохирсон “амьдралтай” төсөл

"Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд амжилттай хэрэгжиж малчдын амьдрал, ахуйд үр дүнгээ гаргасан цөөнгүй хэдэн төсөл бий. Тодруулбал Завхан аймгийн Отгон, Дөрвөлжин, Тэс, Идэр, Их-Уул сумын өрхийн үйлдвэрлэлийн 14 төсөлд санхүүжилт олгожээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь НҮБ-ын  дөрвөн агентлаг анх удаа хамтран хэрэгжүүлснээрээ онцлог. Ингэснээр малчдад тулгамдаж буй асуудлыг олон талаас нь харж, цогц байдлаар шийдвэрлэсэн сайн туршлага болсон хэмээн хэрэгжүүлэгч талууд ярилаа. 

НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлсэн төсөл дууссан ч малчид өөрсдийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой болжээ. 

Иймдээ ч урьд өмнө хэрэгжиж байсан ижил төстэй төслүүдээс илүү бодитой үр дүн үзүүлсэн байна. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд малчид ноос ноолуур, цагаан идээ борлуулахаас өөр аргаар орлогоо бодитоор нэмэгдүүлж, зарим малчид нэмэлт орлогоосоо нийгмийн даатгал төлж эхэлжээ. 

Төслийг эхлүүлэхээс өмнө Завхан аймгийн хэмжээнд татвар төлөгч малчид 16 хувийг эзэлж байсан бол  Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ тал дээр анхаарч ажиллан 21 хувьд хүргэн нэмэгдүүлжээ.  

Ингэснээр нийгмийн даатгалд хамрагдаж байгаа малчид ирээдүйгээ баталгаажуулж, ган зуд, гэнэтийн ослын үед бусдын гар харахгүйгээр бие даан асуудлыг шийвэрлэх боломж нь бүрдэж байна.