Сурагчдын зуны амралт эхэлж, хүүхдүүд өдрийн ихэнх цагаа тоглоомын талбайд өнгөрүүлж байна. Тэгвэл байрны гадаах тоглоомын талбай аюулгүй байж чадаж байна уу?

Бид энэ асуудлыг хөндөж бодит байдал ямархуу байгааг сурвалжлахаар нийслэлийн төвийн дүүргүүдийг зорилоо.

Эхний зорин очсон газар бол Чингэлтэй дүүргийн 2-р хороо буюу олны мэдэхээр "Computer land" төвийн баруун талд байрлах тоглоомын талбай юм. Барилгын ажлын ид өрнөж буй газар учраас дээд талд нь хар хавтангаар хамгаалалтын хаалт хийсэн байв. Тоглох нь битгий хэл, хажуугаар нь явахад энд тэндээс юм унаад ирчих вий гэж өөрийн эрхгүй айдас төрөхөөр орчин биднийг угтлаа.

Фото: Чингэлтэй дүүргийн 2-р хорооны хүүхдийн тоглоомын талбай

     УБ хот. Чингэлтэй дүүрэг 2-р хороо 2022.06.29Хотын A бүсэд буюу бидний сайн мэдэхээр 11-р сургуулийн замын эсрэг талд байх энэ талбайд хүүхдийн цангинасан инээд биш барилгын ажлын "тас няс" хийсэн чимээ ойр ойрхон сонстох бөгөөд хүүхдүүд айдастай харцаа бүлтэгнүүлэн гулсуур дээр тоглож байлаа. Чөлөөт цагаа айдасгүй өнгөрүүлэх ёстой энэ алга дарам газартаа эцэг эхийнхээ "боль, байг, наашаа, аюултай" гэх сөрөг утгатай үг сонсож өнжих аж. 

Хүүхдийн инээд цалгисан дуу барилгын ажлын нүргээнт чимээнээр солигджээ. Савлуур, гулсуур гээд хэдхэн тоглоомтой энэхүү тоглоомын талбай энэ орчмын хүүхдүүдийн зорин очиж, тоглож нааддаг цөөхөн газрын нэг аж.

Биднийг очиход сэрүүхэн өдөр таарсан тул 5-10 насны 4-5 хүүхэд гулсуур дээр ээлжлэн тоглож байлаа. Тоглоомын талбай дээр очоод дээшээ харвал зайтай хадсан хавтангууд эв дүйгүй эрийж харагдана. Хүүхдүүд л хойно тоглохоо бодож, ийшээ байнга гүйлдэцгээх дүр зураг харагдана.

Хоёр хүүхдийн ээж нь тэднийг харахаар гадаа хамт гарч ирсэн байв. Тэрбээр хамт гарч салхилах гэхээсээ илүү дээрээс нь юм уначих вий гэж айсандаа хүүхдээ ганцаараа гаргахаа болиод жилийг үджээ. "Харахад хаалт хадчихсан л байгаа юм. Гэхдээ тоглоомын талбайн чанх дээрх энэ хэдэн хавтан нураад унаад ирэх вий гэж айдаг. Тэгэхгүй юмаа гэхэд хавтангийн завсараар нь барилгын хог хаягдал, жижиг чулуу унаад хүүхэд гэмтээчихвэл яах билээ" хэмээн сэтгэл зовинон ярив.

Биднийг үг солих зуур ар өврөөр гүйлдэх жаалууд ч бас "Тоглоомын талбайд битгий тоглоорой, болгоомжтой, аюултай" гэсэн түгшсэн хэдэн үгсийг өдөр бүр сонсдог тухай шулганан хэлцгээв. 

Хүүхдийнх эрүүл аюулгүй орчинд тоглож наадах эрх хэрхэн зөрчигдөж байгаа тус тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдийн ааваас тодрууллаа.


Хүүхдүүдээ гаргавал гэмтэж бэртчих вий гэж айдаг

/ЧД-ийн 2-р хорооны оршин суугч  Д.Ганзориг/ 

Манай энэ хавьд хүүхдээ тоглуулах орчин нөхцөл бараг байдаггүй. Энэ тоглоомын талбай гэхэд барилгын ажлын яг доор нь байрладаг. Хэдхэн хавтангаар хамгаалсан болсон байгаа биз. Хуучин сувиллын цэцэрлэг байсан юм. Цэцэрлэгийн газрыг нь аваад орон сууцны барилга барьж байгаа нь энэ. Би хүүхдүүдээ гадаа ганцааранг нь гаргаж тоглуулж чаддаггүй. Хааяа ганцааранг нь гаргачихаараа санаа зовоод сэтгэл тогтдоггүй юм. Найзуудаа бараадаад энэ орчимд л тоглодог. Хүүхдээ тоглуулах орчин, нөхцөл алга. Энэ орчмынхон баригдаж байгаа барилгынханд хавтан нурж хүүхэд гэмтвэл яах вэ гэж зөндөө хэлж, сануулж үзсэн. Тэгсэн ч өөрчлөлт  гараагүй л байна. 

Ийнхүү биднийг ярилцах зуур тэрбээр хурдхан шиг барилгын ажил дуусаасай тэгвэл хүүхдээ сэтгэл амар хүүхдээ гаргахсан хэмээн учирласан юм. Авах юм нь харин тоглоом нь шинэвтэр, эвдрэл гэмтэлгүй юм.

Зөвхөн энэ хэсэгт барилгын ажил явагдаж байгаа хугацаанд биш өмнө нь ч энэ төрлийн асуудал зөндөө гарч ирсэн. Зарим нь хүүхдийн амь эрсэдсэн гашуун туршлага ч бий билээ. 

Энэ мэтээр Улаанбаатар хотын хэмжээнд шаардлага хангаагүй тоглоомын талбайнууд олон байна. Бүр тоглоомын талбай ч үгүй олон мянган хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана эцэг эхээ харуулдан суугаа нь бодит билээ. 

Дараагийн зорин очсон газар бол Баянгол дүүргийн 4-р хороо юм.

Бидний нэрлэж заншсанаар Төмөр замын байруудын орчим билээ.  Бараг 20-30 жилийг үдсэн хуучны төмөр тоглоомуудтай тоглоомын талбай биднийг угтлаа. Хуучирч өнгө зүсээ алдсан дээр нь хугарч гэмтсэн, зэвэрсэн тоглоомуудтай зэрэгцэн сүүлийн үеийн хэдэн тоглоом байрлуулсан ч мөн л эвдэрч хэмхэрчээ.

Тухайлбал гулсуурных нь нэг талынх нь гулсуур алга болсон байв.  Гэвч хүүхэд буудаг хэсгийг бөглөөгүй, хамгаалалт хийгээгүй тул зайгаар нь хүүхэд уначихаар харагдана. 

Байрны гадаа ачаа нарлуулж эмээд бид сурвалжлага хийж яваагаа учирлаж энэ орчмын нөхцөл байдлын талаар асуухад "Энэ орчмын тоглоомын талбай хэтэрхий хуучирсан. Хамгийн гол нь хүүхдэд аюултай болчихлоо. Зарим нь биднийг залууд л хүүхдээ тоглуулдаг байсан тоглоом юм шүү дээ. Яг хэвээрээ. Хүүхэд хөгшчүүдээ бодоод сольж шинэчлэх талаар ажил хийх цаг нь болсон" гэж толгой сэгсрэн хэлсэн юм.

Мөн тоглоомын талбайд дүүгээ тоглуулж байсан иргэнээс энэ талаар тодрууллаа.

Хүүхдүүд гар хөлөө хугалчихмаар тоглоомууд ихтэй

/Баянгол дүүргийн 1-р хорооны оршин суугч М.Баттөр/

"Уг нь энэ орчимд хүүхдийн тоглоомын талбай сайтай л даа. Гэхдээ тоглоом гээд байх зүйл байдаггүй.Эвдэрхий хэдэн тоглоомтой бас орчин нөхцөл нь мөн бохир заваан. Манай байр нохойтой айлууд олонтой учраас нохойгоо тоглоомын талбайд бие засуулчихдаг. Нохойны өтгөн шингэн дээр нь бага насны хүүхдүүд очоод тоглочихдог. Үүгээр нь олон төрлийн өвчин тархаж байгаа шүү дээ. Миний хувьд энэ асуудал дээр их эмзэглэдэг. Тохижуулаад хүүхдэд ээлтэй байдлаар шийдэж өгвөл ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Дүүгээ гадаа тоглохыг харахад сэтгэл гонсоймоор. Хүүхдүүд тоглож наадаж баярлах байтугай гар хөлийг урах, тэр ч байтугай хугалж ч мэдэх дээр үеийн эвдэрхий, хурц ирмэг бүхий төмөр тоглоомууд ихтэй."


Баянгол дүүргийн 4-р хороо. Цөөн хэдэн тоглоомтой ч тал нь эвдэрч, хүүхэд тоглох боломжгүй болжээ.

Машины зогсоолоор хүрээлүүлсэн тоглоомын талбай. Хэдхэн алхам энэ талбайдаа хүүхдүүд багтаж ядан тоглох гэж ээлжээ хүлээнэ...

Бүх тоглоом нь хуучирч эвдэрсэн энэ газарт засвар үйлчилгээ хийгдээгүй олон жил болжээ...
Гулсуур нь салж, савлуур нь эвдэрсэн энэ тоглоомноос хэзээ ч хэн нэгэн хүүхэд унаж бэртэхэд бэлэн байна...
Шавар гулсуур: Бараг 50-60 жилийн өмнө хийгдэж байжээ.
Бариул нь хугарсан ч засах эзэнгүй...
Хог, хогийн ургамлаар хүрээлүүлсэн тоглоомын талбай..

Хамгийн гол нь буух эзэн буцах хаяггүй байгаагаас үүдэн энэ асуудал шийдэгдэхгүй байх нь элбэг. СӨХ, хороо дүүргийн ажилчид энэ бүхнийг өөрсдөөсөө холдуулах гэсэн хандлага илт ажиглагдаж байлаа. Тодруулга авахаар уулзсан хүмүүсээс харагдах бөгөөд ихэнх нь " Би хариуцахгүй, мэдэхгүй", "Энэ талаар тайлбар өгч чадахгүй" хэмээн цааргалах аж. Хүүхэд хөгшдөө төр, хувь гэлтгүй хөсөр хаячихсан байгаагийн илрэл биз.

Ач охиноо тоглуулахын тулд өөр байрны тоглоомын талбай руу дагуулж явдаг...

Сүхбаатар дүүргийн 2-р хороо буюу Цирк орчмын буюу зүүн талын байрны тоглоомын талбай ч бас хэдийнээ хуучирч хүүхэд тоглохын аргагүй болжээ. Энд хүүхэд тоглох битгий хэл хүүхэд гадаа нарлах ч орчин алга. 

Эвдэрхий саравчинд хэсэг хүмүүс согтууруулах ундаа ууж, хөзөр тоглоцгоож байлаа. Торойж харагдах ганц гулсуурын шатан дээр хоёр согтуу хүн унтаж харагдана. Уг нь энэ орчимд орон сууц олонтой. Гэсэн хэдий ч дээр үеийн ганц модон гулгуур, эвдэрч хуучраад юу нь үл мэдэгдэхээр болсон төмөр турникээс өөр юу ч харагдахгүй. 

Хотын төв хэрнээ хөдөөнөөс ч дор нөхцөлтэй, хаягдсан газар болсон нь эмгэнэлтэй. Энд амьдардаг хүүхдүүд тоглож наадах газаргүй учраас ойролцоох байруудын тоглоомын талбайд очиж тоглодог гэнэ.

/СБД-ийн 2-р хорооны оршин суугч Б.Гантөмөр/

Манай энд тоглоомын талбай гээд байх зүйл байхгүй, Хүүхдүүд тоглох ямар ч боломжгүй, хуучны модон эвдэрхий гулсуураас өөр юу ч үгүй л байна. Ач охиноо тоглуулахын тулд дагуулаад өөр байрны тоглоомын талбай руу дагуулж явдаг. Гэрийнхээ гадаа гаргаж тоглуулчихдаг бол гэж их л боддог юм. Гэхдээ хүүхдээ гадаа тоглуулна гэдэг заавал нэг хүний үүрэгт ажил болчхоод байна. Хариуцаж авсан СӨХ, хороо дүүргээс юм хийгээд өгвөл олон хүүхдийн нар гарна даа." хэмээн хэлж байлаа. 

Ойр орчимд нь үүнээс өөр ямар ч тоглоомгүй...
Эвдэрч хуучирсан энэ тоглоомууд хог хаягдал болжээ.
Шийдгүй, хогонд дарагдсан сагсны талбай...
Шат нь эвдэрч хүүхэд тоглох боломжгүй болсон гулсуур...
Хашаа нь бүхэлдээ эвдэрсний дээр самбар, шийд гээд бүхэлдээ эвдэрч ашиглагдах боломжгүй болсон сагсны талбай
Гэрэл зургийг дарсан: М.Хишигмаа

Хотын төвөөс 1-2 километрийн зайд байрлах тоглоомын талбайнууд яг ийм л дүр зурагтайгаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа бол 5 километр орчмын зайд мөн л ялгаагүй. Хүмүүсийн сайн мэдэхээр "Зүрх" уулын наад хэсэг юм. Ойр хавийн оршин суугчид нь тоглоомын талбайгүй, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр тохижилттой газар байдаггүй талаар ийнхүү ярив. Тоглоомын талбай хотын аль ч дүүрэг, аль ч хороонд адилхан толгой өвтгөсөн асуудал болсон байгаа нь эдгээр иргэдийн ярианаас бэлхнээ харагдана.  

Тоглоомууд нь бүгд салаад уначихсан, бас хамгийн бохир заваан

/Чингэлтэй дүүргийн 17-р хорооны оршин суугч Б.Уянга/

"Хүүхдийн тоглоомын талбай гэх газар байдаггүй. Хүүхдүүд цуглараад тоглодог  газарт нь ганц хоёр тоглоом байрлуулчихсан тэр нь бүгд салаад уначихсан харагддаг. Бохир заваан хүүхэд, хөгшидөө ойртулахын аргагүй газрууд  элбэг. Дүүгээ гадаа тоглуулна гэдэг миний хувьд бүхэлдээ айдас. Архичид нь архины шилээ хагалаад тавьчихсан, хог хаячихсан, байгаа тоглоомууд нь салж уначих гээд гяхарч дугараад байдаг" гэлээ. 

Аудио бичлэгийг үзэх:


Хүүхдүүд ийм л хүнд нөхцөлд тоглож наадаж бас гэмтэж бэртэж байна.

Хүүхдийн баяраар гэхэд  ГССҮТ өдөрт 60-80 хүүхэд хүлээн авч үзлэг хийжээ. Гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх нь савлуураас унасан, эвдэрхий төмөрт нь гар хөлөө гэмтээсэн, хугалсан зарим нь орцноосоо гарч яваад автомашинд дайруулсан байдаг ажээ.

Уг нь стандарт хэмжил зүйн газрын 2019 оны 2-р сарын 28ны өдөр баталсан "Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS 6751 : 2019-ийг баримтлан гадаах тохижилтыг стандартын дагуу хийж гүйцэтгэх ёстой. 

Тус шаардлагад

 "2.1 Энэхүү стандарт нь нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 дугаар сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаарна.

 2.2 Энэхүү стандарт нь ерөнхий боловсролын сургуулийн спортын талбай, өндөр настны чийрэгжүүлэх талбай, хүүхдийн зуслан барилга дотор байрлуулсан тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний цогцолбор барилга доторхи хүүхдийн тоглоомын өрөөнд хамаарахгүй" хэмээн нарийн тусгасан байдаг. 

Энэ мэтээр та бидний эргэн тойронд хүүхдүүд гэмтэж бэртэх аюултай нөхцөл бүрдээд байна.  Нэмж тооцоод байвал дуусахгүй олон гомдол хөврөх биз ээ.

Гарц шийдэл байна уу?

Дүүрэг хороодын анхаарал дутсан энэ мэт ажлуудын хажуугаар иргэд бид өөрсдөө хариуцлагатай, иргэний үүргээ биелүүлж мэдээлдэг байх нь чухал байна. Таны санал гомдолд өөрийн амьдарч буй цаг үе бус, хойчийн ирээдүйд ч хамаатай чухал шийдвэрийг гаргаж буй явдал юм шүү.

Холбогдох утас:

-1111-Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв https://www.11-11.mn/

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төв нь иргэн таны санал, хүсэлтийг утсаар болон цахим хуудас, биечлэн, гар утасны аппликейшн, и-мэйл, дуут шуудан зэрэг шугамаар шуурхай хүлээн авч, асуудал хариуцсан байгууллагаар шийдвэрлүүлэн хариу өгч, төрийн үйлчилгээг хүргэдэг.

  • e-mongolia -https://e-mongolia.mn/home Энэхүү платформыг ашиглан иргэн та амьдарч буй орчныхоо асуудлын талаар санал гомдлоо илгээх боломжтой.
  • Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилдэг.


Бэлтгэсэн: М.Хишигмаа Ж.Уянга