Сургуулийн орчин хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сурч боловсрох орчин эргээд хүүхдийн хувьд аюултай нөхцөл болоод байгааг өмнөх сурвалжлагаараа хүргэж байсан билээ. Энэхүү сурвалжлагаараа ч бас уг асуудлыг хөндөхөөр хотын төвөөс 6-7 км орчмын цаана байрлах Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийг зорьсон юм

Биднийг очиход дуу хөгжим эгшиглэж, дүрэмт хувцастай сурагчид бужигналдаж угтав.  Танхимаар хичээллээгүй жилүүдэд хүүхдүүд нэгнээ санажээ. Уулзаж ярилцан,  цагаахнаар инээлдэн хөхөрөлдөн сургууль руугаа гүйлдэх нь ангиа танхимыг амь оруулах шиг л санагдсан.

 Сургуулийн гадаа өнгө өнгийн цүнх үүрсэн зургаан настнууд, баярлаж догдолсон багш нарын баглаа цэцэг гээд юм бүхэн өнгөлөг.  

Гэвч сургуулийн гадаах орчин нь түгшүүртэй, бүүдгэр зураглалтай. Эвдэрсэн зам харгуй, гэрэлгүй гудамж гээд энд хүүхдэд ээлтэй зүйл бараг үгүй. Хүүхдүүд сургууль руугаа явах зам буюу эргэн тойрон дүрвэгсдийн хуаран шиг сааралтана. Энд явган хүний зам алга, машины зогсоол талбайн талаар бүүр ч ярилтгүй. Энхэл донхол замаар хүүхдүүд дайруулчих шахам алхаж сургууль руугаа орцгоодог.

Дунд ангийн бололтой хүүхдүүд машиныг тоож ч байгаа юм алга. Араас нь машин сигнаалдаж байж сургуулийн хашаа руу нь гялс оруулах жишээний. Багачууд нь нэг гартаа цэцэгтэй, нөгөө гартаа эцэг эхийнхээ гараас тас зуураастай алхана. Гараас алдуурвал амь насаа ч алдахаар аюултай замын хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ.

Бичлэг үзэх:

Хилчний гудамжнаас 92 дугаар сургуулийн хойд талаар Эрдэнэтолгойн 52 дугаар гудамж хүртэлх шороон замын асуудал шийдэгдэлгүй явсаар энэ орчны асуудал даамжирчээ. 

Өнгөрсөн жил энэхүү эвдэрсэн зам дээр хайрга асгаж нүд хуурчээ. 

Гэвч сайтар нягтаршуулаагүй тул машины дугуйны завсарт хавчуулагдсан чулуунд хүүхдүүд оногдсон тохиолдол нэг биш удаа гарсан талаар сурагчид ч тус сургуулийн захирлын Б.Болортуяа хэлсэн юм. Ганцхан км хүрэхгүй буюу ердөө 685 метр энэхүү замын тендэр нь дөрвөн сарын өмнө зарлагдсан ч замын ажил эхлэлгүй хичээлийн шинэ жилтэй золгожээ. Аанай л цагаа тулгадаг нь бидний араншин, нэмээд хүнээ, хүүхдээ гэх сэтгэл аль аль талдаа дутагддагийн бодит жишээ энэ.

Үүнээс гадна сургуулийн хажууханд нь баригдаж барилгын ажлын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн ажил ид үргэлжилж байв. 

Эмнэлгийг энэ онд багтааж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ч ажил нь сунжирсан байдалтай байгаа аж. Энэ барилга ашиглалтад орвол сургуулийн зүүн тийш зам цэгцрэх тул энэ асуудал ч бас тус сургуулийнхны толгойн өвчин болжээ.


Ядаж шороотой ч болтугай тусгайлсан хашлагатай явган хүний замгүй тул хүүхдүүд иргэдийн машинаа эгнүүлсэн тавьсан модон хашааны хажуугаар хувцасаа хүргэчихгүй шиг хичээн алхаж байв. Хажуугаар нь өнгөрөх машинууд тоос татуулах энэхүү эвдэрсэн замаар эцэг эхчүүд хүүхдээ хөтлөх нь хөтөлж, зарим тэвэрч харагдана. Тэдний нэг бол Х.Мөнхболд юм. Тэрбээр таван хүүхэдтэй айлын өрхийн тэргүүн юм. Зургаан настай охиноо тэвэрсэн түүнээс сургуулийн гадаах орчны нөхцлийн талаар асуув. 


Х.Мөнхболд: 9 дүгээр сарын 1-нд муу муухай зүйл ярьмааргүй л байна, гэвч…

/Эцэг эхийн төлөөлөл/

“9 дүгээр сарын 1-нд муу муухай зүйл ярьмааргүй л байна. Гэхдээ л сургуулийн гаднах байдал үнэндээ хэцүүхэн шүү дээ. Хариуцсан БШУЯ үүнийг олж хараад анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. 

Хүүхэд рүүгээ чиглэсэн асуудлыг хичээлийн шинэ жил эхлэхээсээ өмнө анхаарч цэгцэлдэг байгаасай. Манай хүүхэд гэхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Ганцааранг нь алхуулах газар алга, сургуулийн гадаа хажуугаар өнгөрсөн машинууд шүргэчих гээд, зам нь ч нэл эвдрэлтэй. Бид нар хотод амьдарч байгаа, хотын бүсэд байгаа хэрнээ л хүнд хэцүү орчинд амьдарч байна. Гэр хорооллын ойр орчин гэхээрээ ийм байх ёсгүй шүү дээ. Яагаад цэвэр цэмцгэр байж болохгүй гэж” хэмээн хэлсэн юм.

Биднийг ярьж зогсоход хүртэл ард урдаас нь машин тэрэг чихэлдэн орж гарч байв. 92 дугаар сургуулийн голдуу БЗД-ийн 9,27, 8 дугаар хорооны иргэдийн хүүхдүүд суралцдаг аж.  Мөн энэ талаар тус сургуулийн 12А ангийн сурагчдаас тодрууллаа.


Э.Энхболд: Энэ замаар явахдаа жийрхдэг

/92 дугаар ангийн 12А ангийн сурагч/


“Сургууль дотроо бол маш гоё. Сургуулийн зүүн гар талын зам гэрэлтүүлэг байхгүй. Дээрээс нь засмал зам байхгүй. Цаашаа үргэлжлээд машин зам хүртлээ баруун тал руугаа гэр хороолол хүртлээ гэрэлтүүлэг байдаг ч засмал замгүй. Би, дүү нар ер нь энэ замаар явахдаа жийрхдэг. Бид нар энэ сургуулиа ирэх жил төгсөөд явна. Гэхдээ бидний ард үлдэж байгаа дүү нар байгаа шүү дээ. Энэ замыг засвал дүү нарт маань хэрэг. ”


Б.Соёл-Эрдэнэ: Машинд дайрагдах шахам л явдаг..

/92 дугаар ангийн 12А ангийн сурагч/

Манай сургуулийн эргэн тойронд өнгө үзэмж гутаасан балгас нэлээд байдаг. Хэзээ засахыг ч мэдэхгүй. Энэ замаар хичээлдээ явахад машины дугуйнд хавчуулагдсан чулуу нэлээн шидэгдддэг. Замаар явахаар машинд дайрагдах шахаад явдаг. Өвөл бүр хэцүү. Орой эрт харанхуй болдог учраас үдээс хойш хичээл нь ордог хүүхдүүд айж бэмбэгнэж явдаг.”

Биднийг очиход хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцан сургуулийн эргэн тойрны давчуухан зайд машин, хүн зэрэгцэн хөлхөлдөж байв. Хичээлдээ явахдаа хүүхдүүд дэржигнүүр замаас ч доогуур нэмээд тоос тортог нь дэндсэн замаар явдаг аж.  Гэрэлтүүлэггүй нэмээд бороо орсон үед шавар шалбааг нь дийлддэггүй гэнэ. Өвөлдөө халтиргаа гулгаа нэмэгддэг аж.


Сургуулийн төв хаалганы эгц өөдөөс гэхэд л цонх нь хагарсан байшин харагддаг. Сурагчид сүнстэй байшин гэж нэрлэж заншсан уг жижигхэн барилга өмнө нь цагдаагийн хэлтэс байрладаг байсан ч ийнхүү орхигдож, өнгө үзэмж алдаж дүнсийжээ. “Өдөртөө гайгүй ч шөнөдөө бол аймаар” гэж хүүхдүүд хуруугаараа заацгаасан. Баянзүрх дүүргийн хот тохижилт хариуцсан газар нь ч ийм балгасархуу газар байдгийг нураалгүй өдийг хүрсэн бололтой. Ер нь хүүхдүүдийн төлөө юм гээд энэ асуудлыг хар толгойгоороо хариуцаж, ханцуй шамлан шийдчих албан тушаалтан Баянзүрх дүүрэгт байдаггүй л бололтой. Аль эсвэл амь нас эрсдэж нийгмийн сүлжээгээр балбуулж байж шийдэл гаргахыг хүлээж сууна уу.

Салбар хариуцсан сайд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүртэл энэ асуудал дээр нүдэн балай чихэн дүлий суусаар байгаа юм.

Эндэхийн эцэг эхчүүд хүүхдүүд нь аюулгүй замаар гэртээ харьчихдаг орчин нөхцлийг л хүсэж байна. 62 дугаар сургуулийн эргэн тойрны асуудлыг анхаарч өгөөч сайд аа.