Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Голомт банк Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчдад хуримтлалын талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. Сургалтаар хуримтлалын ач тус, хуримтлуулах дадлыг бий болгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө таньж мэдэх зэрэг өргөн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл олгожээ. Мөн сэтгэл судлаачийн зүгээс сэтгэл зүйгээ удирдаж, шийдвэр гаргах тухай илтгэл тавин, чөлөөт ярилцлага өрнүүлснээрээ ач холбогдолтой аж. Арга хэмжээнд дунд болон ахлах ангийн нийт 50 орчим сурагч оролцжээ.  

Тус хороонд энэ оны тавдугаар сард Голомт банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад орсон Монголын анхны Иргэний номын сангаар ойр орчмын дунд болон ахлах ангийн 300 орчим хүүхэд, залуус үйлчлүүлж байна.  

Иргэний номын сан нь олон улсад эрчимтэй хөгжиж буй, хэрэглэгч төвтэй номын сангийн хамгийн сүүлийн үеийн загвар юм. Байршлын хувьд төвлөрлийг сааруулж, хэрэглэгчдэд илүү ойртон, иргэдийн бодит хэрэгцээг нарийн судалж, хэрэглэгчдийн санаачилга оролцоон дээр тулгуурладгаараа уламжлалт номын сангаас онцлогтой. Тус номын сан ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 17, 18-р хорооны 5000 гаруй хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдсэн байна.