Орон сууцанд амьдардаг айл өрхүүд Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ гэдэг газрыг бүгд мэднэ. Харин СӨХ-ийн төлбөр яг хэд орчим байх ёстойг яг юунд зарцуулагддаггийг бид төдийлэн анзаараад байдаггүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гишүүн. Д.Рэнцэнноровоос тодруулахад “СӨХ-нд ямар нэгэн тогтсон ханш байхгүй. Иргэд өөрсдөө хуралдаж байж л үнээ тогтоодог. Жишээ нь тухайн орон сууцны дээвэрт засвар хийхээр төлөвлөсөн бол хуралдаад иргэдээс ахиу мөнгө авч болно. Хэрэв засвар үйлчилгээ шаардлагагүй бол СӨХ нь бага хэмжээний төлбөр авах ёстой. Одоогоор айл өрхүүд СӨХ-нд хамгийн багадаа 10 мянган төгрөг, дээд тал нь 200 мянган төгрөг төлж байна” гэсэн юм. Ингээд СӨХ тойрсон сэдвийг хөндөж байна.


БАРИЛГЫН КОМПАНИУД СӨХ БАЙГУУЛАХ НЭРЭЭР ИРГЭДИЙГ ХОХИРООДОГ

Сүүлийн үед шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг барьсан барилгын компани нь өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулж, төлбөр нэхдэг явдал газар авсаар байна. Иргэдийн хувьд ч СӨХ шинээр байгуулна гэхээсээ илүү тухайн барилгыг барьсан компанидаа даатгачихвал илүү найдвартай гэж эндүүрдэг. Харин тэд ихэвчлэн эхний 3 жил л ажиллуулчихаад бид алдагдалтай ажиллаж байна гээд буцаагаад өгчихдөг талтай. Бүр өмнөх 3 жилийн хугацаанд иргэдээс хуримтлуулсан мөнгийг нь хүртэл шамшигдуулчихсан улаан данстайгаар хүлээлгэж өгсөн гомдол тасардаггүй гэж Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн хэлсэн юм. Тэд ихэвчлэн барилгын засвар үйлчилгээ дөнгөж шаардлагатай болж, санхүү шаардагдаж эхлэх үед нь хаяад явчихдаг гэнэ. Энэ нь ч  бас учиртай.

Хэрэв иргэд өөрсдөө нэгдээд СӨХ байгуулчихвал оршин суугчдаас захиалга авахдаа анх харуулж байсан зураг шигээ хүүхдийн талбай, машины зогсоол, гаднах тохижилт гээд барилгын компанийн дутуу үлдээсэн ажлыг шахаж шаардаж бүрэн гүйцэд хийлгүүлэх эрхтэй. 

Хэрэв анх рекламдаж байсан шигээ орчинг бүрдүүлж өгөхгүй бол иргэд Улсын мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээчихдэг. Хэрэв энэ бичиг удаа дараа ирвэл тухайн барилгын компанийн барилга барих эрхийг нь хүртэл түдгэлзүүлж орхидог журамтай. Тиймээс барилгын компаниуд өөрсдийн “но”-гоо илчлэхгүйн тулд ийнхүү  СӨХ байгуулах нэрийдлээр жил хожиж аргацаадаг хэрэг. 

Хэдэн жилийн өмнө ашиглалтад ороод удаагүй байрны дулааны насос шатсан хэрэг гарсан. Гэвч тухайн барилгын компани СӨХ-г нь ажиллуулж байхдаа Нийслэлийн өмчид бүртгүүлээгүйгээс болж өөрсдөө их хэмжээний мөнгийг халааснаас гаргаж байсан удаатай билээ. Хэрэв тухай үед иргэд нэгдээд СӨХ-өө байгуулчихсан бол бичиг баримт бүрдүүлэхдээ л Нийслэлийн өмчид бүртгүүлчих байж. Барилгын компанийн хувьд хоноцын сэтгэлгээгээр хандаад л өнгөрч байгаа хэрэг.

Харамсалтай нь энэ талаар мэдлэг мэдээлэлтэй иргэн тун цөөн, тиймээс 3 жилийн дараа “хэргийн эзэд” явсны дараа ч хаана хандахаа мэдэхгүй хохирсоор хоцордог иргэд цөөнгүй гэнэ. Тиймээс шинээр баригдаж байгаа орон сууцны оршин суугчдад анхнаасаа нэгдэж хамтарч СӨХ-гоо байгуулж эзний сэтгэлээр хандах нь өөрсдөд нь тав тухтай орчин бүрдүүлээд зогсохгүй, үл хөдлөх хөрөнгө зах зээлд үнэ нь ямар байхыг тогтоодог гэж UA properties компанийн захирал А.Урангоо онцолсон юм.  



СӨХ-НД ӨРИЙН ХУРИМТЛАЛТАЙ ИРГЭД ШҮҮХДЭЭД ЯЛАГДДАГ

Ороход орц нь ууттай, үнэртэй хог дүүрэн угтдаг, энд тэнд ёлтойсон хэдхэн гэрэлтэй, цэвэрлэгээ үйлчилгээ тааруухан СӨХ-той иргэд л мөнгөө төлөхдөө гар татаж эхэлдэг. Ингээд л бага багаар баахан өрийн хуримтлал үүсдэг байна. Үүнээс болж хэдэн жил дамнасан 100 хүртэлх сая төгрөгийн авлагатай СӨХ ч цөөнгүй бүртгэлтэй байгаа ажээ. Арга барахдаа СӨХ иргэдээ шүүхэд өгдөг, иргэд ч цэвэрлэгээ үйлчилгээгээ аваагүйнхээ төлөө төлбөр төллөө гэж хоёр талаасаа ундууцан хуулийн байгууллагад ханддаг байна. Гэвч ялагч нь СӨХ.  

Учир нь тухайн орон сууцанд оршин сууж л байгаа бол та СӨХ-ны гишүүн болдог. Тиймээс СӨХ-ны гишүүний хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг заавал төлөх ёстой. Өөрөөр хэлбэл СӨХ нь ажлаа хийхгүй байна гэдэг үндэслэлээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс татгалзах боломжгүй ажээ. 

Харин СӨХ нь ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй байгаа бол гүйцэтгэх захирлыг нь солих эрх нийт сууц өмчлөгчдөд бий. Энэ талаар Иргэний хуульд мөн өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг.


СӨХ-ИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРАГСАД


Монгол Улсад 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-д тухайн сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлдөг. Гэтэл СӨХ-ны дарга нар нь байрны хонгилын давхарыг үйлдвэрлэл, үйлчилгээ, баар, цэнгээний газар, биллъярд, саун эрхэлдэг хүмүүст түрээслэж, төлбөрийг нь халаасалдаг болсоор удаж буй. Ялангуяа хуучин угсармал байруудад энэ бүр ч хамаатай асуудал юм. Уг нь мөнгө олж байгаа бол СӨХ иргэдийнхээ ачааг багасгах ёстой байтал бүр ч нэмдэг гажиг тогтолцоо тэрүүхэндээ тогтоод хэдийнэ бичигдээгүй хууль болжээ. Орон сууцны орчмын тоглоомын газар, жижиг ТҮЦ, үйлчилгээний газар, гарааш, машины зогсоол барих зөвшөөрөл өгсөн СӨХ-ийн дарга нар цөөнгүй гарч хууль хяналтын байгууллагаар явж байсан билээ. 

СӨХ-д төлөх ёстой төлбөр:

СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №6 тоот тогтоолын хавсралт 01-д бичсэнээр, СӨХ нь:  

-Айл өрхийн 1м2-аас авах ЗҮХуримтлалын төлбөр 200-300 төгрөг

-Цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1500-10000 төгөг,

-Жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5000-100000 төгрөг

-Лифтний төлбөр нэг өрхөөс 8000-10000 төгрөг

-СӨХ-ны дэвсгэр нутгийн эзэмшлийн газар баригдсан ТҮЦ болон бусад объектоос 1м2-аас 3000-8000 төгрөг авах ёстой юм байна.

Хэрэв сууц өмчлөгчид хуулийн хүрээнд засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй ажээ.