Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ “Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааг салбар бүрийн төлөөлөл нийт 16 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр  өнгөрсөн оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 12-р сарын 21-г хүртэл нийт 4 сарын хугацаанд “Сократус Стартап Студио”-ийн санаачлагаар нийгмийн нэгж системийн инженерчлэлийн судалгааны аргачлалыг ашиглан гүйцэтгээд байна. 

Тус судалгаанд “ТУС Солюшн” ХХК арга зүйн зөвлөхөөр, “Маххони Лиотта” ХХК хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан байна. 

Энэ удаа Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газарт Бизнесийн орчин, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, “Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь”  судалгааны ажлын судлаач Б.Удвал судалгааны ажлынхаа талаар ярилцлага өгснийг хүлээн авна уу

-Юуны өмнө судалгааны ажлынхаа эхний үе шатыг амжилттай гүйцэтгэж дууссанд танай судалгааны багт баяр хүргэе. Судалгаанд оролцох болсон шалтгаанаа дурдахгүй юу? 

-Судалгаанд оролцох болсон зорилго бол гарааны бизнесийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмждэг экосистемийн жишиг загварыг боловсруулах ажилд өөрийн хувь нэмрийг оруулж, инноваци болон гарааны бизнесийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэх, гарааны бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудын шийдлийг боловсруулах, өөрийн ажилдаа энэхүү судалгааны үр дүнд олж авсан мэдлэг, чадварыг ашиглаж, цаашлаад салбарын бодлого боловсруулах түвшинд ямар ажлуудыг хийх боломжтой талаар судалж мэдэх зорилготойгоор энэхүү судалгааны багт орж ажилласан. 


-Судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай вэ?

-Энэхүү судалгааны ажлыг багаараа хийж гүйцэтгэх явцад бид сэтгэлгээний уламжлалт хэв маягаа өөрчилж, судалгааны нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд системтэйгээр сэтгэх арга барилд суралцлаа. Бас системтэй, үе шаттайгаар суурь ойлголтуудаасаа эхлээд судалж, инновацийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд системийн шинжилгээ хийж, гарааны бизнесийг дэмждэг экосистемийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж,  системийн загвараар дүрсэлснээрээ бусад судалгааны ажлуудын арга аргачлалаас онцлог ялгаатай байсан. 


-“Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгаанд 4 сарын хугацаанд ажиллах явцдаа сурсан зүйлсээ хуваалцаач 

-Залуу судлаачдыг дэмжих сангаас судлаачдадаа энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэх явцад бүх талаар нь дэмжлэг үзүүлж, судалгааны арга аргачлал, логик сэтгэлгээ, системийн инженерчлэлийн арга барилыг эзэмшүүлэх олон сургалтуудад хамруулж, судалгааны явцад олон талын зөвлөгөөг өгч, судалж буй салбараа улам гүнзгийрүүлэн судалж, ойлголтоо нэгтгэсэн шийдэлд хүрэхэд чиглүүлж өгдөг байсан. 

Би багаар үр дүнтэй ажиллах, цагийг бүтээлчээр ашиглах, судалгааны ажлыг системтэйгээр хийж гүйцэтгэх, цэгцтэй системтэйгээр сэтгэснээр хэрхэн зорилгоо хэрэгжүүлэх нэгдмэл уялдаатай шийдлийн оюуны загварыг боловсруулах боломжтойг энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэх явцад суралцсан гэж дүгнэж байна. 

Энэхүү судалгааны багт орж ажилласан туршлага маань надад олон талын чадварыг эзэмшүүлж, өөрийн давуу болон сул талаа олж илрүүлэн өөртөө дүгнэлт хийж, цаашдаа олон талын судалгааны ажлыг хийж гүйцэтгэх суралцах явцад маань ихээхэн хөшүүрэг болж, хэтийн зорилгоо улам тодорхой төлөвлөхөд дэмжлэг болсон.

-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан уу?

-Судалгааг хийж гүйцэтгэх явцад миний хувьд ажлынхаа хажуугаар судалгааны ажилдаа зарцуулах цагаа зөв хуваарилах тал дээр эхэн үед багахан бэрхшээл тулгарч байсан. Цагийн нөөцөө зөв хуваарилахад судалгааны багийн гишүүдээсээ зөвлөгөө авч, цагийн зөв менежмент хийснээр энэхүү бэрхшээлийг даван туулсан.  


-Судалгааны үр дүн нийгэмд ямар үнэ цэн бүтээнэ гэж бодож байна вэ?

-Гарааны компаниудад тулгамдаж буй асуудлуудал бүтэлгүйтлийн суурь шалтгаануудыг илрүүлж, гарааны бизнесийг амжилттай явуулахад шаардлагатай бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн экосистемийн жишиг загварыг боловсруулж өгсөнөөр гарааны бизнес эрхлэхээр төлөвлөж буй хүмүүс, гарааны компаниуд, энэ салбарыг сонирхон судалдаг судлаачид, шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд ихээхэн үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.


Цаг заваа гарган судалгааны ажлынхаа талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа, цаашдын ажил, амьдралд тань амжилт хүсье.