Монгол Улсын залуу иргэн таны амьдардаг Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр тусгагдсан үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

Танай дүүрэгт Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучууд хөгжлийн төв зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Та энэ талаар мэддэг үү?

Залуучуудад зориулсан төсөл хөтөлбөр хангалтгүй гэж 65.5% нь, 

Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт залуусыг дэмжих чиглэлээр тусгасан үйл ажиллагааг мэдэхгүй гэж 95.1% нь, 

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучууд хөгжлийн төв зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг талаар 83.8% нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Судалгааны голлох үр дүнг хураангуйлбал;

- Чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд нь өөрсдийн хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд түгээж, таниулж чаддаггүй улмаар залуусын оролцоог нь хангаж чадахгүй байна.

-  Залуучууд 62.9% нь боловсрол, 48.5% нь эрүүл мэнд, 47.7% нь бизнес, эдийн засаг, 38% нь хууль эрх зүйн чиглэлээрх хөгжлийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байдаг.

-  Залуус нийгмийн тэр дундаа дүүргийн бүтэц зохион байгуулалтын талаар мэдлэг, мэдээлэл маш дутмаг, дүүргийн хэмжээний үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй, ер нь энэ талаар сонирхдоггүй байна.

-  Төрөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, үйлчилгээг авах үед мэдээллийн зөрүү үүсэх, төрийн албан хаагчид хайхрамжгүй зан харилцаа үзүүлэх гэх мэт хүндрэл бэрхшээл үүсдэг гэсэн үр дүн гарчээ.

Мөн улс, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ нь жендэр, хүний эрхийн мэдрэмжгүй байдагт гайхдаг гэдгээ судалгаанд оролцсон зарим залуус илэрхийлсэн байна. 

Тэд мэдээллийн хүртээмжтэй, ил тод байдлыг төр засгаас хүсэж байгаагаас гадна тэдний хүсэлтийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэх зэргээр эгэх холбоотой байхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Нөгөө талаас төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд нь залуучуудад чиглэсэн ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг зорьдог ч нийт залуучуудыг хэрхэн, яаж, ажил арга хэмжээндээ татан оролцуулах арга барилыг бүрэн эзэмшээгүй байдаг бөгөөд эдгээр нь төсөв, хүний нөөцийн хомсдолтой байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг гэдгийг онцолж байв.

Судалгаанаас гарсан ЗӨВЛӨМЖ:

-  Мэдээ, мэдээллээ албан ёсны цахим сайт, залуучууд хамгийн их хэрэглэдэг мэдээллийн арга хэрэгслээр дамжуулан тогтмол хүргэж байх,

-  Хуулийн дагуу мэдээллээ ил тод байршуулах, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах,

-  Хөтөлбөр үйл ажиллагааг батлан хэрэгжүүлэхдээ цаг үе, хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар судалгаанд үндэслэн төлөвлөх, залуучуудын олон талт төлөөллүүдийг оролцуулах, тэдний санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр анхаарах.

-  Залуучуудын бүх талын оролцоог хангах уламжлалт аргыг халж шинэлэг, асуудлыг шийдвэрлэхүйц чөлөөт, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах,

-  Дүүргийн хэмжээнд явуулж байгаа үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг шинэ төрлийн арга хэрэгсэл ашиглан зорилтот бүлэгтээ хүргэх шаардлагатайг зөвлөж байна.

Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нараас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой заалтуудыг тусгасан байдал, түүний хэрэгжилт, үр дүн, үйл ажиллагааны талаарх залуучуудын байр суурь, үзэл хандлагыг тодорхойлох зорилгоор Конрад-Аденауэр-Сангийн “Улс төрийн залуу манлайлагчид” хөтөлбөрийн 2022 оны төгсөгчид Иргэний Боловсролын Төвөөс зарласан “Бүгд ЗАЛУУСЫН төлөө ЗАЛУУС Бүгдийн төлөө” төслийн хүрээнд дээрх мониторингийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзэх: