Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 15.961.000 хүн өвчилж, 645.000 хүн эндэж, 9.866.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 284.000 хүн коронавирусээр өвчилж, 6.000 гаруй хүн нас баржээ. Энэ нь сүүлийн хоёр өдөр дараалан 284.000 гаруй хүн шинээр халдвар авсан тохиолдол болж байна.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвартай холбоотойгоор дэлхий дахинд эмнэлзүй, тархвар зүйн олон шинэ судалгаа хийгдэж, олон зүйл өөрчлөгдөж байна.

Тухайлбал, Германы нэгэн мах боловсруулах үйлдвэрт гарсан коронавируст халдварыг судалсан судалгаагаар шинэ коронавирус нь хүйтэн, сэрүүн агаартай орчин 8 метр хүртэлх зайд халдвар тараана гэж дүгнэсэн байна. Бид коронавирусийг 2 метр хүртэлх зайд халдвар тараана гэж үзэж байсан бол одоо хүйтэн сэрүүн, агаар муутай битүү орчинд 8 метр зайд халдварлах чадвартайг баталсан.

Мөн Нидерландын эрдэмтэн, судлаачид коронавирусийн эсрэг вакцин гараагүй энэ үед хүн хоорондын зай барих, тогтмол гараа савандаж угаах, амны хаалт зүүх нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг шинэ судалгаагаар дахин нотолсон байна. Мөн үүний хэрэгжилт хүн амын дунд 50 хувиас дээш байвал халдварыг зогсоох боломжтой гэж үзжээ.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 210 хүн хүн орж, 218 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2566 хүн ажиглалтад байна. Тэдэнд 182 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.


Дэлхийн эрдэмтэн, судлаачид өвчлөл буурахгүй нэмэгдэж буйн шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ. 

Нэгдүгээрт, өвчлөл өндөртэй зарим орон хөл хорионы дэглэмээ үе шаттай сулруулахгүй гэнэт сулруулснаас, 

Хоёрдугаарт, хүмүүс буруу ташаа мэдээлэлд хэт автаж, анхаарлаа сулруулснаас,

Гуравдугаарт, Хүмүүс нэг газар олноор цугларснаас болж байна. Үүнд, баар зэрэг цэнгээний газрууд орж байна.

Дөрөвдүгээрт, "Би залуу учир өвдөхгүй, надад хамаагүй" гэсэн залуучуудын хайхрамжгүй байдлаас өвчлөл нэмэгдэж байна. Мөн залуучууд амны хаалт зүүх нь бага байгаагаас коронавирусийн өвчлөл, нас баралт дэлхийн хэмжээнд өндөр байх, цаашдаа нэмэгдэх шалтгаануудын нэг болж байна гэж судлаачид дүгнэсэн байна.