СТАТИСТИК: Экспорт, импорт өсч, гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбумын ашигтай гарав

Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 19, 2023

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 11.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 27.9 хувиар өссөн байна. Тодруулбал, экспорт 7.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар, импорт 4.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар тус тус өсчээ.

Монгол Улс энэ оны эхний хагас жилд нийт 143 улстай худалдаа хийсэн байна. Үүнээс БНХАУ-тай 2023 оны эхний хагас жилд 8.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.0 хувийг эзэлжээ.

Харин 2023 оны 6 дугаар сард экспорт өмнөх сараас 88.4 (7.4хувь) сая ам.доллароор, импорт 8.6 (1.1хувь) сая ам.доллароор өссөн байна.

2023 оны эхний хагас жилд экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • нүүрс 2.1 тэрбум ам.доллароор,
  • газрын тос 162.9 сая ам.доллароор, 
  • лаазалсан махан бүтээгдэхүүн 82.1 сая ам.доллароор,
  • жоншны хүдэр ба баяжмал 70.8 сая америк доллароор, төмрийн хүдэр, баяжмал 55.3 сая ам.доллароор,
  • адууны мах 52.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

"ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРЧ БАЙНА"

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ сар бүр өсөж буй. Гэвч Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулахдаа үнийн өсөлтийн хурдац тодорхой хэмжээгээр буурч байгаа талаар мэдээлэв. Тухайлбал, энэ оны зургадугаар сард инфляц 10.6 хувийн өсөлттэй гарсныг өмнөх жилийнхтэй харьцуулахад, 16.9 хувийн өнгөрсөн оны өсөлтөөс 6.3 нэгж хувиар буурчээ.

ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил "Үүнийг иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөхөөр буурчээ хэмээн үзэх нь өрөөсгөл юм. Өмнөх жилүүдэд ковидтой холбоотойгоор үнэ ханш хэт өсөж байсан. Энгийнээр ойлгомжтой байдлаар талбайрлахад, тэр үед 5000 төгрөгийн бараа 7-8 мянган төгрөг болж өсөж байсан бол одоо 200-300 төгрөгөөр л буурч байна гэсэн үг. Нэг ёсондоо тогтвортой явагдаж байсан үнийн өсөлт зогсож, бага зэргийн бууралт ажиглагдаад эхэлсэн гэсэн үг" гэж  хэлэв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.0 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ ӨСЧЭЭ

Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны зургадугаар сард 31.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 (13.8%) их наяд төгрөгөөр нэмэгджээ. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, 20.0 хувиар, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 5.3 хувиар тус тус өссөн байна.

  • Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3438.26 төгрөг,
  • Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш - 3727.66 төгрөг,
  • Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 479.83 төгрөг,
  • Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 41.07 төгрөг байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.