Сумын шийдвэр гаргах түвшний хамгийн гол албан тушаалтан эрх мэдлээ ашиглан, зөвхөн намын гишүүддээ илүү боломж олгосноор бусад сонгогч, иргэдийн тэгш оролцооны эрхийг хязгаарлажээ. Учир нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гэж зорьж буй иргэн бүрт нээлттэй байх журамтай. Гэтэл бусад сонгогчдын боломжийг хязгаарласан түүх ингэж эхэлжээ.

Иргэн Э сумандаа зөөлөн оёдлын үйлдвэрлэл эрхлэдэг. Тэрээр загвар зохион бүтээгч, дизайн технологийн багш мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд, сумандаа мэргэжлээрээ ажиллах зорилго өвөртлөн ирсэн боловч түүний мэргэжлийн ажил олдсонгүй. Ингээд хувиараа хөдөлмөр эрх­лэх сонголт дээр буусан аж. 

2015 оноос эхэлж гэрээрээ хүүхдийн баривч, монгол дээл гээд ойр зуурын юм оёж эхэлжээ. Хоёроос гурван жилийн турш гэртээ бага сага хувцас оёж суусан түүнд нэг том боломж гарч ирсэн нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл юм.

Засгийн газрын 2016 оны 153-р тогтоолд, "Сум хөгжүүлэх сан нь аж ахуй нэгж, хувь хүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог сан юм. Энэ сан нь сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилготой. Сангийн хөрөнгө нь суманд жижиг дунд үйлдвэрлэл шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” хэмээн тусгажээ.   

Ингээд Э сумын ЗДТГ-ынхаа хөдөл­мөрийн хэлтсийн мэргэжилтэнд бүртгүүлж, сургалтад сууж, төсөл бичих анхны аргачлалыг сурч, чадамжийн гэрчилгээ ч авсан. 2020 онд сум хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт, төслөө хүргүүлж, сонгон шалгаруулалтад ороод тэнцэж мөнгөн дүн нь цохогдсон ч сумын Засаг дарга төслийн хүссэн мөнгөн дүнг бууруулж хассан төдийгүй зөвшөөрөл олгоогүй байна. 

Э сумынхаа Засаг даргатай энэ шийдвэрийнх нь талаар ярилцах, тайлбар сонсохоор уулзсан боловч, чамд тайлбарлах шаардлага байхгүй, чамд зээл өгөхгүй гэж өрөөнөөсөө хөөж гаргасан аж. 

МУЗГ-ын 2016 оны 153 тоот тогтоолд, сумын зээл олгох зөвлөл нь иргэн аж ахуй нэгжийн ирүүлсэн төслийг сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, хяналт тавих журмын шалгуур шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор сумын Засаг дарга зээл олгох захирамжийг гаргана” гэж заажээ. 

Гэтэл Э-ийн Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу 2020 онд 10 сая төгрөгийн зээл хүссэн төсөл нь 3 сая төгрөг хүрч мөнгөн дүн нь буурсан төдийгүй, огт олгогдоогүй байна.  

Сумын Засаг дарга чухам юуны учир Э-д зээл олгохоос татгалзсан тухайгаа, “Түүнд дахин зээл олгохгүй шийдвэр гаргасан нь тухайн иргэний зээл хүссэн сум хөгжүүлэх сан нь хоршоо дэмжих сангийн зээл болж журамд өөрчлөлт орсонтой холбоотой” гэв. 

Монгол Улсын Их хурлын 2021 оны 40 дүгээр тогтоолоор, Сум хөгжүүлэх санг, хоршоог дэмжих чиглэлээр Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчилж, холбогдох журмыг баталж 2022 оноос эхлэн мөрдөж байна. Энэ журамд, тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй иргэн, аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлд хамруулахыг заасан байна. 

Засаг дарга цааш хэлэхдээ, “ Э нь сум хөгжүүлэх сангаас хоёр удаа зээл авсан ч 2017, 2019 онуудад сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлөөгүй учраас бид зээл олгоогүй. Иргэн Э 2022, 2023 онуудад мөн зээл хүссэн өргөдөл дахин ирүүлсэн. Бид татгалзсан” гэв.  

Гэтэл Э-ийн хэлснээр, өмнө нь эрх баригч МАН, АН-ын Засаг дарга удирдлагатай байх үед буюу 2017, 2019 онуудад сангийн журмын дагуу хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үйлдвэрлэлээ өргөтгөж, зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж, сум хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлсэн банкны баримт нь байх аж.

Э шантарсангүй, гэрээрээ болон, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн захиалагч, хэрэглэгчтэй болсон төдийгүй татвар төлөгч аж ахуйн нэгжийг байгуулжээ. 

Ингээд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесээ өргөтгөхөөр дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт, бизнес төслөө бичиж 2022 оны 9-р сар, 2023 оны тавдугаар сард сумын ЗДТГ-таа хүргүүлсэн байна. Тэр сумын удирдлагуудаасаа ямар нэгэн шалтгаан тайлбаргүйгээр чамд зээл өгөхгүй гэсэн хариу авчээ. Э бас л шантарсангүй. 

Сум хөгжүүлэх сан, хоршоо хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл хүссэн ч олгогдохгүй байгаа учраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар мөн л төсөл бичжээ. Тэр төслөө бариад сумынхаа ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт халамжийн мэргэжилтэнд өгөхөөр орсон байна. 

Хариу нь чамд тохирсон хөнгөлөлттэй зээл байхгүй ээ. Тэгээд ч төсөл зарлагдаагүй гэж удаа дараа буцаажээ. Аймгийн Хөдөлмөр Халамжийн газарт хүргүүлэх гэж буй төслийг нь хүлээн авахаас шууд л татгалзаж, мэдээлэл өгөөгүй байна. 

Гэтэл дээрх сангаас тухайн мэргэжилтний хамаарал бүхий ах дүү, найз нөхөд, намын журмын нөхөд нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байсныг Э олж мэджээ. 

Хөдөөгийн сум цөөн хүн амтай төдийгүй, хэн хаана юу хийж, ямар санхүүжилтээр ямар үйл ажиллагаа явуулж байгааг бүгд мэддэг шүү дээ гэж Э халаглах.

Сумын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа, эрх баригчдынхаа дургүйг хүргэсэн энэ эмэгтэй хэн бэ?

Тэр бол тухайн эрх баригч намын гишүүн биш байгаадаа л учир бий. Тэр намын гишүүн, дэмжигч биш байсныхаа төлөө боломжоо хязгаарлуулсан нь энэ.

Улс төрийн намчирхал, талцал хэрээс хэтэрч эрх мэдлээ ашиглан зөвхөн өөрийнхөө намын гишүүд, дэмжигчдэд боломж олгож байгаа нэг л жишээ энэ юм. 

Эрх баригчид шийдвэр гаргахдаа яагаад ийм ялгавартай ханддаг юм бол. Яагаад намууд өөрийн гишүүндээ бусдаас давуу эрх олгодог юм бол. Энэ талаар улс төр судлаачаас асууж тодрууллаа.

“ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар намууд гишүүддээ төрийн үйлчилгээг хүргэхдээ ямар нэгэн давуу байдал олгох нь хориотой. 

Өөрөөр хэлбэл намын гишүүн ямар нэгэн хүсэлт гаргасныхаа төлөө бусдаас давуу эрх эдлэхгүй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуультай харшилдсан зүйл. Гэвч амьдрал дээр, ялангуяа орон нутагт намын гишүүнийх нь хувьд давуу байдал олгож байгаа үйл явцыг төрийн албанд байгаа улс төрийн албан хаагчид үзүүлж байгаа юм. 

Энэ нь намдаа ямар ашигтай вэ, гишүүндээ ямар ашигтай вэ гэхээсээ илүү Монгол Улсын хуулийг зөрчиж байна. 

Магадгүй намууд энэ үйлдлээрээ дараагийн сонгуульд манай талын хүн намайг дэмжинэ. Эсвэл манай намыг дэмжигч учраас бид энэ хүнийг дэмжих ёстой гэдэг. Ийм хандлага, үйлдэл манай улсад байна. Өөрөөр хэлбэл ивээлдээ авах, ивээл хүртээх үйл явц ажиглагддаг. Энэ нь улс төрийн намыг клиентелист нам болгож хувиргадаг.

Өөрөөр хэлбэл намууд гишүүддээ ивээл олгодог. Төрийн албаар дамжуулж ашиг хүртээдэг иймэрхүү зан үйл рүү хөтлөх хандлага бий болоод байна. Үүний зорилго нь дараагийн сонгуульд дэмжигчдийн баазаа хадгалж үлдэх л зорилготой” гэж улс төр судлаач хариулт өглөө.  

Харин улс төр судлаач Д.Бадамдашийн “Улс төрийн намын системийн төлөвшил” бүтээлд Монгол дахь улс төрийн намуудын хөгжил, төлөвшил нь клиентелист байдлаар явагддаг хэмээжээ. 

Клиентелизм гэдгииг Чехийн судлаач Михал Клима (2015) «... хоёр болон олон хүнийг хамарсан наиз нөхөд хамаатан садангийн онцгой харилцаа холбоо бөгөөд голдуу тодорхой зорилгод чиглэсэн байх ба нийгэм, эдийн засгийн (эсвэл улс төрийн) хувьд дээгүүр зиндааны нэг этгээд (патрон, ивээн тэтгэгч) нь доогуур зиндааны нөгөөдөө (клиент, дэмжигч) өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж байхад клиент нь мөн хариуд нь ивээн тэтгэгчдээ өөрийн биеэр үйлчлэх зэргээр ерөнхий дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үзэгдэл” гэж тодорхойлжээ.

Бид сонгуулиар саналаа өгөөд сумын иргэдийн төлөөлөгчдөө сонгож байна. Тэднийг төрийн түшээд гэж хардаг. Ер нь засгийн эрх барилцаж байгаа хүмүүс болон төрийн албанд тангараг өргөөд ажиллаж байгаа хүмүүс бол төрийн түшээ шүү дээ. 

Хэн, хаана, ямар ажил гүйцэтгэж байна, тухайн албандаа өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллах нь төрийн түшээ хүнд тавигдах энгийн шалгуур биш юм гэж үү гэх асуулт Э-д байна.  

Энэ давуу эрх авсан хүмүүс сонгуулийн үеэр ямар нөлөөлөлд орох магадлалтай байдаг юм бол. Намын гишүүд сонгуульд намаа ялуулахын тулд ямар ямар ажил хийдэг юм бол гэсэн асуултыг улс төр судлаачаас асууж тодрууллаа. 

“Намын гишүүд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, намынхаа үзэл санаа, сонгуулийн үеэрх мөрийн хөтөлбөрийг нь сурталчлах үүрэг хүлээж болно. Гэтэл практик дээр намын гишүүд ямар үйл ажиллагаа явуулаад байна вэ гэхээр нэгэнт ивээл хүртсэн учраас намаа хамгаалах, намаа хаацайлах, өөрийнхөө намыг бусдад сайнаар харуулж ярих гэхчлэн үйлдлүүдийг үзүүлдэг.  Цаашилбал тухайн ивээл хүртэгчийг улс төрийн намууд гишүүнээр элсүүлдэг сүлжээг орон нутагт бий болгож байна. Энэ үйл явц нь хориотой зүйл биш. Гэхдээ цаад ашиг сонирхол нь өөрийнхөө нам дахь давуу байдлаа хадгалж үлдэх. Олон хүн элсүүлж байгаа мэт харагдах сонирхол л байж магадгүй. Эцсийн зорилго нь дараагийн сонгуульд өөрийнхөө намыг ялуулах.  Ялснаараа үргэлжлүүлээд өөртөө давуу байдал олж авах үйл явцыг харуулаад байгаа нь харамсалтай юм” гэж улс төр судлаач хариулав.   

Иргэд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа нь харамсалтай

Цогц хөгжлийн үндэсний төвөөс “Сонгогчийн зан, төлөвийн судалгаа”-г хийсэн байна. 

“Энэ судалгааг 2020 оны сонгуульд саналаа өгсөн, 18-аас дээш насны нийт 1000 иргэнийг түүвэр байдлаар сонгон анкет асуулгын арга болон фокус бүлгийн ярилцлагын аргаар хийжээ.

Судалгааны голлох дүгнэлтээс харахад “.. судалгаанд оролцогчдын сонгуулийн туршлага харьцангуй өндөр хэдий ч төрийн байгууллагуудын чиг үүрэг, засаглалын институтүүдийн ялгааны талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Үүнээс үзвэл сонгогчид сонгуульд өгч буй саналаараа дамжуулан ямар эрх мэдлийг олгож байгаа талаараа ойлголтгүй байна. 

Мөн иргэд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Энэ нь нэг талаас шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хязгаарлагдмал байгааг мөн иргэдийн төрд итгэх итгэл буурсныг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж www.gogo.mn

Дээрх судалгааг яг л баталсан жишээ хөдөөгийн сум бүрт бий.

Завхан аймгийн Улиастай суманд 1996 оноос 2020 оны хооронд болсон УИХ-ын сонгуулийн үеэр намын ухуулагч, нэр дэвшигчийн менежерээс эхлээд хөндлөнгийн ажиглагч, сонгогч иргэн гээд оролцооны бүхий л түвшинд идэвхтэй оролцож байсан, Нийгмийн ухааны багш дараах дүгнэлтийг хийж байна:

  • Суманд өөрийн намын гишүүн биш л бол төрийн ямар ч үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлдэггүй, үзүүлэхээс аль болох татгалздаг.
  • Улстөржилт хэрээс хэтэрлээ гэж бүгд л мэддэг, мэдэрч байгаа болоод л амтай бүхэн яриад байгаа байх.  Гэхдээ бүгд бие биенээ таньдаг, харилцаа холбоотой болохоор илт шуудхан хэлчихэж чаддаггүй юм. Яах вэ, тэр улс төрчид нь улстөрждөг л юм байгаа биз. Харин төрийн албан хаагчид, сумын дарга нар, иргэдэд энэ улстөржилт ямар хамаа байна вэ. 
  • Төрийн албан хаагч намын харъяаллаас гараад удаж байгаа. Гэтэл өнөөг хүртэл төрийн албан хаагчид намчирхсаар, хуваагдсаар. Нэг нам засгийн эрхэнд гарч ирээд өөрийн багаа бүрдүүлэх нэрээр бүх төрийн албан хаагчдыг хуйгаар нь сольдог. 
  • Эсвэл дараагийн сонгуулийн саналаа бодож намын гишүүддээ, харилцаа хамааралтай хүмүүсдээ эрх мэдлээрээ боломж олгодог асуудал хөдөөгийн суманд байгаа нь харамсалтай.    

Харин намуудын талцал, улс төржилтийн золиос болсон иргэн Э хэлэхдээ,”... Аль нам нь ялах бол, манайх л битгий ялагдаасай, тэгвэл ажилгүй болно, тэгвэл боломжоо алдана гэх айдастай иргэдийг, сонгогчдыг мэдээлэлтэй мэдлэгтэй л болгочих юмсан. Ингэж чадвал төлөөллийн байгууллагаа зөв хүмүүсээр бүрдүүлж чадна шүү дээ. Бид аливаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох, хяналт тавих боломжтой ч болно. Бас иргэдийнхээ боломжийг хязгаарладаггүй шударга тогтолцоог бий болгоно” гэсэн шийдэл дэвшүүлж байна.