Б.Баясгалан
01 сарын 17, 2019
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.
Уг хуулийн төсөл нь хоёр зүйл, хоёр хэсэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөө хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.