Сонгуулийн эргэн тойронд өрнөж буй гэрэл сүүдэртэй үйл явдлууд дотроос барин тавин олоод илрүүлээд, гаргаж ирэхэд төвөгтэй боловч, яг бодитоор байдаг. Гэхдээ нуугдсаар, өрнөсөөр, нотлох баримт олоход маш төвөгтэй зүйлүүд бол сонгогчдын тайзны хөшигний ард болдог “тоглолт” юм.

Энэхүү тоглолтын цаана өнөө цагт сонгууль гэдэг үг сонго дараа нь уйл гэдэгтэй агаар нэг мэт болжээ.

Энэ үгийн учрыг олоход ядах юм алга. Яагаад гэвэл Үндсэн хуулинд заасан сонгох эрхээ хуулийн хүрээнд иргэн бүр үнэнч шударгаар бүрэн эдэлж чадаж байна уу гэдэгт л гол утга нь оршиж байх шиг.

“Хэн нэгний эрх ашгийн төлөө өөрийн сонгох эрхээ эдэлж чадахгүй байх нь эргээд харамсах байдлыг сэтгэлд үлдээдэг л дээ” хэмээн ярих нэгэн залуугийн ярихыг санаандгүй учирлаар сонссон юм. 

-Энэ яриа бол зүгээр нэг энгийн байдлаар болоод өнгөрсөн яриа л даа. 45 настай “А”, эхнэр 3 хүүхэдтэй. Газар тариалангийн гол бүс нутаг болох аймгийн иргэн. Бас нөлөө бүхий олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг компанийн жирийн ажилтан.

Тус компанийн захирал аймгийн ИТХ-д 3 удаа сонгогдсон аймагтаа нөлөөтэй, том бизнесмэн. Захирал залуу болохоор цөөнхийн гишүүн л дээ. Тэрээр сонгуульд ялалт авахын тулд компанийнхаа ажилчид, тэдний гэр бүл, танил тал, найз нөхөд гээд бүгдийг нь хүч түрэн өөрийн талд ажиллуулахыг санаархаж, тэр үйлдлээ ч янз бүрийн дарамт, шахалт, арга мэх хэрэглсээр биелүүлсээр 2016, 2020 оны сонгуулиудад намаасаа цойлон ялалт авсан байдаг. Хэрвээ түүний талд ажиллаагүй л бол тэр хүн ажилгүй, амьдралгүй болох талтай.

Энэ бол компанийн ажилчны жишээ.

-Нөгөөх нэг жишээ нь насаараа зүтгэж яваа, өнөөдөр олонхи болсон намынхаа төлөө хүчин зүтгэж яваа хэсгийн ахлагч буюу намын үүрийн дарга бүсгүй. Тэрээр 70 гарч яваа эмэгтэй, хөдөө суманд амьдардаг.

Насаараа энэ намын төлөө зүтгэж, хоёр идэж хоосон хоноогүй, амьдрал сайхан байна. Үр хүүхдүүд минь бүгд боловсрол эзэмшсэн сайхан амьдарч байгаа болохоор үхтэлээ би энэ намдаа үнэнч зүтгэнэ. 

Иймээс үр хүүхдүүдээ бүгдийг нь намд элсүүлж, намынхаа төлөө зүрх сэтгэлээ зориулан явахыг захиж, хэлдэг. 

Багийнхаа иргэдэд, залуучуудад хүртэл энэ ухуулгаа хийсээр яваа. Энэ ч утгаараа сонгуулийн үеэр улам ч идэвхтэй ажиллаж, олон шинэ залуу гишүүдийг элсүүлэх ажилд хөдөлмөрөө зориулан яваа хэмээн ярьж байна.

-Гуравдахь сонгогч бол ямарч бодож төлөвлөсөн зүйлгүй, харж байгаад оройхон болохоор мөнгө тараагаад ирэхээр нь хэдэн нөхдүүдийг дуудаж авч ирээд мөнгийг нь авчаад орж саналаа өгдөг гэж ярих иргэн “Б”.

Тэрээр аймгийн төвд амьдардаг бөгөөд ажил хийдэггүй, хувиараа мод чулуунд явах, хилээр орж гарч үүргийн худалдаа хийдэг нэгэн. Эхнэр 4 хүүхэдтэй. 50 настай.

2016 оны сонгуульд ч 2020 оны сонгуульд ч тэр. Энэ л аргаа хэрэглэсэн гэх. Тэрээр, Бат өгнө гэж мөнгийг нь авчаад ороод өөрийнхөө сэтгэлд нийцсэн хүнийг зурдаг байна.  

Нэгэнт үнэмшил төрүүлж, хүн олныг цуглуулж ирсэн болохоор бонус шагнал илүү хүртдэг гэж тэрээр ярив.

Яг хэдэн төгрөг яаж авдаг, мөнгө өгч байгааг хэрхэн мэдэж болох вэ гэж асуусан асуултанд тодорхой нотлох зүйл, баримт хэлэхгүй мөртлөө яг мөнгө авдаг, ирц хүрэхгүйд хүрээд ирэхээр ид ажиллагаа эхэлдэг гэдгийг тэрээр нуусангүй.

Энэ 3 жишээний талаар улс төр судлаач, иргэний нийгэм, Үйлдвэрчний эвлэл болоод хуулийн хүмүүстэй уулзаж үүнээс гарах гарц юу байгаа, хэрхэн сонгуулийг үнэн зөв, бодит амьдралд нийцсэн байдлаар явуулахад ямар гарц байгаа байр суурийг сонслоо.

Улс төр судлаач Д.О: 

-Хуулиар ч тэр, сонгууль зохион байгуулах туршлагаар ч тэр, сонгогч хэнд санал өгч буйг, өгснийг мэдэх ямар ч боломжгүй. Мэдээж аль ч тохиолдолд сонгогч хүссэн сонголтоо хийх боломж байгаа. Энэ талаас нь л ойлгуулах нь зөв болов уу.

Эцсийн эцэст дарамтлуулсан ч, шахагдсан ч тэр хүнээ сонгохгүй байх эрхтэй, сонгосон эсэхийг дараа нь нотлох, үгүйсгэх ямар ч боломжгүй. Сонгогч хэнд саналаа өгснийг хэн ч, хэзээ ч мэдэх боломжгүй. 

-Харин бодит эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс гэвэл гадаадад орших иргэд, бүртгэлээс болоод хаярьалал дээрээ амьдарч чаддаггүй гэх мэт иргэдийн сонгох эрх хангагдаагүй байгаа.

Үүнээс гарах гарц юу байна вэ гэвэл энд Сонгогчдын боловсрол хамгийн чухал. Таныг яаж ч дарамталж байсан таны саналын нууцлал найдвартай хангагдана гэж бүх нийтээр мэддэг, ойлгодог болчихвол дарамтлах, худалдаж авах оролдлого дагаад буурна.

-Хуульч, эрх зүйч, олон жил төрийн байгууллагад мэргэжлээрээ удирдах алба хашиж явсан Ч.Д:

-Эдгээр жишээ бол яг л сонгууль тойрсон амьдралын үнэн.   

Миний хувьд хүн  ер нь өөрөө сонгуульд санал өгөх тухайд ч биш  эхээс мэндлэхээс эхлээд л бичигдсэн, бичигдээгүй  хоёр хуулийн үйлчлэлд амьдардаг болов уу. 

Энэ 2 хуулийн бичигдээгүй нь бичигдснээсээ илүү хэрэгжих нь сайн, хазайлт хэлбийлт, хор уршиг багатай санагддаг. 

Энэ бичигдээгүй хууль нь уламжлалт ёс жаяг, амьралын хэв шинж, хүмүүс хоорондын харилцаанаас гол төлөв үүдэлтэйгээс хэрэгжих нь ч сайн, хазайлт, буруу зөрүү, алдаа мадаг гарвал засагдах залруулагдах нь амар хялбар байх. 

Бичигдсэн нь албадлага агуулсан, хэм хэмжээ тогтоосон байдгаараа хэрэгжилтэнд хазайлт буруу зөрүү алдаа магад гарах, түүнийг засах залруулах нь амар биш удаан, шат дамжлага их байдаг санагддаг. Сонгуульд оролцох, санал өгөх эрх зүйн зохицуулалт нь үүнтэй л адил юм  даа. 

Энэ байдлаас гарах гарц бол сонгогчийн тархи оюун ухаанд нь санал өгөхийн цаад ач тус, хор уршгийг ёстой л яс маханд нь шингээх ажиллагаа даа. Ийм ойлгоц муугаас наад зах нь дээрх 3 хан жишээ шиг л элдэв  нөлөөлөлд автсан санал өгөлт болоод байна гэж бодогддог.

-Иргэний нийгмийн байгууллага болон аймгийн ҮЭХ-ны удирдах ажилтан Э.С:

-Ажлын байрны дарамт орон нутагт их байдгийн түгээмэл тохиолддог жишээ нь сонгох эрхэнд халдах явдал юм. Орон нутагт ажлын байр хомс байдгаас болж ажлын байраа хадгалж үлдэхийн тулд дарга, удирдлагын шахалтаар сонгуулийн саналаа өгсөн гэж олон хүн хэлдэг. Сонгуулийн дараа намын харъяаллаар ялгаварлан гадуурхаж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан гэх гомдлууд Үйлдвэрчний эвлэлд олноор ирдэг. 

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн том компаний захирал УИХ-д орон нутгаас нэр дэвшихдээ ажилтнуудаа олноор хаяг шилжүүлэн санал өгүүлэн, бидний хэлдгээр царцааны нүүдэл хийж байсан. 

Энэ бүхэн мэдээж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг зөрчиж байгаа. Үүнийг зогсооход хувь хүн иргэний зориг гаргаж, шүгэл үлээх нь чухал. Хууль бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчийг, иргэдийг хамгаалдаг болвол үр дүн илүү гарах болов уу. 

Мөн иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл хамтран хяналтаа сайн тавьж чадвал, иргэд ухамсартай хариуцлагатай байж чадвал хууль бус үйлдлийг арилгах боломжтой хэмээн харж байна.

Улс төр судлаач, хуульч, иргэний нийгмийн төлөөлөөс сонссон байр суурь, үзэл бодол ийм байна. Эндээс харахад 3 хамгийн чухал гэдэг нь шат шатандаа яригдсаар л.

-Энэ байдлаас гарах гарц бол сонгогчийн тархи оюун ухаанд нь санал өгөхийн цаад ач тус, хор уршгийг ёстой л яс маханд нь шингээх ажиллагаа юм. Мөн иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл хамтран хяналтаа сайн тавьж чадвал, иргэд ухамсартай хариуцлагатай байж чадвал хууль бус үйлдлийг арилгах боломжтой юм.

Иймд эцсийн дүнд үүнээс гарах гарц бол ердөө л сонгогчийн ухамсарт нөлөөлөх. Тэднийг эрүүл сэтгэдэг, оюунлаг болгоход л чиглэх ёстой ажээ.

Тархи ходоодоо удирдах уу, ходоод тархиа удирдах уу?

Ч.Отгонцэцэг