Солонгосчууд холын бодолтой хүмүүс. Өнгөрөгч амралтын өдөр хүүгийн маань найз нэгэн Солонгос хүү шатар тоглох гээд манай гэрт ирэв. Түүнийг ирэх үед би түр эзгүй байгаад гаднаас орж ирж таарсан юм. Гэтэл намайг дөнгөж орж ирмэгц тэрээр ширээний араас яаран босч “Сайн байна уу” гээд 90 градус бөхийн, ихэд хүндэтгэлтэйгээр мэндэллээ.

Түүнийг ажиглахад их хүмүүжилтэй, ёс журамтай, ахмад хүнийг хүндэлж мэддэг, хичээл сурлагадаа ч гарцаагүй сайн хүүхэд болох нь илт байв.Харин хүүгийн маань ярьснаар сургуулийнх нь бүх Солонгос хүүхдүүд багш нартайгаа мөн ахмад хүмүүстэй мэндлэхдээ заавал мэхийж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. 

Түүнчлэн Солонгос хүүхдүүд бүгд англи, солонгос хэлээрээ эн тэнцүүхэн ярьдаг, тэд л хичээлийн үеэр багш нартайгаа огт үг сөрдөггүй гэв. Өнгөрсөн жил Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Паразит киноны найруулагчид орчуулга хийж байсан залуухан Солонгос бүсгүйг хоёр улсынхаа хэлийг төгс эзэмшсэн хэмээн дэлхий даяараа бахдан шуугиж байсан. Гэтэл энэ нь байдаг л зүйл гэдгийг Америкад төрж өссөн олон Солонгосчуудын амьдралаас харж болно.

Цаг хугацааг эргэн харахад Америкад 1900-аад оны үед элсэн чихрийн тариалангийн талбайд ажиллахаар анхны Солонгосчууд хөл тавьж байсан түүхтэй. Тиймээс өнөө цагт гурав магадгүй дөрөв дэх үеийн Солонгосчууд ажиллаж амьдарч байгаа юм. Цаг хугацаа урсан өнгөрсөн хэдий ч тэд хэл, соёлоо огт орхигдуулаагүй байгаа нь гайхамшигтай.

Яг л Еврейчүүд улс улс дамжин хэдэн зуун жил амьдарсан ч хэл, шашин, соёл, уламжлалаа мартаагүйтэй адил. 

Хамгийн бахархалтай нь Солонгос аав, ээжүүд гэртээ зөвхөн эх хэлээрээ ярьдаг. Мөн долоо хоног бүрийн Бямба гарагт Солонгос хэл, соёлын хичээлд хүүхдүүдээ хамруулж, үүрэгт ажил мэт хэвшүүлж сургасан байдаг. 

Хүүгийн маань найз тэрээр амралтынхаа өдрөөр “Солонгосын Соёлын Төв”-д сайн дурын ажил хийж, ахмадуудад тусалдаг бөгөөд “тэрхүү төвийн үйл ажиллагаа нь гадаад дахь Солонгосчуудын эв нэгдэл, хамтын ажиллагаанд маш чухал үүрэгтэй байдаг” хэмээн надад сонирхуулав.

Тиймээс би Солонгос аав ээжүүдээр маш их бахархсан. Тэд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран үр хүүхдүүддээ зөвхөн эх хэл төдийгүй зан заншил, хүмүүжил, соёл уламжлалыг ч бас өвлүүлж чадаж байгаа юм байна гэж бодлоо. Үүний дараахан үдээс хойш дэлгүүрт явж байтал зураг дээрх энэ хүү миний анхаарлыг ихэд татав. Эхэндээ би түүнийг Монгол хүүхэд байна гэж бодсон. Харин дөхөж ирээд хартал 11-12 настай болов уу гэмээр тэр хүү Солонгос хэл дээр уран зохиолын ном уншаад харцаа ч салгаж чадахгүй, тэр чигтээ зогссон байлаа. Бид ч бас үр хүүхдээ яг л ингэж хүмүүжилнэ, эх хэлээ, соёл уламжлалаа үеийн үед авч явах болно.