Ча Жи-Вон нь гоо сайхны будагнуудаа хаяж, үсээ тайрсныг нь харсан ээж нь “би хүүтэй болчихож” хэмээн түүгээр тохуурхжээ. 

Тэр 12 настайгаасаа нүүр будалтыг сонирхож,  ур чадвараа дээшлүүлэхийн тулд YouTube-ийн зааварчилгаануудыг даган, 20 насандаа гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээнд  сард 100,000 вон (70 фунт) зарцуулдаг байсан байна. Өмнөд Солонгост  феминист үзэл дэлгэрэхэд Ча өөрийн нүүрний будаг, шаргал үснээс татгалзах шийдвэр гаргажээ.

"Өдөр бүр хүнд хязгаарлагдмал оюун санааны хүчин чадал байдаг бөгөөд би" хөөрхөн” байх талаар санаа зовон хамаг энергиэ зарцуулдаг байсан. Одоо би ном унших, дасгал сургуулилт хийхэд тэр цагаа ашиглах болсон." 

Ча нь Өмнөд Солонгос дахь өсөн нэмэгдэж буй феминист хөдөлгөөний нэг хэсэг болох амьдралд нийцээгүй гоо сайхны стандартыг эсэргүүцэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Солонгос эмэгтэйчүүд өдөрт нүүрээ будахаас аваад өдрийн төгсгөлд арьс арчилгааны 10 алхамыг дагаж мөрдөхөд ихээхэн цагаа зарцуулдаг. Мөн Солонгос эмэгтэйчүүдийн гуравны нэг нь гоо сайхны мэс засал хийлгэдэг гэсэн судалгаа байдаг. Евромониторын мэдээлсэнээр гоо сайхны брэндийн бүтээгдэхүүний эргэлт нь дэлхий даяар 12.5 тэрбум доллараар үнэлэгддэг тус оронд энэхүү хөдөлгөөн нь сонирхол татахуйц хувьсал авчирчээ.

Ча одоо гоо сайхны хэрэглээнд сардаа 4000 вон л зарцуулах болсон ба ихэвчлэн уруулын өнгөлөгч, арьсны чийгшүүлэгч авахад зарцуулдаг. Тэрээр youtube-ийн платформыг ашиглан феминист хөдөлгөөний талаар хүмүүст сурталчилах болсон байна. Өмнөд Солонгост тогтсон стандартын дагуу эмэгтэйчүүд том нүдтэй, өндөр хамартай, цагаан царайтай, интоорын өнгөтэй уруул, туранхай хөл, жижиг царайтай байхыг “хөөрхөн”-нд тооцдог учраас энэхүү дүр төрхийг бүрдүүлэхийн тулд эмэгтэйчүүд маш их зүтгэл гаргадаг.

Гэсэн хэдий ч өнгөрсөн хэдэн сард эмэгтэйчүүд сошиал ертөнцөөр гоо сайхны бүтээгдэхүүнээ устган, нийгэмд тогтсон үзэл баримтлалаас татгалзаж байгаагаа харуулах болжээ. Эмэгтэйчүүдийн зарим нь өнгөрсөн хугацаанд нүүрний будаггүй гадагшаа гарахаас санаа зовдог байсан бол одоо тэд илүү их эрх чөлөөг мэдрэх болсон тухайгаа хуваалцсан байна.

Феминист хөдөлгөөний үр дүнд эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэнээр Солонгосын гоо сайхны брэндийн борлуулалт буурах хандлага ажиглагдсан гэнэ. Мэргэжилтэний хэлсэнээр хөдөлгөөн нь эмэгтэйчүүд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс татгалзаад зогсохгүй, нийгэмд эрэгтэйчүүдээс хараат бус байдлыг дэмжих зорилго агуулж байгаа гэжээ.