ОХУ-ын газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов гардан авлаа. Хоёр жилд нэг удаа олгогддог уг шагналыг Азиас хоёрдахь удаагаа манай улсын эрдэмтэн хүртэж байгаа нь энэ юм. Шагналыг  ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид гардуулав. Шагнал гардуулах үеэр Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготовтой ярилцлаа. Академич  Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм. 

Академич Д.Доржготовын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт:

  • Монгол орны бүх нутгийг хамарсан хөрсний хээрийн судалгаа хийж “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож (1974) хэвлүүлсэн ба түүнээс хойш ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг арга зүйн шинэлэг түвшинд ахин боловсруулж хэвлүүлсэн (1980) төдийгүй сансраас авсан фотоматериалыг анх удаа хөрсний зураглалын судалгаанд ашиглан “Монгол орны хөрс ашиглалтын 1:1000000 масштабтай зураг” зохиож хэвлүүлсэн нь (1981) шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой содон бүтээл болсон юм.
  • Эдгээр зургуудыг үндэслэн сургалт, танин мэдэхүйн зориулалтаар Монгол орны хөрсний 1:2500000, 1:3000000, 1:5000000, 1:500000 масштабтай зургууд болон хөрсний ялзмагжилт, давсжилт, урвалын орчин, эвдрэл, доройтол, чулуурхаг шинж, агроүйлдвэрлэлийн бүлэглэл  зургуудыг зохиож нийтийн хүртээл болгожээ. Ийнхүү тус оронд газрын хөрснй жижиг масштабын зураглалын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэжээ.
  • Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон хими-физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо, ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж “Монгол орны хөрсний ангилал зүй” (1986), “Монгол орны хөрс” (2003) зэрэг суурь бүтээлүүд туурвиснаар тус орны хөрсний гарал үүсэл, ангилал, систематик (хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл тус бүрийн) тодорхойлолтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ. Хөрсний олон хэв шинж, дэд хэв шинж, төрөл, зүйлийг шинээр ялган тодорхойлсон байна. 
  • Монгол орны нутаг дээрх хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалт, нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлж хөрс-газарзүйн 4 шатлалттай (их муж, бүс, муж, тойрог бүхий) мужлалт боловсруулж нэгж тус бүрийн тодорхойлолтыг өгчээ. Тойргуудыг ялган тодорхойлохдоо бэсрэг хотгор гүдгэрийн төрх байдлаас голчлон шалтгаалах хөрсөн бүрхэвчийн бүтцийн ялгааг гол үзүүлэлт болгон авсан нь мужлалтын аргазүйд нэвтрүүлсэн цоо шинэ хандлага байлаа. 
  • Монгол орны хөрсний тархалтын өвөрмөц зүй тогтлыг илрүүлж уулт-өргөргийн ба өргөрөгийн бүсүүдийг ялгахын зэрэгцээ уулын босоо бүсшилийн 4 хэвшинж болон ялангуяа хотгорын бүсшилийг ялган тогтоосон нь шинжлэх ухаанд шинэлэг зүйл болсон юм. 
  • Монгол орны хөрсний нөөц хэмжээг улс болон аймаг тус бүрээр тооцоолон гаргаж, хөрсний чанарын үнэлгээг сум бүрээр баллын системээр харьцуулан хийсэн нь энэ чиглэлийн анхны ажил болсон байна. 
  • “Монгол Улсын Үндэсний Атлас” зохиох редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж 1990 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын үндэсний атласын” редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2009 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндэсний Атлас”-ын ерөнхий редактораар тус тус ажиллаж өөрийн орны ард иргэдэд төдийгүй Дэлхий дахинд Тусгаар тогтносон Монгол Улсаа таниулан сурталчилсан энэхүү түүхэн бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон билээ. Мөн 2009 онд хэвлэгдсэн “Монголын Үндэсний нэвтэрхий толь” 3 боть томоохон бүтээлийн редакцийн бүрэлдэхүүнд ажилласныг тэмдэглэхгүй байж болмооргүй юм.