"Wise Mind, Open Mind: Finding Purpose and Meaning in Times of Crisis, Loss, and Change" буюу "Мэргэн ухаан, нээлттэй ухаан: Хямрал, гашуудал, өөрчлөлтийн үед зорилго, утга учраа олохуй" номын зохиолч, сэтгэл засалч Роналд А. Александр "Шаналсан зүрх хүний бие махбодод гаргадаг өөрчлөлтийг хүмүүс нэг их анзаардаггүй" хэмээлээ. 

"Орондоо ороод ганцаархнаа юм шиг санагдаж, энэ хорвоогоос тасарсан юм шиг санагдаж байвал та ганцаараа биш. Шаналсан зүрх таныг амьдралын жолоогоо алдсан юм шиг мэдрэмж төрүүлнэ. Уйлах, мэгших, ганцаардах бол энүүхэнд. Гэхдээ үүнээс цаана бие махбодод ч нөлөөлдгийг та мэдэх хэрэгтэй" гэж Роналд зөвлөв.

Зүрх шархлахад хамгийн түрүүнд нойргүйддэг. Энэ нь хүнийг унтуулдаг биологийн процессыг үгүй хийдгээс үүдэлтэй. Сэтгэл зовних, зүрх дагжих нь ихэсдэг болохоор тархиа бодлоос чөлөөлж, унтрааж чаддаггүй. Тэр ч бүү хэл зарим нөхцөлд шаналал зүрхний шигдээстэй ижил нөлөө үзүүлдэг. Тодруулбал, Такоцубо кардиомиопатия гэх зүрхний шигдээстэй адилхан ч богино хугацаанд үргэлжилдэг, стрессээс үүдэлтэй шинж тэмдэг үүсдэг байна. 

Зүрхний шигдээсээр эмнэлэгт хандсан хүмүүсийн 1-2 хувь нь шаналснаас болсон байдаг тухай Нью Йоркийн их сургуулийн Лангон эрүүл мэндийн төвийн зүрх судасны эмч Хармони Рейнолдс хэллээ. Сэтгэл шаналсан үед зүрхний булчингийн үйл ажиллагаа хэвийн бус болдог. Гэвч хэсэг хугацааны дараа эргэж хэвийн байдалд ордог аж. Нэг зүйлийг санах хэрэгтэй, шаналсан хүн зүрх судасны өвчин тусах, шигдээс болох эрсдэлтэй болж үлддэг байна. 

Эрсдэлтэй байгаа биз. Тиймээс таныг тайвшруулж, сэтгэлийг тань сэргээдэг зүйлийг олж хийх хэрэгтэй. Согтууруулах ундаа ууж, тамхи татаж, хэт их, хэт бага идэх нь дараа дараагийн өвчний үндэс болох тул муу зуршлаар түр тайвшрах гэсний хэрэггүй. Үүний оронд бясалгал хийж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, сошиал медиад өнгөрөөх цагаа багасгаж, найз нөхөдтэйгөө уулзаж, ном уншвал илүү үр дүнтэй. 

Шаналсан үедээ алхах, байгалтай ойр байх, голын урсгалыг харж суувал зүрх сэтгэл эдгэх нь хурдан байдгийг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Хүндхэн салалтыг давах 9 арга